СЕХ-ны ажлын албаны дарга Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэж дууссан талаар болон сонгууль зохион байгуулах үйл явцын талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор ирэх сарын 26-нд болно. Гадаадад байгаа сонгогчдын санал өгөх өдрийг энэ сарын 10, 11-нд тогтоосон бол 1983 санал авах хэсгийн байрыг зохион байгуулсан байна. Нийт 22 аймаг, 339 сум, дүүрэгт сонгуулийн хороо байгуулагдаж, 32 улсад 45 санал өгөх салбар комисс байгуулагджээ. 23.500 орчим газар зурагт хуудас, ухуулах хуудас тавихаар тогтоож өгсөн байна. Сонгуулийн зардлыг намын хувьд 6.8 тэрбум төгрөг, нэр дэвшигчийн хувьд 3.9 тэрбум төгрөг байхаар Үндэсний аудитын газраас тогтоож өгсөн гэв.
СЕХ нэр дэвшигчдийн ирсэн материалуудыг шалгаж үзсэний дүнд СЕХ-ны хуралдаанд танилцуулснаар эхний ээлжинд МАН, АН-ын нэр дэвшигчдийг бүртгэсэн бол МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаярыг тодорхой шалтгааны улмаас татгалзсан юм.
Харин өчигдөр МАХН-аас хуулийн хугацаанд дахин нэр дэвшигчийг оруулж ирсэн. Ингээд тус намаас нэр дэвшигч С.Ганбаатарын бичиг баримтыг 23.30 минутад авч, өнөөдөр 14.00 цагаас СЕХ хуралдаанаа хийж С.Ганбаатарыг нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоол гаргаад намд нь хүргүүлсэн гэв.
Ингээд үндсэндээ гурван нэр дэвшигч тодорлоо. Санал авахаас 30 хоногийн өмнө нэр дэвшигчийн үнэмлэхийг олгох ёстой. Энэ өдөр бол тавдугаар сарын 27 буюу хагас сайн өдөр байгаа. СЕХ-ны хуралдааны шийдвэрээр АН-ын нэр дэвшигч Х.Баттулга, МАН-ын нэр дэвшигч М.Энхболд, МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар нарыг албан ёсоор бүртгэж авснаа ийнхүү мэдээллээ. С.Ганбаатарын тал дээр түүнийг МАХН-ын гишүүн өчигдөр болсон гэсэн албан бичиг ирсэн. Мөн ХҮН намаас гарсан талаарх бүх бичиг баримтыг хавсаргасан байсан гэсэн юм.
Саналын хуудсанд нэр дэвшигчдийн нэрийг УИХ дахь намынх нь суудлын тоогоор эрэмбэлж байрлуулах аж.
Өөрөөр хэлбэл УИХ-д хамгийн олон суудалтай нам болох МАН-аас нэр дэвшигч М.Энхболд дараа нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар гэсэн дарааллаар саналын хуудсанд нэр нь бичигдэх юм байна.
СЕХ-оос нэр дэвшигч нарт энэ сарын 27-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулж өгөх юм.
Саналын хуудсыг санал хураах өдрөөс 30 хоногийн өмнө хэвлэнэ гэсэн хуулийн заалттай.