Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр нэр дэвшихэд саадгүй болсон гэв

МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар болон хүний эрхийн хуульчид хэвлэлийн бага хурал хийж Н.Энхбаяр ялтайд тооцогдох эсэх, сүүлийн таван жилд эх орондоо байнга оршин суусан эсэх гэх мэт эргэлзээтэй асуудлаар хариу өглөө. Ц.Оюунбаатар ярихдаа “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хууль эрх зүйн ямар нэгэн саад, хүндрэлгүй болсон гэдгийг мэдэгдэж байна.Н.Энхбаяр даргыг улс төрийн шинж чанартай хилс хэрэгт холбогдуулж 2012 онд шүүхээс таслан шийдвэрлэх тогтоол гаргаж, шийтгэл оногдуулсан. Н.Энхбаярт оногдуулсан үндсэн нэмэлт ялыг 2009 оны есдүгээр сард батлагдсан Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон. Тиймээс ялтай байдал байхгүй. Энэ асуудлаар зарим ойлголтын зөрүү явж ирсэн. 2016 онд Цагдаагийн байгууллагаас ялтай гэсэн тодорхойлолт гаргаж, сонгуульд оролцуулаагүй. Цагдаагийн байгууллагын тодорхойлолт хууль зүйн үндэслэлгүй болсон” гэв.

Хэвлэлийн хуралд байлцсан МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хамгийн хариуцлагатай. СЕХ бүртгэх эсэх тухай асуудлаа хоёроос гурав хоногийн дараа гаргах гэж байна. Энэ үеэр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаар буруу ташаа мэдээлэл гарч байгаа нь сонгуулийн өрсөлдөөн луйвраар явагдахын дохио юм болов уу гэж бид дүгнэж байна. Н.Энхбаярыг нэр дэвшихэд саад хийх гэсэн үйл ажиллагаа их гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд сүүлийн таван жил эх орондоо байсан байх ёстой гэсэн байдаг. Бидний бүрдүүлж өгсөн материалаар Н.Энхбаяр нэр дэвшихэд бүрэн тэнцэнэ. Н.Энхбаярыг Монгол Улсад байнга оршин суусныг батлах материал бий. Тэр энд амьдарч байсан, цалин хангамжаа авч байсан, оршин сууж байсан хорооны тодорхойлолт зэргийг өгсөн. Н.Энхбаяр дипломат паспортоор гадаадад зорчиж эмчилгээ хийлгэж байсныг энд дурдах ёстой” гэсэн юм.

Хуульч Ц.Монгол “Энэ зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүний асуудал биш. Энэ сонгогчдын эрхийг зөрчиж байгаа асуудал. Улс төрийн хүчин МАХН-ын дэмжигчдийн сонгох эрхэд халдах гэж буй оролдлого гэж үзэж байна. ЦЕГ-аас лавлагаа гаргаж өгөхдөө ялтай гэсэн утгатай байсан нь илтэд хууль зөрчсөн, хууль бус үйлдэл. Монгол Улсын Дээд шүүх, ХЗЯ-наас эрх зүйн баримт бичгийг нь гаргачихсан байхад цагдаагийн нэг ажилтан тийм үйлдэл гаргасан нь хууль бус. СЕХ хянаж үзээд, хүний эрхийг зөрчихгүй байх гэж бодож байна” гэв.

Мөн “Н.Энхбаяр дарга хэвлэлтийн хуралд ирж оролцоно гэж байсан ч БНСУ-ын Элчин сайдтай уулзах шаардлага тулгарч ирж чадсангүй” гэж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *