Ардчилсан намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Монгол Ардын Намаас сонгогдсон УИХ-ын гишүүн өчигдөр Ардчилсан намд концессийн хуулийн хэрэгжилт, концессийн гэрээнүүдтэй танилцсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлжээ.
Энэ талаар Ардчилсан намын гишүүн О.Магнай “Найман концессийн гэрээний асуудал яригдаж байгаа. Энэ асуудлаар МАН ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргаснаа МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүн бидэнд авчирч өгсөн.
Авчирч өгөхдөө улс орон даяар хулгай зэлгий цагаандаа гарлаа гэдэг тайлбарыг хэлсэн. МАН-ын 65 гишүүн дотор ганц нэг эх орноо бодсон хүн байдагт бид баяртай байна.
Концессийн гэрээтэй холбоотой МАН-ын өөрсдийнх нь дүгнэлтийн талаар мэдээлэл өгмөөр байна. Найман концессийн гэрээний нийт төсөвт өртөг нь 807 тэрбум төгрөгийн асуудал байгаа.
Хамгийн гол нь 2018 оны төсвийн жил хүртэл барих, шилжүүлэх төрлийн гэрээ байгуулахыг хориглох тухай тогтоолоо Ж.Эрдэнбатын Засгийн газар таван сарын дараа өөрчилж, 2020 он хүртэл төсөвт хүндрэл учруулахгүй гэдэг нэрийн дор дахин барих, шилжүүлэх концессийн гэрээ байгуулах боломжийг бий болгожээ гэдэг дүгнэлтийг хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар 2016 оны 37-р тогтоолоор 2018 оны төсвийн жил хүртэл барих, шилжүүлэх концессийн гэрээг өөрсдөө хориглосон боловч Оюу Толгой Цагаан суварга буюу МАК-тай холбоотой концессийг байгуулах зөвшөөрлийг өөрсдөө өгсөн байна.
Мөн концессийн гэрээнүүдийг бүгдийг нь цэвэр америк доллараар хийхээр тусгасан.
Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Төв банкны тухай хуулиар бүх гэрээ монгол төгрөгөөр хийгдэх ёстой гэж заасан байдаг. Гэтэл бүх эрсдлээ хамгаалж, америк доллараар гэрээ хийхээр болж.
Энэ бүх концессийн гэрээгээр 2020 онд 327.3 тэрбум төгрөг, 2021 онд 216.2 тэрбум төгрөг, 2020 оны төсөвт 540 тэрбум төгрөгийн ачаалал өгөхөөр хулгай хийх гэж байна. Тэгэхээр энэ байж боломгүй зүйл.
2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 16-р тогтоол гарсны дараа МАК-аас бусад гэрээг байгуулсан. Харин МАК-тай уг тогтоол гарахаас өмнө буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан байна.
Тэгэхээр өнөөдөр Засгийн газар Ж.Эрдэнэбат гэдэг хүний Засгийн газар биш МАК гэх хувийн компанийн Засгийн газар байгуулагдсаны баталгаа энэ.
Бид үүнийг зүгээр хараад суухгүй, холбогдох байгууллагуудад хандана. Бид Үндсэн Хуулийн Цэцээс эхлэн асуудалд хандана” гэлээ.