Categories
мэдээ нийгэм

Шилдэг залуу мужаан Н.Эрдэнэмөнх: “Дэлхийн ур чадварын тэмцээн”-ээс медаль хүртэх зорилготой байгаа

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод 10 сард болох “Дэлхийн ур чадвар” /World skills/ олон улсын тэмцээний өмнөх сорилго – “Монгол ур чадвар” тэмцээн 2016, 2017 онуудад гурван үе шаттай болсон. Тус олон улсын тэмцээнд манай улс таван мэргэжлээр оролцохоор бүртгүүлсэн бөгөөд мужаанд Н.Эрдэнэмөнх, сантехникт Ц.Долгормаа, өрөг угсралтад Ц.Мягмарсүрэн, цахилгаанд Л.Төгөлдөр, гагнуурт Ж.Жанлав-Ойдов нар шалгараад байна. Эдгээр тамирчдыг Монгол улсын шилдэг залуу мужаан, сантехникчид хэмээн нэрлэж болно. Учир нь, Монгол орон даяар үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-д суралцагч 43 мянган хүүхдээс шилдгээр шалгарсан таван тамирчин юм. Ингээд тэдний төлөөлөл болгож, шилдэг залуу мужаан Н.Эрдэнэмөнхтэй товч ярилцлаа.

-Олон улсын тэмцээнд орох эрхээ гардан авсанд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Олон жил зүтгэж, олон улсын тэмцээний эрхээ авсандаа баяртай байна. “Монгол ур чадвар”-ын тэмцээнд нийт найман удаа оролцсон. Хоёрдугаар байрт гурван удаа орж, хоёр удаа түрүүлсэн. 2012 оноос хойш түрүүлэхийн төлөө өөрийгөө бэлдсэн гэж хэлж болно. Дунд нь хагас жил л бэлтгэлгүй завсарласан байх. 2015 онд Нармандах гэж хүүхэдтэй эцсийн шатанд шалгарч, бутархай оноогоор ялагдсан. Нармандах маань тэр жилээ Бразилд болсон ”Дэлхийн ур чадвар” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон. Энэ жил хоёр дахь удаагаа эцсийн шатанд шалгарч, түрүүлсэндээ баяртай байна.

-Тухайн үед өөртөө ямар дүгнэлт хийж байв?

-Хичээх хэрэгтэй юм байна гэж бодогдож байсан. Миний бэлтгэл жаахан тааруу, өөртөө итгэл муутай оролцсон л доо. Жаахан бэлтгэл хийсэн бол өөртөө итгэлтэй байхсан гэж боддог. Сая эцсийн шатны тэмцээнд орохын өмнө өөртөө итгэлтэй байсан. Гэхдээ мэдээж бага зэргийн айдас бол байсныг нуухгүй.

2014 онд эцсийн шатанд шалгарсан хоёр тамирчныг Солонгост 21 хоног бэлтгэл хийлгэсэн юм. Тэнд 21 хоног сурахдаа энд нэг жил сурсантай тэнцэхүйц зүйлийг мэдэж авсан. “Дэлхийн ур чадвар” тэмцээнд Өмнөд Солонгост арав оролцсоноос есөд нь медаль авч байсан улс. 2019 онд Олон улсад оролцох тамирчин нь одоо аль хэдийнэ шалгараад, бэлтгэлдээ орчихсон байгаа. Тэдний олон жилийн туршлагыг газар дээрээс нь суралцах бидэнд маш том боломж. Харин бид дотооддоо,“Дэлхийн ур чадвар” тэмцээнд ирж байсан даалгавруудыг татаж авч, бэлддэг. Эксперт багш нь оноо өгч шүүдэг. Өглөөнөөс орой хүртэл сургууль дээрээ бэлтгэл хийнэ. Шилдэг таван хүүхэд маань аравдугаар сарын тэмцээнээс өмнө Герман улс руу явна. Мужаанаар Европтоо Герман, Азидаа Өмнөд Солонгос толгой цохидог.

Өнгөрсөн удаагийн тэмцээнийг бодоход энэ жил бэлтгэл хийх нөхцөл харьцангуй сайжирсан. Тоног төхөөрөмж, материал бааз сайн. Бэлтгэлийг эрчимтэй хийх боломжтой. “Дэлхийн ур чадвар” тэмцээнд амжилттай оролцоно, медаль хүртэнэ гэсэн зорилготой байгаа.

-Энэ жил та нар эхний шатанд 3D, сүүлийн хоёр шатанд 2D загвар бүтээж өрсөлдлөө. Хэцүү даалгавар уу?
-Дэлхийн ур чадварын тэмцээн мужааны гурван төрлөөр аваргаа шалгаруулдаг. Барилга, тавилга, дотоод заслын мужаан гээд. Бид дотоод заслын мужаанаар өрсөлдөнө. Дотоод заслын даалгавар нь 2D, 3D загварын хавтан, шатан хийц, хаалга, цонх хийж өрсөлддөг юм. 570-аас дээш оноо авбал алтан медаль хүртэх болзлоо хангана. 540-өөс дээш хүрэл медаль байдаг гэсэн. 500-аас дээш оноо авбал тусгай байрт орж, дэлхийд өндөр үнэлэгдэж байна гэсэн үг. 2015 онд Монголын тамирчин Нармандах анх удаа оролцож байгаа гэхэд 480 оноо авч, өндөр амжилт үзүүлсэн.

-Танай удамд гарын дүйтэй хүн бий юу. Анхны багшийнхаа тухай яриач?
-Аав маань миний анхны багш. Гарын дүйтэй хүн л дээ. Би 12 наснаасаа сийлбэр хийсэн. Сийлбэрт хоббитой. Би Хөвсгөлийн Жаргалант сумынх. Сийлбэрчин болно гээд Дарханд ирсэн чинь тийм анги байхгүй болохоор нь ойролцоо гээд мужааны ангид элсэж орсон. 2014 онд Дарханаас анх удаа ирж тэмцээнд оролцоход Бат-Орших маань эхний тэмцээнд хоёрт ороод, Нармандах тэргүүлсэн. Хоёрдугаар шатанд би Нармандахтай ойролцоо амжилт үзүүлсэн. Тэгэхэд Бат-Орших гуравт орсон. Бид гурав ингэж нэг дэвжээнд олон жил уралдсан. Сая Бат-Орших бид хоёр хоёулаа үлдсэнээ мэдээгүй. Эцсийн шалгаруулалтад таарчихсан.

Нармандахыг би ялж чадаагүй ч гэсэн Нармандах, Бат-орших хоёроос давуу нэг зүйл нь би сийлбэрт дуртай. Нарийн мэдрэмж шаарддаг ажил шүү дээ. Хоббитой болохоор болох, болохгүй юм их хийдэг хүүхэд байсан. Төрийн том сийлбэрчдийн бүтээлийг хараад бахархдаг. Аав маань миний алдаа, оноог хэлж өгдөг. Багадаа СУИС-ийн сийлбэрийн ангид орно гэж мөрөөддөг байсан. “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд оролцож ирээд дахин суралцана гэж бодож байгаа. Бүтээлийн хувьд бага сага юм бий. Нэг хэсэг захиалгаар элдэв зүйл хийсэн. Тэмцээний бэлтгэлд орсноос хойш тэгж чадахаа больсон.

-Бэлтгэл хийхэд тусалж дэмждэг ямар хүмүүс байна?
-Олон хүн байна. Аав, ээж маань намайг үргэлж дэмждэг. Утсаар ярихдаа ганцхан зүйл л захина. “Миний хүү бэлтгэлээ л сайн хийгээд байгаарай. Зорилгодоо хүрээрэй” гэдэг. Миний анхны мэргэжлийн багш бол Дархан-Өргөө политехникийн коллежийн багш Д.Сумъяа. Техник технологийн дээд сургуулийн Б.Батхүү багш маань намайг үргэлж дэмждэгт талархаж явдаг. Залуу багш Гантүлхүүр, Анхаа, эксперт багш Мөнхмандах, мөн захирлууд маань намайг маш их дэмждэг. Бэлтгэл хийх боломжийг бүхий л талаар олгодог Германы хамтын ажиллагааны нийгэмлэгт баярлаж явдгаа бас хэлмээр байна. Олон улсын зөвлөх багш Эрик багш маань манай сургууль дээр багшилж, бидэнд ихийг заадаг.

-Сургуулиа төгсөөд цаашид хэрхэх тухайгаа бодсон уу?
-Би сургуулиа 2016 оны нэгдүгээр сард төгссөн. Төгсөөд гэртээ харьсан. Цэрэгт ч явчихдаг юм уу гэж бодоод, аав, ээжид хэлтэл “Өөрөө мэдэхгүй юу” гэсэн. Комиссоор орохын өмнө тэмцээний тухай дуулсан байсан болохоор сэтгэл нэг л гэгэлзээд байлаа. Тэгэхээр нь явахаа болиод гараад ирсэн. Гэтэл дараахан нь “Монгол ур чадвар” тэмцээн болох гэж байна гээд над руу утасдсан. Сургуулиа төгсөхөд Дархан-Өргөө политехникийн коллеж, Техник технологийн дээд сургуулиас хоёулангаас нь багшлах урилга авч байсан. Багшлах бодол бий. Гэхдээ өөрийн гэсэн цехтэй болоод, дуртай ажлаа хийж, кайфтай амьдрах юмсан гэж боддог.

-Бүгд л их, дээд сургууль руу зүтгэх болж. Гэтэл МСҮТ-д ажлын байрны боломж их байдаг?
-МСҮТ-д суралцагч хэн ч байсан мэргэжилдээ дуртай, өөрөө хичээлтэй, зүтгэлтэй байвал бүх боломж байгаа. Дуртай ажлаа хийж байгаа хүн хүчтэй байдаг. Мэргэжил бүхэн сайхан гэдэг дээ. Төгсөөд ажлын байр олдохгүй бол хувиараа ажиллаад явж болно. Ажлын байр зөндөө байдаг. Би төгсөөд таван компаниас ажлын санал авч байсан.

-Танд амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *