Categories
мэдээ улс-төр

Б.Чойжилсүрэн: Банкны салбарын талаар хүмүүст буруугаар ойлгуулж болохгүй

Сангийн сайд Б.Чойжилсүрэн Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрээр өчигдөр МАН-ын бүлэг нээлттэй хуралдсан. Бүлгийн хурлаар Худалдаа хөгжлийн банк болон бусад арилжааны банкны тухай ямар нэг мэдээлэл хийгээгүй гэлээ. Учир нь нийгмийн сүлжээнд “Сангийн сайд Б.Чойжилсүрэн” гэсэн хуурамч хаягнаас ХХБ ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дампуурна гэх мэдээллийг цацсан юм

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Бүлгийн хуралдаан болоогүй байхад ийм ташаа мэдээлэл тараасан байна. Тэр тусмаа банкны салбарын тухай хүмүүст буруугаар ойлгуулж болохгүй. Яагаад гэвэл банкны салбар бол их эмзэг салбар. Худалдаа хөгжлийн банк бол манай улсын томоохон банкуудын нэг. Тиймээс тус банкыг дампуурах тухай миний нэрийг барьж гаргасан мэдээлэл бол худлаа гэдгийг хэлье.

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

Хуурамч фэйсбүүк хаяг хэн нээж, ташаа мэдээлэл явуулсныг олсон уу?

-Бид Цагдаагийн байгууллагад хандсан. Энэ талаар мэдээлэл удахгүй гарах байх. Надад ямар нэг цахим хаяг байхгүй. Сонгууль дөхөхөөр ийм хуурамч хаягаар мэдээлэл явагддаг. Тэр байх л гэж бодож байна.

-Төсвийн талаар тодруулах гэсэн юм. Автомашины татварыг хойшлуулах боломжтой юу?

-Энэ татвар тодорхой бэрхшээл үүсгэж байгаа. ОУВС-тай долоон сарын хугацаанд хэлэлцээр хийж байна. Тэдний зүгээс танай улсад онцгой албан татвар хэт доогуур байна. Олон улсад ОАТ-аас ДНБ-ий найман хувийг бүрдүүлдэг гэсэн. Тиймээс бид зуун хувь хөнгөлдөг байсныг 50 хувь болгосон.

Импортлогчдын хувьд татвар нэмж болно, гэхдээ хугацааг хойшлуулж өгөх боломж байгаа юу гэж байгаа?

– Бид Төрийн ордонд хоёрдугаар сарын 16-ны өдөр ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэвлэлийн хурал хийж олон нийтэд энэ тухай мэдэгдэж байсныг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Тэгэхэд тавдугаар сарын 1-нээс татвар нэмэгдэнэ гэдгийг хэлж байсан. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх энэ долоон төрлийн татвар бол ОУВС-ийн шаардсан зүйл. Энэ байгууллага ганцаар шийддэггүй. Энэ байгууллагад 182 орон гишүүнчлэлтэй байдаг учраас бүгдээрэнд нь монголын дотоод зовонг тоочих боломж байхгүй. Захирлуудын зөвлөлд 24 хүн хуралддаг том байгууллага шүү дээ.

Гуравдугаар сарын 21-нд Хөгжлийн банкны 580 сая долларыг төлөх ёстой байсан. Ингээд бид ОУВС-д хандсан. Энэхүү санд орохгүй бол Монгол Улс дампуурах байсан. Тиймээс бид зайлшгүй тусламж авч тавьсан шаардлагуудыг биелүүлэхээс өөр аргагүй болсон.

Харин энэ асуудлаар өнөөдөр Монголбанкнаас 17:30 цагт шуурхай хурал зарлажээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *