Categories
мэдээ цаг-үе

Л.Лантуу: Улс төрийн товчооны гишүүнээс огцрохдоо 300 төгрөгтэй үлдэж байлаа

Хар азаргын нурууны “Хаан” хайрхан буюу Бурхан буудай уулын өвөр, Намилзахын голын хөвөөнөө нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндорж, Хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв, Нийслэлийн МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн Лхамсүрэнгийн Лантуу, гавьяат жүжигчин Борын Ирина, Төрийн соёрхолт Баасанцогтын Дүгэрсүрэн тэргүүтэй алдартнууд манцуйдаа тарвалзан өндийсөн байдаг. Яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайхан Хар азаргын нурууг нүдэнд харагдтал дүрслэн шүлэглэсэн нь бий. Тэр шүлгийн мөртүүдийг бодохын зуурт Алтайн сүрлэг уулсын дунд өссөн хүмүүс эрэмгий байхаас яахав. Уулын оргил руугаа тэмцэх мэт амьдралд үргэлж тэмүүлэлгүй яахав гэх бодол хаврын сүүл сарын хонгор салхитай хамт хацар илбэх мэт. Ийн бодож явсаар хүүхдийн 100-д ирлээ. Хөнгөн санаашрал тээн явсаар очиж буй айл маань төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Лхамсүрэнгийн Лантуугийнх юм. Байрных нь гадаа ирлээ. Хүү, охин хоёр машин угааж зогсонгоо “Борогчуу наад хувцас хунар чинь бөөн шороо болчихлоо. Гэртээ ор л доо” хэмээн хүү өгүүлэв. Өнөө Борогчуу нэрт хүү бидний өмнүүр хар гүйхээрээ явсаар байрны орцоор ороод явчихлаа. Араас нь орлоо, яг л бидний зорьж яваа айлын үүдэнд ирээд хаалга хөнгөн цохив. Ард нь ирж зогссон биднийг харснаа “Өвөөгийн зургийг авах хүмүүс мөн үү” гээд хаалгаар гүйх шахам ороод “Эмээ нөгөө зураг авах хүмүүс ирлээ” хэмээн шаазгай шагшрах мэт хэлээд цаад өрөө рүү чавхдаад орчихлоо. “За, сайн явцгааж байна уу” хэмээн угтаж авсан эрхэм бол Л.Лантуу гуайн 60 жил ханилсан гэргий Бэгзийн Мягмар байлаа. Нэгэн жарныг хамтдаа туулсан Л.Лантуу, Б.Мягмар нарынд саатсанаа хүргэе.

Лантуу гуай бичгийн өрөөнөө суух бөгөөд “Өдрийн сонин”, “Монголын Үнэн” сонин хоёрыг дэлгэжээ. Том хүү Дамдинсүрэнтэйгээ их л чухал яриа өрнүүлж буй бололтой. Долоо хоног бүрийн бямба гаригт тэдний хүүхдүүд аав, ээж дээрээ ирж хоол цай идэж, гадаа сайхан байвал салхинд гарах мэтээр нэг өдрийг “бужигнаж” өнгөрүүлдэг гэнэ. Өнөө Борогчуу бол ганцаараа л бараг хоёр хөгшний гурван өрөө байрыг “эргүүлэх” дөхөх аж. Л.Лантуу гуай Говь-Алтай аймгийн Халиун сум Бурхан буудай уулын хормой Хүрэн толгойн Дэрсний хаяа хэмээх газар 1938 онд Халтарын Лхамсүрэнгийнд төржээ. Тэрбээр багадаа Бурхан буудай уулынхаа өвөрт хургаа хариулж, аавынхаа тариан талбайд очиж зэрлэг зулгаахаас эхлээд аавдаа тусална. Түүнийг багад дэлхийн хоёрдугаар дайн болж байсан тул юм бүхэн хомс байсан цаг. Бидний багын амьдрал үнэхээр хүнд байсан. Одоогийнхтой зүйрлэх юм биш гэв. Ээж талаасаа Лантуу гуай тайж угсаатай. Өвөө нь Аюурзана гэж тайж байсан бөгөөд өвөөгийнх нь аав Дамдин гэж тодорхой хэмжээний албадтай тайж байсан гэнэ. Лантуу гуай 1946 онд бага сургуулийн босго алхаж эрдэм номын мөр хөөсөн байдаг. Тухайн үед унших ном байдаггүй байсан тул уншихын их хүслэнтэй ч түүндээ чөдөрлөгдөн явдаг асан цаг. Хийсч яваад чулуунд тогтсон сонины тасархай олж аваад тунчиг баярладаг байж.

Хүү Дамдинсүрэн, гэргий Б.Мягмар нарт “Бурхан буудай” уулынхаа талаар ярьж буй нь

Лантуу гуайг зургадугаар ангид байхад анх удаа сурах бичгүүд сургуульд нь ирж түүнийг нь зөөж явах замдаа уншиж явдаг байсан гэх. Будгийн харандаа олдохгүй тул агент ирэхэд гурван хонины арьсаар ганц ширхэг харандаа авна. Бэх байхгүй тул тогооны хөөг ёотонгийн хэлтэрхийтэй усанд хольж бэх хийгээд нарийн саваа модоо түүндээ дүрж хичээл хийдэг байсан талаараа өгүүлэв. Цагаан цуу ямбуугаар цамц маягийн зүйл хийж өмсөхийн дээр хонины нэхий дээлээ нүцгэн биен дээрээ шууд өмсчихдөг байсан тийм л цаг аж. Эгч нь Ховдын Сувилагчийн сургуульд оччихоод дүүдээ хуучин шар дурдан тэрлэг авч ирэхэд нь түүнийг өмсөөд жигтэйхэн баярлаж байсан гэнэ. Дотуур байранд байхад өглөөдөө тал зүсэм талх, хоёр ёотон, өдөр нь шар будаатай шөл, оройдоо тал зүсэм талх хоёр ёотонгоо идээд л болдог байж. Өсч дэвжиж байгаа хүүхдүүд цадахгүй ээ, энэ ач зээгээ харж байхад хэд хэдэн аягаар нь иддэг насан дээрээ ийм л явлаа гэв. Айлууд баруун хаяагаар харахад зүүн хаяаны цаад тал нь нэвт харагддаг, зүүнээсээ баруун тал нь нэвт харагддаг тийм л гэрт жилийн дөрвөн улирлыг өнгөрүүлдэг нэг үгээр хэлбэл “чанга” цагийн хүүхдүүд ингэж л өсчээ.

Бидний яриа ийн өрнөж байх үед гэргий Б.Мягмар бичгийн өрөөнд хэдэнтээ орж ирэн “Лантуу, наад хүүхдүүдийг цай уулгаатах аа, дараа нь ярь” хэмээв. Цайны өрөө рүү явах зуур том хүү Дамдинсүрэн нь “Аав маань Жамбын Батмөнх гуайтай хамт ажиллаж байсан хүн. Одоогийн ярьдгаар бол Батмөнх гуайн хүн юм даа” гэлээ. Цайны ширээний ард эхэлсэн бидний яриа бичгийн өрөөнд үргэлжлэв. Лантуу гуай өрөөнийхөө нэг ханыг бүхэлд нь номын сан болгожээ. Монгол, орос хэл дээрх улс төрийн номоос эхлээд ховор сонин номууд ч харагдах аж. Тэрбээр хүрэн бичгийн ширээнийхээ ард өдрийг өнгөрүүлдэг бололтой юм. Ширээний дээд талд нь харин төрсөн нутгаас нь болон нам, хамт олноос нь түүнд хадгалуулсан өргөмжлөлүүд байх. Лантуу гуайн аав Лхамсүрэн нэг метр 80 см өндөр биерхүү хүн байж. Аавынхаа 42 настайд нь төрсөн тул амь шигээ хайрлах нь гарцаагүй. Аав, ээжээс наймуулаа байсан ч нэг нь уушгины хатгалгааны улмаас тэнгэр болсон тул долуулаа олон оныг хамт туулсан байна. Манай Бурхан буудай уулын таван амнаас ус урсана. Ус бүр нь рашаан шүү дээ. Нутагтаа очиж чадалгүй хоёр жил болчихлоо хэмээн хананд өлгөөтэй нутгийнхаа уулсын зургийг хараад хэсэг чимээгүй болчихлоо.

Ким Ир Сенийг Монголд айлчлахад Л.Лантуу гуай Мөнхжаргал даргын хамт хүлээн авч байсан бол Паул Кастротай хамт олон улсын хуралд тохой нийлүүлэн сууж байсан гээд дэлхийн алдартнуудтай яриа хөөрөө дэлгэж суусан нь олонтаа. Хуучин хотын намын хорооны I дарга гэдэг чинь Төв хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн товчоооны гишүүн тул социалист орнуудад маш том албан тушаал байжээ. Гэсэн ч өнөөдөр Л.Лантуу гуай гэргийн хамт тэтгэврээрээ л амьдардаг юм байна. Зарим үед тэтгэврээ зээлж аваад зарцуулдаг аж. Бүхий л насаараа дарга хийсэн хүн гэхэд тэтгэвэр нь хамгийн багаар шахам тогтоогдож, 2011 онд зүрхний хүнд хагалгаанд орохдоо байраа барьцаанд тавьж байсан талаар Дамдинсүрэн өгүүлэв. Аав, ээж хоёр намайг ингэж ярьж байхыг мэдэх юм бол уурлах байх шүү. Сая ээж “Хажуугийн дэлгүүрээс мах зээлчихье” гээд сууж байсан. Хуучин улс төрийн товчоонд ажиллаж байсан хүмүүс бүгд ингэж амьдарч байна. Бодит үнэн энэ юм чинь яахав дээ гээд цайгаа оочив. Аав, ээж минь ард түмэнтэйгээ адилхан ингээд л амьдарч байна. Залуу цагтаа хэчнээн зүйл хийж, бүтээв. Гэхдээ миний аав, ээж хэнээс ч юм гуйж яваагүй юм гэлээ. Б.Мягмар гуай “Дамдинсүрэн минь юу л яриад байна даа, наад цайгаа ууцгаа миний хүүхдүүд” хэмээн уур савссан халуун мах, халуун савтай цай дөхүүлэв.

Лантуу гуайн ажил гэж цаг наргүй байж. Хүүхдүүдээ унтаж байхад нь шөнөөр ирж, өглөө эртээ гэгч нь ажилдаа явдаг байсан тул хүүхдүүд нь “Аав байгаа юм уу” хэмээн асуух нь жирийн үзэгдэл шахуу байсан гэнэ. Энэ яриа хөөрөөтэй Дамдинсүрэн бол МСДН-ыг Ардчилсан намтай нэгдсэний дараа “Шинэ социал-демократ нам”-ыг байгуулан даргаар нь ажиллаж явсан гэдгийг зарим уншигчид мэдэх байх. Түүний хувьд одоо Монголын үлгэр, туульс, уламжлалт ёс заншил судалдаг юм билээ. Тэрбээр “Аавыг болон аавын үеийнхнийг харж байхад техникч, монтёр гээд бүх шат дамжлагаар явсны эцэст төрийн хүн болдог байлаа. Одоогийнх шиг гудамжнаас гишүүн, сайд болдоггүй байсан юм” гэлээ.

“Таны нэрэнд ямар нэгэн учир байна уу” гэхэд “Ээж төрөх гээд гэрээ тойрч байгаад унагачихсан байхгүй юу. Хүйг маань дараад бооход цус алдаад хоёр алга дүүрэн цус гарчихсан байсан гэдэг. Тэгээд аав минь надад “Лантуу шиг мундаг бөх болох нь” гээд Лантуу гээд нэр өгсөн юм билээ” гэв. 2011 онд Лантуу гуай Бээжинд 19 цаг зүрхний хагалгаанд ороход Бээжинд түр амьдарч байсан зээ дүүгээрээ орчуулагч хийлгээд хамт байж байхад сувилагч нь нэг юм яриад байхаар нь юу гэж байна вэ гэж асуутал “Лантуу гэдэг чинь хятад үг. Лантуу гэдгийг орчуулаад үзвэл “Хөх чоно” гэдэг утгатай” гэдгийг нь тайлбарлажээ. Түүний нэрнээс эхлээд туулсан амьдрал нь “Хөх чоно”-ын амьдрал мэт юм билээ л дээ. Нэг үгээр хэлбэл Улс төрийн товчооны “Хөх чоно” болж таарч байгаа юм.

Лантуу гуай ийн ярьсан юм. “Монгол Улс Солонгос шиг биеэ даагаад хөгжинө гэж байхгүй. Заавал нэг оронтой нарийн түншиж байж хөгжинө. Орос, Хятад гэж дэлхийн улс төр, эдийн засгийг тодорхойлдог хоёр том гүрэн байна. Үнэндээ Хятадаас дэлхий нийт айж байна. Удахгүй Оросын ард түмэн тун сайхан болно. Асар их баялагтай, 140 сая хүнтэй орон байхгүй юу. Хоёр улс ярьж байгаад хилээ хаачихвал яах вэ. Энэ хоёр гүрэн яриад хоорондоо тохирч байсан үе бий. 1915 оны гэрээгээр цагаан хааны Орос, Чанкайши хоёр яриад Монголын автономитыг устгая. Автономит эдэнд дэмий. Хятадын харьяа гээд тохирсон байхгүй юу. Тэгээд 1915-1921 оны хооронд автономи устсан. Санаж байгаа бол Каспаров “Монголыг Хятадад худалдчихъя” гэж байсан. Манай улс чинь 11 миллиард ам.долларын өртэй байлаа шүү дээ. Бид жаахан онгироод ирвэл хаая, бооё гэх юм бол тэгээд л гүйцээ. Энэ хоёр гүрний хилийг давж Монголыг аварч байдаг орон гэж энэ дэлхийд байхгүй. Америк өчүүхэн Монголоос болоод хоёр том гүрэнтэй байлдана гэж байхгүй л дээ. Яахав, жаахан хориг арга хэмжээ авна биз. Гэхдээ Хятад, Орос ямар ч хоригт хориглогдохгүй. Тиймээс хоёр гүрэнтэй ямар ч нөхцөлд хамгийн сайн сайхан харьцаатай байх ёстой. Гэтэл манайхан энэ хоёр гүрнийг л давж гүйчих гээд байх юм” гээд санаа алдан суулаа.

Л.Лантуу хүү Дамдинсүрэн, зээ Борогчуу нарын хамт

Мөн тэрбээр “Хуучин Улс төрийн товчоо зөвхөн бодлого боловсруулах үүрэгтэй байсан. Намын төв хорооны Улс төрийн товчооны нэг ч тогтоол тэр яаманд тэдэн төгрөг хуваарил гэж байгаагүй. Харин бодлогын шинж чанартай тогтоол гардаг байсан бөгөөд хэрэв тийм тогтоол гарвал заавал Сайд нарын зөвлөлтэй хамтарсан тогтоол гардаг. Өнөөдөр өндөр сайхан байшин олон л баригдаж байна. Нүдээр харах тал дээр гоё болсон. Гэхдээ иргэдийн амьдрал сайжирсан уу. Үгүй шүү дээ. Бүх банк гадны хөрөнгөтнүүдийн гарч орчихсон. Хуучин бодлогоо барьж явдаг байлаа. Боловсон хүчний бодлогыг Улс төрийн товчоо хариуцна. Түүнээс биш сайд нарын зөвлөл мэддэггүй” гэв.

Бидний яриа 1990 оны улс төрийн байдал руу хэвийлээ. Нар ч хэвийж эхлэв. 1990 оны өлсгөлөн зарлах үеэр Улс төрийн товчоо хуралдаж Ж.Батмөнх гуай “Ардчилсан холбооныхны тулган шаардах бичигт хэн хариу өгөх вэ гэснээ Намсрай өг” гэтэл Н.Намсрай “Яагаад нохойд барьдаг мод шиг муу юм болохоор намаа барьж өгдөг хүмүүс вэ. Энэ хүмүүс юуны тухай өлсгөлөн зарлаад байгаа юм. Улс төрийн товчооны гишүүдийн тоо цөөн байна гээд байгаа юм уу. Товчоо бага хуралдлаа гээд байгаа юм уу. Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын тоо олон байна гээд байгаа юм уу. Эсвэл иргэдийн амьдрал дорой байна гээд байгаа юм уу. Хэрэв тэгээд байгаа юм бол улс орныг санаанд нь хүртэл хөгжүүлэх талаар хэн ямар асуудал оруулж ирсэн бэ. Яагаад тэр хүмүүс улс орны хөгжилтэй холбоотой ямар ч санал оруулж ирэхгүй мөртлөө тэр хүмүүс яахаараа дангаараа үлддэг юм” гээд Сайд нарын зөвлөлийг буруутгах маягтай хэлсэн. Тэгсэн Ж.Батмөнх дарга Намын төв хорооны нарийн бичгийн дарга Балхаажав хариу өг гэтэл “Би Улс төрийн товчооны гишүүн биш” гээд өөрийгөө аваад гарчихдаг юм. “Тэгвэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр гарч байгаа зүйлд нөхөр Лантуу хариу өг” гээд над дээр бүх зүйл буучихав. Ж.Батмөнх даргын хамгийн ойрын хоёр хүн татгалзчихсан юм. Нэг талаасаа би Батмөнх гуайг өрөвдсөн. Тэгээд бид С.Зориг, Ц.Элбэгдорж, “малыш” Энхтүвшин, Д.Нинж нартай уулзсан. Тэд 1990 оны гуравдугаар сард “Банкийг Засгийн газрын харьяанаас гаргаж, Их хуралд өг. Парламентын хоёр танхимтай бай. Улс төрийн товчоо огцор. Ард түмний Их хурал байгуул” гэсэн шаардлагын хариуг өгсөн” гэлээ.

АИХ-ын тэргүүлэгчдийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Ц.Готов гуай, аюулаас хамгаалахын А.Жамсранжав, хотын дарга С.Мөнхжаргал, Лантуу даргын хамт С.Зориг, Ц.Элбэгдорж нарт “Улс төрийн товчоог огцруулах асуудлыг намын төв хорооны бүгд хурлаар хэлэлцэж байж шийднэ. АИХ-ын түр хороог АИХ-аар шийднэ. Удахгүй хуралдана. Хэдий хэмжээний мөнгө хэвлэх вэ гэдгийг ярилцахад болохгүй зүйл биш” гэх маягийн хариу өгчээ. “Надад үүнээс өөр хариу өгөх бололцоо байгаагүй юм” хэмээн Л.Лантуу гуай хэлсэн юм. Улс төрийн товчоо огцрохыг нэг хүн шийдэхгүй нь тодорхой л доо. С.Зориг Лантуу даргатай уулзахад “Та бүхний өмнө Хотын намын хорооны хаалга нээлттэй. Дуртай цагтаа асуудлаа ярьцгааж байя. Бидний цөөхөн монголчууд хөдөлгөөн энэ тэр үүсгэж юу гэхэв. Хэл амаа ололцъё” гэжээ. Яриа дууссаны дараа өрөөндөө яваад ортол ширээн дээрх утас нь зогсоо зайгүй дуугараад байхаар нь автал ахмадууд “Улаанбаатар хотын намын хорооны хаалгыг чи мэддэг юм уу” гээд л загнажээ.

Ийнхүү бид яриагаа үргэлжлүүлэхийн сацуу ховор сонин зургууд эргүүлж суулаа. Б.Мягмар гуай “Лантуугийн олон сайхан зургийг нэг сэтгүүлч хүүхэн авч яваад эргүүлж өгөөгүй юм” гэхэд Лантуу гуай “Одоо яахав дээ, ингэж ярилаа гээд аваад ирэх биш” хэмээн инээмсэглэв. Лантуу гуайн гэр гайхуулж яриад байхаар гял цал үнэт эдлэл энэ тэр гэх зүйлгүй аж. Жирийн л нэг айл юм. Нэг өрөөндөө зурагттай, нэг өрөөндөө ортой, хувцасны шкаф, бурхан тахил, ханаа чимэглэсэн зураг, ач зээ нарынх нь фото, хатгамал тэргүүтэн байх. Б.Мягмар гуай “Чех маягийн салат хийлээ” гэсээр таваг дүүрэн салат барин ирлээ. “Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх дарга нараас эхлээд Улс төрийн товчооныхон ер нь ямархуу хүмүүс байсан бэ” гэхэд Лантуу гуай “Аймхай хүмүүс байсан юм. Зоримог шийдвэр гаргах тал дээрээ тиймхэн. Үүнийг нь би ардчилсан холбооныхны шахалтад өгсөн хариултаас ингэж дүгнэдэг л дээ. Түүнээс биш хийж бүтээсэн ажлаараа, удирдлагын түвшинд мундаг хүмүүс байсан. Ер нь бол амархан дүгнэж болмооргүй юм шүү” гэлээ. П.Очирбат намаасаа урваж Ерөнхийлөгч, Д.Бямбасүрэн Ерөнхий сайд болж байсан гэв.

Улс төрийн товчоо огцроход бүгд Хурлын тэргүүлэгчдээр хэнийг сонгох вэ гэсэн яриа өрнөхөд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсан О.Сүрэн, Улс төрийн товчооны орлогч, нарийн бичгийн дарга байсан Б.Лхамсүрэн нар бие биенээсээ түрүүлж суудлаасаа шоволзож байжээ. Тэр үед ч мөн “амбиц” их байж. Улс төрийн товчоо огцрох үед тэрбээр Н.Намсрай даргад “Бид яахав, огцорлоо. Энэ төрийн жолоог хэнд өгөх вэ” гэтэл “Наад үгээ Батмөнх даргад хэл” гэж. Мань эр ч шууд л “Улс төрийн товчоог хуралдуулж нам төрийг хэнд өгөхөө ярих юм биш үү” гээд ширүүхэн ярьтал Ж.Батмөнх дарга “Над руу битгий давшлаад бай. Тийм л юм бол чи тэр товчоогоо цуглуулахгүй юу” гээд утсаа салгаж байсан гэнэ.

Л.Лантуу гуайн хамгийн үнэт өв энэ улсын тусгаар тогтнол юм байна. Улс минь тусгаар байдлаа хамгаалж л байвал миний бүх зүйл үнэ цэнэтэй байх юм. Өвөг дээдсээс үлдээсэн энэ тусгаар тогтнолыг л бүрэн бүтэн авч үлдэх ёстой юм шүү гэдгийг өөрийн ач, зээ болон бидэнд захиж байлаа.

1990 оны ардчилсан хувьсгал болоход үнэндээ Улс төрийн товчоо ямар ч бэлтгэлгүй байсан гэнэ. Гэхдээ хөрс суурь нь бэлтгэгдэж эхэлсэн байж. “Үнэн” сонин дээр гэхэд л Улс төрийн товчооны таван гишүүнийг солих хэрэгтэй гээд л. Намын төв хорооноос зохион байгуулсан Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн дээр гэхэд маш олон шүүмжлэл гарч байсан гэдгийг хэллээ. 1990 онд социалист нийгэм орвонгоороо эргэж Берлиний хана нурж, Орост перестройка болж оросууд манайхныг харах нь бүү хэл өөрсдийгөө яая гэж байсан үе. Энэ үеэр ардчилсан хөдөлгөөнийхөн тэр зайг нь ашиглаж чадсан байна. Улс төрийн товчоо огцорсны дараа Говь-Алтай аймагт социологийн судалгаа явуулахад Л.Лантууг аймгийн дарга болгох ёстой гэсэн санал хураалтыг хоёр удаа тэргүүлжээ. Лантуу гуай Чех улсад худалдааны төлөөлөгчөөр явахаар болчихсон байсан ч “Би ямар залуулаад байдаг зайран биш. Уриулаад байдаг унзад биш” гээд шууд л нутгийнхаа зүг хүлгийн жолоо залжээ. Та Улс төрийн товчооны гишүүнээс огцрохдоо юутай үлдсэн бэ гэхэд “Насаараа дарга даамал хийсэн минь үнэн. Улс төрийн товчооноос огцрохдоо 300 төгрөгтэй л үлдэж байлаа” гэв. Өөр хурааж хуримтлуулсан зүйлгүй өөр нийгмийн босго алхсан байх юм. Да.Ганболд тэр үед Говь-Алтай аймагт очиж өмч хувьчлалын талаар долоон цаг иргэдтэй уулзалт хийжээ. Аймгийн иргэд ярьсан зүйлийг нь сайн ойлгоогүй ч цаана нь нарийн учир байх шиг байна гээд Лантуу даргаас асууцгааж байж. Тэрбээр “Үнэндээ Да.Ганболд өөрөө ч ваучерийнхаа тухай мэдэхгүй л явсан юм билээ. Бидний үед авто засварын нэгдэлд одоогийн ханшаар нэг сая ам.доллараар ч олж авч чадахгүй суурь машин байсан. Түүнийг нь хаягдал төмөр нэрээр хятад руу өгчихсөн. Тэр үед өнөө хятадууд нь “Энэ монгол чинь ийм баян орон юм уу” гээд гайхаж байсан. Авто засварын нэгдэл, төмөр замын төв засварын газар нийлчих юм бол механик хэрэгслийн бүх эд ангийг хийчихээр тийм сайхан тоног төхөөрөмж шинээрээ хаягдал төмөр болон гарчихсан” гэв. 1930-аад онд сүм хийд, 1990 онд үйлдвэрүүдээ нурааж бүгдийг нь шинээр эхлэх гэж зүтгэж байна гээд тэр үйлдвэрүүд байсан бол өнөөдөр монгол ингэж явахгүй байлаа гэсэн юм. Барилгын материал, түүхий эд боловсруулдаг бүх үйлдвэр байлаа шүү дээ гээд санаа алдав.

Лантуу гуайн улс төрийн амьдрал 1976 оны зургадугаар сард Сүхбаатар районы намын хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга болсноор эхэлжээ. Дараа нь Намын төв хороон дээр дуудахаар нь яваад очтол Улаанбаатар хотын намын төв хорооны үйлдвэр эрхэлсэн Нарийн бичгийн дарга болгож тэндээсээ Төмөр замын намын хорооны даргаар шилжжээ. Ажилчидтайгаа чуулгын байранд хурал хийж байтал Ж.Батмөнх дарга яаралтай ир гэж байна гээд унаа хүлээж байж. Өрөөнд нь яваад ортол “Чи төмөр замд хэр удав” гэхээр нь “Жил хагас боллоо” гэсэн чинь “За одоо болно. Чамайг Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар тавих шийдвэрийг Улс төрийн товчоо гаргасан” гээд өөрөөс нь санал асуугаад томилжээ. Лантуу дарга нийслэлийн хөгжлийн төлөө хамгийн эрч хүчтэй залуу насныхаа 14 жилийг зарцуулсан гэв. Тэрбээр 49 настайдаа Нийслэлийн намын хорооны дарга болсон байна.

Лантуу гуайнх Дамдинсүрэн, Эрдэнэчимэг, Сэржмядаг, Чинзориг гэдэг дөрвөн хүүхэдтэй. Харамсалтай нь өнгөрөгч жил Чинзориг нь бурхан болсон юм билээ. Ач, зээ нийлсэн бид 22-уулаа болсон хэмээн сэтгэл ханагар суух буурлыг хараад ач, зээ нарынх нь хөгжүүн дуу хүч нэмэх мэт. Охин Эрдэнэчимэг нь хотын гаальд ажилладаг бол охин Сэржмядаг нь одоохондоо хүүхдүүдээ хараад гэртээ байгаа юм байна. Б.Мягмар гуай “Би гайгүй хүнтэй суучихсан юм шиг байгаа юм” гэхэд Лантуу гуай “Би ч бас гайгүй талдаа залуу байсан шүү” хэмээн бие бие рүүгээ харан инээмсэглэн суух нь залуу насаа эргэн дурсах мэт санагдав. Хоёр хөгшин манайх чинь хүргэн, бэр сайтай айл байгаа юм гэв. Дамдинсүрэнгийнх нь гэргий Монгол Улсын баатар, анхны армийн генерал, Батлан хамгаалахын сайд асан Батын Доржийн охин. Нэг сургууль, нэг байрны хоёр явсаар гэр бүл болсон байна. Бага охин Сэржмядаг нь Батлан хамгаалахын сайд асан дэслэгч генерал Лувсангомбын хүүтэй гэр бүл болон өдгөө таван хүүхдийн аав, ээж болжээ. Харин Эрдэнэчимэгийнх нь хадам аав Ардын хянан шалгах хороонд томоохон албан тушаал хашиж байсан хүн байж. Харин талийгч Чинзоригийнх нь эхнэрийн аав Чойжилжав гэж олон жил дарга хийж байсан хүн байсан талаар ярьцгаасан юм. Биднийг ярилцаж байхад Дамдинсүрэнгээс бусад нь гэр рүүгээ харихгүй бол орой болчихлоо гэсээр гэр гэрийн зүг явцгаалаа.

Лантуу гуай залуу байхдаа маш их ажилладаг байсан тул ядаргаанд орж толгойных нь урд, хойд талаас үс туг тугаараа унаж. Сүүлд нь ургахдаа урд талынх нь үс цагаан сор маягтай ургажээ. Л.Лантуу даргыг Сэлэнгэд явж байтал нэг машинтай хүн зогсоод “Сайн байна уу, Ухнаа гуай” гэж. “Чи яагаад намайг Ухнаа гэж байгаа юм” гэхэд “Урд талдаа цагаан сортой, яг л байна ш дээ” гээд мэнд мэдээд давхиад өгчээ. Лантуу даргын амьдрал холбооны салбар, төмөр зам, нам, төрийн ажил гэж үндсэндээ гурав хуваагдах юм билээ. Холбооны салбарт шинийг санаачилсан хэмээн Ж.Батмөнх даргадаа магтуулж, төмөр замын намын хорооны даргаар ажиллаж байхдаа төмөр замын 1000 айлыг орон сууцтай болгуулж чадсан гээд түүнд хаяглагдах ажлууд маш их. Төмөр замын ажилчдынхаа амьдрал ахуйг шалгаад шөнө дүл хүртэл явдаг тэрбээр нэг орой орос даргатайгаа хамт одоогийн төмөр замын арын гурван давхар шар байрны нэгэн рүү яваад ортол гурван өрөө байранд гурван айлын 22 хүн амьдарч байж. Угаалгын өрөө рүү нь яваад ортол ванн байхгүй байхаар нь “Ваннаа яачихдаг улсууд вэ” гэтэл “Наана чинь бид унтдаг юм аа” гэж л дээ. Энэ бүх учир явдлыг хамт явсан орос даргадаа хэлж, Орост очиж нэг сар Нийгмийн ухааны академид сурахдаа Зам, харилцааны сайдтай нь уулзаж орон сууц бариулах ажил байгаагаа хэлэхэд цаад тал нь ч хүлээн авч. Ингэж л 1000 айлын орон сууц баригдсан түүхтэй юм билээ. Төмөр замынхан “Манайд Лантуу, Магдей гэж хоёр л мундаг дарга байсан” хэмээн одоо ч магтан ярих нь бий. Ерөнхийлөгч асан П.Очирбатыг Эдийн засаг, гадаад харилцааны сайд байхад яамных нь барилгын ханын шавар нураад уначихсан нэлээд хэдэн сар болж. Зурагчин явуулж өнөөх байр байдлынх нь зургийг авахуулаад Л.Лантуугаас П.Очирбатад гээд дугтуйнд хийгээд явуулчихсан чинь маргааш, нөгөөдөр нь л засчихсан байсан гэнэ. Нийслэлийн намын хорооны дарга байхдаа Улаанбаатарыг хур хоггүй болгосон гавь-яа түүнийх. Овоорсон хогтой жалгуудыг яамдад хуваарилан өгчээ. Батлан хамгаалахын сайд байсан Ш.Жадамба генерал өөрөө хүрз барьчихсан хүмүүстэйгээ цэвэрлэж байсан гэнэ. Эх оронч үзэлтэй, нийслэлийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэдний нэг нь Ш.Жадамба генерал байж. Ингэж Улаанбаатар хогноос салсан нэгэн түүх ийм. Улс төрийн товчооны гишүүн, Хотын намын хорооны дарга гэдэг Сайд нарын зөвлөлийн гишүүдийг дуудаж авч ирээд донгодчихдог, үүрэг даалгавар өгчихдөг өнөөдрийн хотын даргаас хавь илүү эрх мэдэлтэй байж.

Ийн ярилцаж байх зуур Борогчуу гүйн ирж өвөөгийнхөө баруун, зүүн талаар баахан бултганаж өвөөдөө үнсүүлээд цааш тоглохоор гүйлээ. Лантуу гуайгаас “Та намынхаа ажилд хэр оролцож байна вэ” гэхэд “Сайн оролцож байна. Загнах үедээ загнах юм. Гэхдээ хөгшин хүний үг чинь хүчгүй болчихдог юм байна шүү дээ” гэлээ. Л.Лантуу гуай Москвагийн Холбооны цахилгаан техникийн дээд сургуульд суралцаж ирээд гэргийн Б.Мягмартайгаа 1962 онд гэр бүл болжээ. Тэд баруун Сэлбийн хөвөөнд дөрвөн ханатай гэр барьж, ганц цэрэг ортой гэр бүл болж байсан юм. 1966 онд холбооны ерөнхий инженер байхад нь Хотын захиргаанаас Сансарт гурван өрөө байр өгчээ. Тэр байрандаа амьдарч байгаад хүү Чинзоригийгоо Чехээс ирэхээр нь байраа өгөөд Герман явсан бага охиныхоо байранд хоёр жил амьдарсан байна. Том хүү Дамдинсүрэн нь 1990 оны үед мундаг бизнесмэн явжээ. Тэр барьсан байранд нь хэдэн жил амьдраад түрээсийн байранд ч амьдарч үзсэн байна. Гэргий Б.Мягмар нь өчнөөн жил дарга даамал хийж, бүтээсэн хийсэн ажил ихтэй байж түрээсийн байранд насыг барах нь уу гээд байхаар нь УБТЗ-ын даргаар ажиллаж байсан Р.Раштай уулзан учир байдлаа хэлэхэд 2002 онд Р.Раш дарга 21 сая төгрөгөөр одоо амьдарч байгаа байрыг нь авч өгсөн юм билээ. Гэргий Б.Мягмар нь бага эмч, Багшийн дээдийн үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, худалдааны эдийн засагчаар насаараа ажилласан байх юм. Гэргий ийн яриагаа үргэлжлүүлэв. “Цаг ороо бусгаа байх үед дарга явсан хүн жирийн иргэн болох ер нь хэцүү шүү дээ. Лантууг чинь ямар тэнгэрт аваачаад зүүчихсэн биш бууж л таарч байгаа юм. Манай гэр чинь улс төрийн үзэл баримтлалаасаа болоод гурав хуваагдаж ч байлаа” гээд инээмсэглэнэ. Хүү Дамдинсүрэн нь Шинэ социал-демократ нам байгуулж, хашир өвгөн “Ху” намдаа үнэнч үлдэж, Мягмар гуай энэ хоёрынхоо дунд “Хоролмаа” шиг л юм явлаа гээд хүү, хань хоёр руугаа хараад инээхэд Лантуу гауй “Манай хүү хадгаламж зээлийн хоршооноос 200 сая төгрөг зээлээд түүнийгээ дарах гээд Солонгос явчихдаг юм. Тэнд очоод юун ажил хийх, нэг сая хүнд гурав тохиолддог хүнд өвчин тусч зөндөө эмчилгээ хийлгэж байж ирсэн. Бизнес хийдэг байсан хүү маань аавдаа мөнгийг тоолж өгөхгүй, боодлоор нь өгчихдөг байсан юм. Би чинь том дарга байсан тул намайг яллаж байгаа юм уу хаашаа юм. Мягмарыг маань 33 булган шубатай энэ тэр гээд баахан юм болсон. Хүү маань харин 200 сая төгрөг зээлснээ хүүтэй нь хамт 750 сая төгрөг болгоод бүгдийг нь төлж дуусгасан” гэсэн юм.

Б.Мягмар гуай “Манай Дамдинсүрэн чинь Орост тагнуулын сургууль төгссөн. Мэргэжлээрээ бас ажиллаж байсан. Одоо өвгөн бид хоёрыг л тагнах ажилтай суудаг болсон” гээд хөхиүн инээдээр хүү рүүгээ харлаа. Б.Мягмар гуай “Урьд нийгэмд намын гишүүнийхээ үнэмлэхийг алга болгочихоод Сүхбаатар дүүргийн намын товчооны хурлаар орлоо. Лантуу мундаг амьтан сууж байна. Намайг эхнэр нь гэж хүмүүс сайн мэдэхгүй. Цаана нь суусан хүмүүс намайг намаас хөөх юм ярилаа. Гэтэл Лантуу “За, чи дутагдлаа ойлгож байна уу” гэдэг юм даа” гээд инээмсэглэнгээ “Би золтой л хуц гээд хэлчихээгүй гарч ирсэн” гээд бөөн инээдэм болов. Л.Лантуу гуай Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 1500 төгрөгийн цалин авч байсан бол эхнэр нь цайны газар ажиллуулаад 5000 төгрөгийн орлого олдог байжээ. Дээр нь нарийн боов, зайрмагны цех ажиллуулаад “Арьс импекс” компанийн төлөөлөгч болон ажиллаж эхэлсэн гэнэ. Арьс нэхий авдаг ажилтай. Бүх зүйл картын бараанд орж гурил ч үгүй хэцүүдэж байх үед Лантуу гуай Өмнөд Монголын Хами аймагтай тохироод Говь-Алтайгаас ачуулсан 100 мянган нэхийгээрээ савхи хийлгээд хятадууддаа хөлсөнд нь 20 мянган ширхгийг нь өгч байжээ. Эхнэрийнхээ бизнесийг төр рүү булаасан хэрэг. Тэр үед Говь-Алтай аймгийн төсөв 1.5 сая төгрөг байсан бол 80 мянган нэхийгээр хийсэн савхиа борлуулаад 180 сая төгрөгийг аймагт төвлөрүүлээд улмаар Улаанбаатарт шилжин суурьших болжээ. Б.Мягмар гуай “Наад Лантуу чинь миний бизнесийг ингэж цохиж хаясан хүн дээ” гэв. Б.Мягмар гуай амьхандаа нөхрөө унах унаатай болгочих гээд зүтгэж байсан чинь ийм балай юм болгоод үнэндээ “үхмээр” санагдсан шүү гээд Лантуу гуай руу харна.

“Улс төрийн товчоо, Намын төв хороо Оросын заавраар ажилладаг байсан гэх юм. Үнэн үү” гэхэд Лантуу гуай “Одоо л тэгж яриад байдаг болсноос биш би хэзээ ч тийм зүйл сонсож байгаагүй. Наадах чинь ёстой худлаа. Тийм зүйл байгаагүй. Зөвлөлтийн Элчин Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх дарга нартай уулзаад иймэрхүү зүйл байна даа гэхээс биш “Энэ зүйл чинь буруу байна” гээд ингэ тэг гэж байгаагүй юм” гэлээ. Харин бүх яамны дэргэд Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгчийн газар байсан. Төлөөлөгчийн газартай байснаар ажил бүтэхэд амар байснаас өөр зүйл байгаагүй гэсэн юм. Салдан, Ням-Осор нар Хавдар судлалын больниц, Гэмтэл согог судлалын төв, гуравдугаар нэгдсэн эмнэлэг, Эх нялхас, XII хорооллыг бариулахаар төлөвлөгөө оруулж иржээ. Тэгэхэд нь Улс төрийн товчооны гишүүдийн зүгээс “Та нар их сайхан зүйл хийсэн байна. Эргүүлж яаж төлөх юм. Зөндөө өр шүү дээ” гэхэд Ю.Цэдэнбал дарга урдуур нь орж “Хөөе Салдаан, чи зөв юм оруулж ирсэн байна. Тэртэй тэргүй бид наадахыг чинь төлж чадахгүй” гэсэн гэдэг. Ю.Цэдэнбал дарга асар их ажилтай, өглөөний дөрвөн цагт л гэртээ харьдаг хүн байсан. Тиймээс жилд хоёр сар амарна. Амралтаараа Брежнев даргатай уулзаад “Бид энэ их өрийг яаж төлөх вэ” гэдэг ганц асуудлыг маш их ярьдаг байж. Брежнев дарга “Та нар энэ өрийг төлж чадахгүй ээ. Харин өгч байгаа дээр нь бушуухан авч бай” гэж хэлсэн гэдэг. Энэ мэтчилэн том бүтээн байгуулалтын ажлыг шууд хий гэдэг даалгавар өгч байсан нь тэр юм байна.

“Улс төрийн товчоо огцроход Н.Намсрай, П.Дамдин нарыг авч үлдэн ашигласан бол улс гэр минь өнөөдөр арай ч ийм болчихгүй байх байлаа” хэмээн өвгөн халаглан суух аж. Ийнхүү бидний яриа үргэлжилсээр үдэш болохын өмнөхөн өндөрлөв. Улс төрийн товчооны гишүүн, Нийслэлийн намын хорооны дарга Лхамсүрэнгийн Лантуу буюу Бурхан буудай уулын “Хөх чоно”-ын амьдралын зах зухаас хүргэхэд ийм байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *