Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Долгорын Нямаа: Аав дайн хоёр

Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Долгорын Нямааг энэ удаад онцлон яруу найргийнхаа буланд урилаа. Тэрбээр анх төрсөн нутаг Дундговьдоо бага эмчээр томилогджээ. Ажиллаж байх хугацаандаа өөрийн явах ёстой замыг тодорхойлж Горькийн нэрэмжит Утга зохиолын сургуульд орохоор буцалтгүй шийджээ. Тэрээр хөдөө нутгаас уйгагүй хөөцөлдсөний эцэст шалгуур өндөртэй босгыг нь давж алтан Москваг үзэж байсан азтай дурсамжаа “Тэнгэрийн хаяа” номондоо оруулжээ. Түүнтэй хамт хүүхдийн зохиолч Д.Гармаа сурч байсан аж. Тэдний хөгжилтэй адал явдлууд болон амьдралд нь тохиолдсон дурсамж тэмдэглүүдийг энэ номноос унших боломжтой юм.

Д.Нямааг төрийн шагналд нэр дэвшээд байсан үед би тодорхой хүмүүсээс хоёр дурсамж олж сонссон. Олон жилийн өмнө Москвад элчин сайдын яамны ХЗЭ-ийн хорооны даргаар ажиллаж байсан О.Цэвэгдорж гэдэг хүнд Зөвлөлтийн нэрт зохиолч, сэтгүүлч К.Симонов “Дайны тухайд танай Нямаагийн “Аав дайн хоёр” шиг шүлгийг манай нэг ч яруу найрагч бичээгүй шүү” гэж ярьжээ. /Тэнгэрийн хаяа номноос/

ААВ ДАЙН ХОЁР

Аавыг минь

Дайн аваад явсан

Аав минь

Дайныг аваад явсан

Аав ч ирэхгүй

Дайн ч ирэхгүй

Аав дайн хоёр

Аль алиныгаа

Амьд үлдээгээгүй /1965 он/

ШӨНИЙН
ТАЛД АДУУ ЯНЦГААНА

Эртний домог шиг буурал тал

Эргэн тойрон чимээ алдрана

Алс замын алжаал тайлж

Аяны хүн талдаа хононо

Гүн харанхуйд тэнгэрийн заадас

Гүүн зэл шиг сунайн цайрна

Амгалан талын аяс хөндөж

Алдуурсан унага шиг од харвана

Эртний домог шиг буурал тал

Эргэн тойрон чимээ алдарна

Оддын дундаас ижлээ үзсэн юм шиг

Шөнийн талд адуу янцгаана

ТАЛЫН
ШУВУУДЫН ӨНДГӨНД СҮҮДРЭЭ БҮҮ ХҮРГЭЭРЭЙ

Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй

Ташуурын сүүдэр шүргэх төдийд үрээ тэд голдог гэнэ

Хээрийн салхины хөл дор

Хэдхэн өндөг хоцордог гэнэ

Тэнгэрт нисэх тавилангүй

Тэндээ яг төгсдөг гэнэ

Хөдөөгийн сэлүүнд өнгө хорших

Хөгжлийн утас тасардаг гэнэ

Баян талын ая эгшиг

Бас түүгээр дутдаг гэнэ

Сүр хүчит хүн танаа хүсэх минь

Сүүдрээ хямгадаж яваарай

Тайван нар тэнгэрт налайж

Тал нутагт шувууд жиргэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *