Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар: Нийт ард түмнийхээ эрх ашгийн төлөө зүтгэнэ

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвшүүлэх болсонтой холбогдуулан тус намаас хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр нэр дэвшигч С.Ганбаатар хэлэхдээ: Дөрвөн асуудлын талаар би хариулт өгөх гэсэн юм. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч бол нам биш ард түмнийг төлөөлж сонгогддог. Би 2016 онд нам бусаар УИХ-д дэвшиж байсан. Энэ намын үзэл суртал бол зүүн төв буюу жирийн ард иргэдийн эрх ашгийг төлөөлдөг. Хоёрдугаарт, миний боловсролын асуудал яригдаж байна. Оюутолгой дээр мэтгэлцсэн хүн С.Баярцогт өндөр боловсролтой хүн. Одоо тэгвэл бид хоёрын хэн нь өндөр боловсролтой байгааг цаг хугацаа харуулж байгаа байх. Гуравдугаарт, О.Баасанхүү гишүүн намайг дэмжиж байгаа эсэх талаар хүмүүс их сонирхож байна. Өнгөрсөн хугацаанд би түүнтэй хамт зовлон жаргалаа нэгтгэж, хамтдаа зүтгэж явсан болохоор итгэж байна. Одоо түүнээс очоод асуусан ч болно. Тэр намайг дэмжиж байгаа.

Надад Монголыг аврах төлөвлөгөө байгаа. Би Н.Энхбаярыг тууштай дэмжиж сонгуульд оролцоно гэдгээ саяхан болтол илэрхийлж байсан. Өмнө нь намайг дэвших үү гэж О.Баасанхүү гишүүн асуухад “Дэвшихгүй” гэж хариулж байсан. Гэхдээ Бага чуулганаар ингэж шийдсэн учир нийт ард түмнийхээ эрх ашгийн төлөө би зүтгэнэ ээ.

Мөн МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Оюунбаатар: Манай С.Ганбаатар бол эгэл бор амьдралаас гарч ирсэн. Багадаа ээж нь нас барж олон дүү нараа гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Гадаадад хар бор ажил хийж, Монголд боловсрол эзэмшсэн. Боловсрол бол эцэг өвгөдөөс дамжсан цогц асуудал байдаг. Ганц дипломны асуудал биш шүү. 300 тэрбум ам.долларын баялагтай эх оронд төрчихөөд ядуу зүдүү амьдарч байгаа нь бидний буруу биш. Энэ бол МАНАН бүлэглэлийн буруу. Тиймээс бид түүнийг ард түмнийхээ төлөө ачаа үүрч чадна гэж бодож дэвшүүлж байгаа юм.

Энэ үеэр “О.Баасанхүү гишүүн намаасаа гарвал МАХН сонгуульд оролцох эрх байгаа юу” гэсэн сэтгүүлчийн асуултад тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан “Сонгуулийн үр дүнгээр энэ асуудал шийдэгддэг. Манай нам сонгуулиар суудал авсан нь үнэн. Тийм учраас бидэнд хүнээ дэвшүүлэх эрх хэвээр хадгалагдана. Бид энэ сонгуульд ялсны дараа О.Баасанхүү гишүүн хамтдаа баяраа тэмдэглэнэ гэдэгт итгэж байна” хэмээн хариулсан юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *