Categories
мэдээ цаг-үе

Жолооч болоод 0-5 жил болсон залуус хамгийн их осол гаргаж байгаа гэв

Замын цагдаагийн албаны судалгаагаар 0-5 жил жолоо барьсан, 18-29 насны залуус зам тээврийн осол их гаргаж байгаа нь тогтоогджээ. Улсын хэмжээнд 790 гаруй мянган тээврийн хэрэгсэл, 1.4 сая орчим жолооч бүртгэлтэй. Дээрх судалгаанд шинэ жолооч нар осол гаргахын зэрэгцээ бүдүүлэг, бардам авир гаргах нь их байдаг талаар дурджээ. Нөгөө талаас нэг жилээс бага хугацаанд автомашин жолоодогчийн хувьд хурдаа зөв сонгох, маневрлахад ихэвчлэн алдаа гаргадаг бөгөөд нөхцөл байдлыг үнэлэх, орон зайг мэдрэх чадвар муу, анхаарал нь харьцангуй сул байдагтай холбоотойгоор ийн осол гаргадаг аж. Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг 25 хүртэлх насны хүмүүс их зөрчдөг агаад үүнээс хойших насанд зөрчил гаргах нь багасдаг гэжээ.

Уг судалгааны талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Энхбатаас тодрууллаа.


-Энэ удаагийн судалгааныхаа үр дүнгийн талаар сонирхуулбал?

-Замын цагдаагийн алба зам тээврийн осол хэргийг бүхий л талаас нь судалдаг. Гарсан байршил, ослын нөхцөл байдал, хэлбэр, шалтгаан, осолд холбогдсон хүн, жолооч, зорчигч, тэдний нас, хүйс, осол гарсан цаг, гариг гээд бүх л өнцгөөс нь судалдаг юм. Энэ судалгаан дунд хөдөлгөөнд оролцож яваад осол гаргасан жолооч нарыг жолооч болсон он, жилээр нь судалж үздэг. Энэ судалгаагаар харахад, жолооч болоод 0-5 жил болсон хүмүүс гарч байгаа ослын дийлэнх хувийг гаргаж байна гэсэн тоо гарсан л даа. Тэгэхээр хаана эрсдэл байна вэ гэдэг нь үүнээс харагдаж байна.

-Шинэ жолооч нарт тулгардаг бэрхшээл их. Жолооны дамжаагаа төгсөөд замын хөдөлгөөнд оролцоно гэдэг маш том айдас байдаг шүү дээ?

-Дамжаанд сураад гарч байгаа жолооч нэгдүгээрт, дадал болох байдал нь сул. Аливаа автомашиныг жолоодох гэдэг бол удаан хугацаанд дадлагажиж байж дадал болох зүйл. Мэдээж жолооч хүний харах, сонсох, үнэрлэх, мэдрэх гээд бүх мэдрэхүй зэрэг ажиллана. Тэгэхээр дөнгөж дамжаагаа төгсөөд хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид тэр дадал нь бүрэн сайн сууж амжаагүй байдаг.

Зарим тохиолдолд тухайн хүний зан төлөвөөс шалтгаална. Аливаа зүйлд дасан зохицох, дадах нь хүмүүст харилцан адилгүй. Зөөлөн, намуухан зантай хүн хөдөлгөөнд оролцохдоо нямбай, эргэн тойрноо сайн ажаад удаан ч гэсэн аюулгүй яваад байдаг. Гэтэл түргэн зантай, шийдвэрийг хурдан гаргадаг хүмүүс ухасхийгээд л явчихдаг. Ер нь автомашин жолоодож байгаа хүний хувийн байдлыг нь хараад зан төлөвийг нь тогтоох боломж цагдаагийн байгууллагын ажилтнуудад байдаг. Жолооч байх гэдэг нь маш хариуцлагатай үйлдэл гэдэг нь үүгээр харагдаж байгаа юм. Тийм учраас шинэ жолооч нар зөв дадалтай болох, хурдан дадлагажиж эрсдэлээс хол байх тал дээр анхаарах хэрэгтэй.

-Танайхаас явуулсан судалгаанд шинэ жолооч нарыг бардам зантай байна гэсэн байна лээ?

-Бардам гэдэг нь нэг л үг л дээ. Ерөнхийдөө хувь хүний онцлог чухал л даа. Тэр хүн сургуульд сураад тодорхой мэдлэг, дадлыг авчихаж байгаа юм. Ижил хугацаанд сурсан мөртлөө нэг нь сайн, нөгөө нь тааруу сурах тохиолдол их. Дээр нь автомашин жолоодох хүсэл нь их байдаг.

-Салхи татуулан давхихын тулд жолооч болсон хүмүүс байдаг. Аав, ээж нь машин аваад өгчихдөг. Тэр машинаа л хурдан барихын хүслэнтэй болчихсон хүүхдүүд олон бий?

-Тийм тал байдаг. Сонирхол нь их байдаг учраас сонирхолдоо хөтлөгдөж хөдөлгөөнд оролцохдоо жолоодох нь л чухал санагдаад аюулгүй байдлаа анхаардаггүй. Ийм хандлага их яваад байдаг. Тэр хандлага нь л осолд холбогдох нэг үндсэн шалтгаан болоод байгаа юм.

-Урдуураа машин оруулахыг өөрийгөө дорд үзүүлж, доромжлуулж байгаа мэтээр төсөөлдөг хүмүүс олон?

-Энэ бол соёл, зан заншил, сахилгатай холбоотой. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэмд бүхнийг ягштал заагаад өгчихсөн байдаг. Дэлхийн жишиг байгаа шүү дээ, замын хөдөлгөөний 40 хувь нь зан үйл, соёлоор, 60 хувь нь дүрмээр зохицуулагдаж байна гэж.

Зам тавьж өгдөггүй жолооч нар гэхээр миний бодлоор тогтмол байнгын замын хөдөлгөөнд оролцдог хүмүүс байна. Таксины жолооч, автобусны жолооч нар. Тэдний хувьд заримдаа зам тавьж өгөхгүй байх тал ажиглагддаг. Үйлчилгээ үзүүлж байгаагаа давуу талаа гэж дөвийлгөж боддог. Гэтэл бусдад зам тавьж өгөөд л яваад байдаг хүмүүс “Би ингээд л яваад сурчихсан” гэдэг. Энэ чинь тухайн хүний боловсролын түвшин, соёлтой шууд холбоотой. Тэгэхээр төдий өдий насныхан хамгийн их зам тавьж өгдөг, тийм хэсэг нь бүдүүлэг байдаг гэж хэлэх ямар ч боломжгүй. Ерөнхий массаараа манай монголчуудын соёл дээшилж байна уу гэвэл дээшилж байна. Маш сайн дээшилж байгаа. Хууль дүрмээ баримталдаг болсон. Гэхдээ тодорхой хэсэг нь хууль дүрмийг зөрчих, зан заншил, биенээ хүндэтгэх байдлын тал дээр асуудал гаргах нь бий. Машиныхаа цонхоор хэрэлддэг, машинаараа бие биеийнхээ урдуур орж хэрүүл уруул хийдэг. Энэ бол нэгэндээ хүндэтгэлгүй хандаж байгаагийн илрэл гэлээ.

Сэтгэлзүйчдийн хувьд жолооч нарын замын хөдөлгөөнд оролцож байгаа хандлага, харилцааг темпераменттай нь холбож тайлбарладаг юм байна. Меланхолик темпераменттай хүн зам дээр гэнэт үүссэн нөхцөл байдалд маш хурдан хариу үйлдэл гаргана гэж хэзээ ч байхгүй. Тийм жолооч нар удаан, хөдөлгөөн нь итгэлтэй бус, онцгой нөхцөлд айж сандардаг гэнэ. Ийм зан төлөвтэй хүмүүс замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлэхийг хичээдэг ч хөдөлгөөн ихтэй замд оролцохдоо сэтгэл нь тавгүй байдаг болохоор ачаалал ихтэй цагуудаар хотын гудамжаар автомашин жолоодохоос аль болох татгалзах нь зөв гэж сэтгэлзүйчид зөвлөдөг аж.

Харин сангвиник темпераменттай хүн сэтгэл хөдлөл нь маш өөрчлөмтгий байдаг учир гэнэтийн зүйлд самбаа гаргаж хүнд нөхцөлд хэрэгтэй шийдвэрийг хурдан гаргана. Холын зам, урт зам ийм зан төлөвтэй хүмүүсийн нойрыг хүргэдэг учир хотын хөдөлгөөнд оролцох нь таатай мэдрэмжийг өгдөг аж. Зам дээр хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа жолооч тааралдаж байгаа бол энэ мөн холерик темпераменттай байх магадлал өндөртэй гэнэ. Харин флегматик зан төлөвтэй хүмүүс сангвиникаас эсрэгээр хөдөө замд жолоо баривал аятай.

Тайван, удаан, өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг сул илэрхийлдэг эдгээр хүмүүс ямар нэгэн зүйлийг хийхийнхээ өмнө удаан боддог ч ажиллах чадвар өндөртэй. Ийм хүмүүс ослын нөхцөл үүсэх эсвэл маневр хийхэд үзүүлэх хариу үйлдэлд удаан байдаг онцлогтой. Ингэхээр жолоо барихад хувь хүний зан төлөв маш чухал гэдэг нь дээрх баримтаас харагдаж байна. Цагдаагийн байгууллагын судалгаагаар 0-5 жил жолоо барьсан жолооч нар дийлэнх ослыг гаргаж байгааг тогтоосон бол хор уршгийн талаас нь авч үзвэл харин туршлагатай жолооч нар том ослууд гаргадаг нь амьдрал дээр нотлогджээ. Мэргэжлийн ур чадварын өндөр түвшин нь дээшлэхийн хэрээр анхаарал нь саарч, болгоомжгүй болж эхэлдэг нь ямар ч мэргэжлийн улсуудад тохиолдоно. Хамгийн хүнд, хохирол ихтэй авто тээврийн ослуудыг гол төлөв туршлагатай жолооч нар гаргадаг гэсэн судалгаа байна.

Жолооч нар шинэ дээрээ машинаа аль болох хурдлуулж, машиныхаа мотор, яндангийн дуугаар өөрийгөө эрч хүчтэй болсон мэтээр төсөөлдөг сэтгэлзүйн хуурмаг байдал бий болно. Гаднын зарим орнуудад дамжаа төгссөн шинэхэн хүмүүсийг жолооч гэж үздэггүй. Хоёр жил туршилтын үнэмлэхээр хотынхоо тусгай хязгаарлалттай бүсүүдэд автомашин барихыг зөвшөөрдөг. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй тохиолдолд жолооч хэмээн үзэж жинхэлдэг. Ингэж жинхлэгдсэн жолоочийг туршлагатай жолоочийн нэгдүгээр үеийг давлаа гэж үздэг юм байна.

Харин шинэ жолооч байхаа болиод туршлагажаад ирвэл машин барих сонирхол нь буурахаас гадна хайхрамжгүй болох хандлагатай болдог. Үүнийг сэтгэлзүйчид ханалт гэж тодорхойлжээ. Шинэ жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо мөн зогсоол, гарцнаас гарч орохдоо мунгинадаг мөртлөө заримдаа урдуураа машин оруулахгүй бүдүүлэг авирладаг. Үүнийг харсан хүмүүс “Өө, энэ муу чинь хааз, тоормосоо ялгахгүй хэвтэж юун их зантай юм” гэж ширэв татдаг. Тэгтэл энэ нь ерөөсөө зан араншинтай нь холбоотой биш гэнэ. Урдуураа өөр машин оруулж, машинд гүйцэгдэхгүй гэж хурдаа нэмдэг нь илүү хөдөлгөөн хийхээс айж байгаатай нь шууд холбоотой юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *