Categories
мэдээ улс-төр

“Засгийн газрын хэрэг эрхлэх газарт эрх мэдлийг төвлөрүүлсэн хуулийн төсөл болжээ” гэж АН-ын бүлэг үзжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт нь хэт улстөржсөн байгааг тэд онцлов.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төрийн албаны зөвлөлийг үгүйсгэсэн хууль болж байна. ЗГХЭГ-т эрх мэдлийг төвлөрүүлсэн нь улстөржсөн үйлдэл юм. Төрийн албанд орох эрх нь бүх иргэнд нээлттэй байх ёстой. Шинээр сургууль төгссөн мэргэжил боловсролтой боловсон хүчнийг төрийн албанд ороход нь саад учруулах заалтууд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн парламентын үед өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн төсөл сайн, чамбай болсон байсан. Одоогийн хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан байсан төрийн албан хаагчдыг цахим бүртгэлтэй болгох заалт байхгүй байна. Үндсэндээ ЗГХЭГ улс төрийн байгууллага болж хувирах нөхцөл бүрдүүлсэн төсөл болжээ. Төрийн албаны зөвлөл Үндсэн хуулийн цэцтэй адил байгууллага байх ёстой” гэлээ.

2016 оны ээлжит сонгуулиас хойш төрийн албанд 22235 хүн солигджээ. Тодруулбал, 3100 хүн тэтгэвэрт, 6100 хүн өөр ажилд шилжиж, 7700 хүн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, 5200 хүн хууль бусаар ажлаасаа халагдсан байна. Эрх баригчид Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь дээрх томилогдсон хүмүүсээ шинэ батлагдах хуулийн хүрээнд ажилд нь үлдээх зорилго хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байгаа аж. Тиймээс энэ хуультай хамтатган УИХ-ын тогтоолыг батлах ёстой гэлээ.

Түүнчлэн төрийн албаныхан дунд аттестачлал заавал явуулах ёстой гэдгийг ч хэлсэн. Мөн улс төрийн албан тушаалтан гэдэгт ямар хүмүүс орох вэ гэдгийг дахин тодорхойлох хэрэгцээ шаардлага үүссэн хэмээн АН-ын бүлгийн дарга хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *