Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Бодлогоо цэгцэлж, хуулиа биелүүлбэл амьдрал сайжирна

СБД-ийн VIII хорооны иргэн Р.Лхагвасүрэн

Төрөөс явуулж байгаа мөнгөний бодлого нь ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэдэггүй, төсвийн бодлогоор зардлаа хумихын оронд албатынхаа тоог нэмэгдүүлэхийг урьтал болгодог нь ажлын байрны өсөлт удаашрах, ядмаг цалин хөлсний тогтолцооны суурь шалтгаан байсаар байна. Энэ суурь шалтгаантай зэрэгцээд хуулийн цалин хөлсийг зохицуулах механизмыг ажиллуулаагүйн улмаас ажилгүйдэл, ядуурал дорвитой буурахгүй байгаа. Хөдөлмөрийн хуулийн мэргэжлийн тарифын хэлэлцээр байгуулах, үйлдвэрлэлийн салбар, аж ахуйн нэгжид мэргэжил албан тушаалын тариф, мэргэшлийн лавлахтай байх, ашиглах заалт огт хэрэгжээгүй 18 жилийг үджээ. Хуулийг хөдөлмөрийн ба бусад яамд, ажил олгогчид ажилтны төлөөлөл болох үйлдвэрчний эвлэл хэрэгжүүлэх үүрэгтэй. Хөдөлмөрийн яам мэргэжлийн тарифын хэлэлцээрийг байгуулах, хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах тухайд ямар ч журам, заавар зөвлөмж гаргаагүй, энэ хэлэлцээрийг бүртгэдэггүй, анхаарлынхаа гадна орхисон. МҮЭ түүний салбар, мэргэжлийн холбоод энэ чиглэлд “туг барьж жагсах”, “ажил хаяна” гэж сүрдүүлэхээс өөр ямар ч үр дүн гаргаагүй. Лавлахаа хийлгэх, хэлэлцээрээ байгуулах нь тэдний ажлын арга, харин “жагсах”, “сүрдүүлэх” бол зэвсэг нь байлтай. Аргаа хэрэглэхгүй, хэрэгжүүлэхгүй байж, зэвсгээ түрүүлж барьдаг нь зөв үү. Яам, Үйлдвэрчин хоёр ийм хариуцлагагүй байх нь ажил олгогчид, түүний төлөөллийн байгууллагад аятайхан боломж гарч ирж байгаа юм. Тэд өөрсдийн тогтоосон хэмжээндээ цалин хөлсийг барих, царцаах, улмаар хөдөлмөрийн зардлаа бууруулах, ашгаа өсгөхийг л эрхэмлэх нь гарцаагүй. Эцэст нь хөдөлмөрчид ажил эрхэлсээр, ядуурлын ангал руу унасаар. Хөдөлмөрийн цалин хөлсний хүрээнд төр хоёр нүүртэй, эзэн хэт ашгийн сонирхолтой, ҮЭ-ийн гишүүд, хөдөлмөрчдийн эрх ашиг, сонирхлыг хамгаална гэсэн эрхэм зорилготой (лоозон). Энэ гурван талын эрх ашгийг уяж зангидах, уяаг султгах, чангалах, тохируулах, зохицуулах арга нь мэргэжлийн тарифын хэлэлцээр. Хөдөлмөрийн хуулиас мэргэжлийн тарифын хэлэлцээрийн тухай заалтыг хасна гэсэн санал гарч байгааг зөвшөөрч болохгүй.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *