Тав дахь жилдээ зохион байгуулж байгаа загасчлал буюу Кастингийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УХШТ/ энэ сарын 20, 21-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
“Монголын загасчлах спортын холбоодын нэгдэл” /НҮТББ/ нь Монгол Улсад “Зөв зохистой, спорт загасчлалыг хөгжүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалъя” уриан дор загасчлах спортыг сонирхогч залуусын дунд Кастингийн УАШТ-ийг зохион байгуулдаг. Кастингийн спорт гэдэг нь дэгээгүйгээр хуурай газар болон усан санд уургаар шидэлт хийж өрсөлддөг спортын төрөл бөгөөд “Спортын цол зэргийн оноо”-той тэмцээн юм.
Флай кастингийн хувьд /загасчлалын флай фишинг төрөл/ 2013 онд анхны тэмцээнийг Флай кастингийн нэг гарын уургаар холын зайн шидэлт болон оновчтой шидэлтээр УАШТ-ээр эхэлсэн түүхтэй. Харин энэ удаагийн УАШТ-д “Флай фишингийн нэг гарын уургаар холын зай болон оновчтой шидэлт”, “Флай фишингийн хоёр гарын уургаар холын зайн шидэлт”, “Загасчлалын спинингийн төрлөөр холын зай болон оновчтой шидэлт” зэрэг олон төрөл болж нийтдээ 50-70 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн байна.