Нярай хүүхдийн хоол хүнсийг зохицуулсан хууль батлагдчихлаа. Өөрөөр хэлбэл, 0-6 сартай хүүхдээ зөвхөн эхийн сүүгээр хооллоно. Үгүй бол торгуулахаас эхлээд эрүүгийн хариуцлага хүлээж мэдэхээр болж байна. Өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэсэн энэхүү хууль Эрүү, зөрчил гээд томоохон хуулиудын сүүдэрт дарагдсан ч байж мэднэ. Ямартаа ч энгийн иргэд байтугай эрхэм гишүүд ч анзаарч, ач холбогдол өгсөнгүй. Тал бүрийн төлөөлөлд ч танилцуулж хэлэлцүүлсэнгүй. Ганц нэг эмэгтэй гишүүн цөөн хэдэн санал хэлж, байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулж зогсов.
Хөхний сүү орлуулагчийг дэлгүүрт зарахгүй
Энэ хуулийн эцсийн зорилго нь хүүхэд зургаан сараас хоёр нас хүртлээ заавал эхийн сүү хөхөх ёстойг иргэдэд таниулж, улмаар хуульчилж өгч байгаа юм. Өөр ямар ч нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Тухайлбал, 2010 онд ээжүүдийн 67 хувь нь хүүхдээ хөхүүлдэг байсан бол 2013 онд 47 хувь болж буурсан, нярайн нэмэлт бүтээгдэхүүний импорт 1997 онтой харьцуулахад ес дахин нэмэгдсэн гэх тоон мэдээлэлд үндэслэжээ. Мөн Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль батлагдаад 11 жил болсон ч хуульд нэмэлт, өөрчлөлт хийгдээгүйн дээр зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй болсон байна. Тоочвол, хуулийн нэр, хэрэглэгдэж байгаа нэршил, тайлбар буруу томьёологдсон, оролцогч талуудын харилцааг бүрэн тусгаагүй орхигдсон, хуульд дурдагдсан бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт өнөөгийн мэдээллийн технологийн хөгжлийг гүйцэхгүй болсон, нэгээс дээш насны балчир хүүхдийн хоол, ундтай холбогдох харилцаа зохицуулалтгүй орхигдсон, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул зэргээс үндэслэн хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай болсон аж.