Асашёорюү Д.Дагвадорж эх үрсийн баярыг тохиолдуулан Манлай баатрын зээ охинд хоёр өрөө байр бэлэглэхээр болжээ.
Тодруулбал Их аварга Д.Дагвадорж Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн охин Должингийн охин Лхамжавд Дархан хотод хоёр өрөө байр бэлэглэж буйгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Д.Лхамжав нь өдгөө Дархан хотод нийтийн байранд аж төрж байна. Түүний хэрхэн амьдарч буй бичлэгийг үзээд их аварга Д.Дагвадорж “Сэтгэл эмтэрч зүрх шимшрэв. Миний шүтээн хүний үр сад ингэж явааг дөнгөж сая харлаа. Энэ эрхэм түүхэн хүний хөрөг зургийг хүсэн байж зуруулж ажлынхаа үүдэнд залсан билээ. Агуу эх орончдын үр сад ингэж явах учиргүй. Эвий минь миний эмээгээс ялгаа юу байх вэ. Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай” хэмээжээ.
Манлай баатар Ж.Дамдинсүрэн нь 100 жилийн өмнө манжийн дарлалыг эсэргүүцэн босч, Монголыг нэгтгэх их үйлсэд амь бие хайрлалгүй зүтгэж явсан эх оронч билээ.