Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БИ-үл оролцогч, БИ-идэвхтэй оролцогч

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

1977 онд би нэг өгүүлэл орчуулж тарааснаас болж хэрэгт орж байсан юм. Тэр бол Зөвлөлтийн зохиолч, тэрс үзэлтэн Александр Солженицыны “Худал хуурмаггүйгээр амьдрах нь” (Жить не по лжи) гэсэн эсээ.

Махатма Ганди “хүч үл хэрэглэх эсэргүүцэл” (сатъяграха) гэсэн үзлийг дэлгэрүүлсэн нь дарангуйлал, колоничлолын эсрэг, улмаар энх тайвны төлөөх тэмцэлд үзэл санааны асар их хувь нэмэр оруулсан. Гэхдээ тухайн үеийн чанга дэглэмтэй Зөвлөлт, Хятад, Монгол мэтийн оронд энэхүү хүч үл хэрэглэх тэмцэл ч бололцоогүй байлаа. Хүч хэрэглэхгүй ч Ганди шиг олон нийтийн газар жишээ нь суулт зарлахад шууд л шорон явна. Харин Солженицын эсэргүүцлийн маш хялбар арга зааж өгсөн нь “үл оролцох”. Ийнхүү би бузар булай нийгмийн тогтолцоонд алив хэлбэрээр “үл оролцох” зарчмыг баримтлах болсон.

Тэгэхэд би дөнгөж хорь гарч байсан авч нийгмийнхээ тогтолцоог жигшдэг байсан. Үүнийгээ нийтэд илэрхийлээд жагсаал цуглаан зохион байгуулаад явах зориг надад байгаагүй л дээ. Зориг байлаа ч анхны хашгираанаар галзуугийн эмнэлэгт хүргэгдэх байсан биз. Харин “нууцаар” их бичдэг байсан. Тухайн үеийн хэмжүүрээр “эсэргүү” ангилалд орох бүтээл орчуулах, эсээ өгүүлэл бичих зэргээр. “Худал хуурмаггүйгээр амьдрах нь” маань харин зохих газарт илчлэгдсэн. Учир нь бичсэнээ хортой цаасаар олшруулаад итгэсэн найз нөхдөдөө өгдөг байлаа. Зарим нь ч нөхөд гэж ноход байж дээ, дээрх орчуулгын хэдэн хувь нь До яамны байцаагчийн ширээн дээр байж байсан шүү дээ.

Тэр чанга хатуу дэглэмд ямар ч гэмгүй, аюулгүй гэж Солженицыны хэлсэн үл оролцох зарчим ч дэндүү халгаатай байлаа. Октябрийн жагсаалд оролцсонгүй гэж донгодуулна, сонгуульд ирсэнгүй гэж цалингаа хасуулна, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгт элссэнгүй гэж ажлаасаа хөөгдөж байсан, Үйлдвэрчний эвлэлийн гишүүнд орсонгүй гэж бүх ажилчдын хурлаар орж шийтгүүллээ. Би үйлдвэрт ажилчин, хөдөө багш байсан, гэхдээ ихэнхдээ эрдэм шинжилгээний ахлах ажилтан хүртэл дэвшин ийм байгууллагад ажилласан юм. Хэрэв манай захирал Цэрэндэндэв байнга намайг өмөөрч байгаагүй бол үл оролцох зарчмаасаа болж тухайн нийгэмд гадуурхагдан гудамжинд гарч амьдралын хүнд бэрхийг туулах байсан биз. Нийгэмтэйгээ нийлж түүнийг байнга дэмжиж байхгүй бол нийгмээсээ хасагдан өлсөж үхэхдээ хүрдэг байсан тогтолцоо шүү дээ. Чойном, Цэрэндорж, Лхамжав болон Лоохуузын бүлгийнхэн чухам үүнээс болж бүхий л амьдралаа сүйрүүлсэн. Би үл оролцох зарчмаа баримталсаар ирсэн боловч тэгтлээ амьдралаа баллаагүй, тиймээс азтай. Нөгөөтэйгүүр үүгээрээ сайрхаж яваагүй. Ийм юм хэзээ ч хэлж бичиж онгироогүй. Энэ бол миний л зарчим. Хохирсон хэлмэгдсэн гэж хэнд ч гомдол гаргаагүй. Энэ бол миний л туулсан амьдрал. Энэ хорвоог орхихын цагт өөрийнхөөрөө амьдарч, өөрөөсөө урвалгүй насыг туулсан шүү гэж бодох нь амьдралын утга учир болов уу. Энэ бол миний л үзэл бодол.

Ерээд оны нийгмийн хувьсгалд би маш идэвхтэй оролцсоон. Юун түрүүн өөрийгөө чөлөөлье гэж бодсон. Өөрийн ганц биеэ чөлөөлөөд ямар ч эрх чөлөө ирэхгүй гэдгийг ч сайн мэдэж байсан. Харгис дэглэм унахаар л бүх юм цэгцэндээ орж, хүн ард жаргана гэсэн хэт идеал үзэлтэй ч байсан. Шинэ зуун гарахаас өмнөхөн би алдаатай бодож байснаа ойлгосон. Мянга мянган жилийн иргэншээгүй нүүдлийн нийгэм сүүлийн 300 гаруй жилийн турш гадны эрхшээлд байснаа гэнэт орчин үеийн төрийн тогтолцоо буй болгон, иргэншсэн шударга нийгэмтэй болоход мундахгүй урт хугацаа шаардлагатайг ойлгосон. Лавтай 2-3 үе өнгөрч байж “хүний дайтай хүн” бүхий нийгэмтэй болно. Иймээс үл оролцох зарчмаа баримтлахын зэрэгцээ хойч үеэ бэлдэхэд бүхий л хүчээрээ “оролцох” хэрэгтэйг ойлгосон.

Үүнээс хойш хориод жил өнгөрлөө. Би юунд ч оролцоогүй. Нэг үгэндээ нийгмийн, төрийн, намын, тогтолцооны шийдвэр гаргах юунд нь ч оролцоогүй. Оролцоогүй болохоор тийм эрх ч надад байгаагүй. 2004 оны сонгуульд нөхдийнхөө хүсэлт шахалтаар нэр дэвшсэн боловч тэнд нь очоо ч үгүй. Гэхдээ үндсэн зарчим нь ардчилсан тогтолцооо бүхий, эрх чөлөөт орны иргэн болсны хувьд урьдахтай харьцуулахад хавьгүй чөлөөтэй бичиж, орчуулж, туурвиж, түүнээ хүмүүст хүргэсээр ирлээ. Үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлсний төлөө хавчин гадуурхах, хэрэгт түлхэх, нийгмээрээ үзэн ядах юм үгүй нийгэм. Би хүсч байсан эрх чөлөөт нийгмийнхээ чөлөөт иргэн.

Одоо цөмөөрөө эргэн тойрноо, нийгмээ, төрөө тогтож нэг хар даа. Нэг талаасаа монголчууд түүхэндээ хэзээ ч ийм эрх чөлөөтэй, цамаан цатгалан байж үзээгүй. Нөгөө талаасаа хэзээ ч ийм ёс суртахуунгүй, ичгэвэргүй, шижээргүй байж үзээгүй. Коммунизм биднийг жигд ядуу байлгасан ч юутай ч моралийн хэв хэмжээтэй, биелэх боломжгүй ч ямар нэг зүйлд итгэж түүн рүүгээ тэмүүлсэн үнэмшилтэй байлгасан. Ядахнаа л айсандаа нийтээрээ хулгай хийдэггүй байлаа. Хүний ёсноос гадуур дарангуйлал байсан ч хүчирхэг төртэй байсан. Энэ бүхэн нуран унахад бидний дотор нуугдаж байсан хамаг л бузар муухай ил гарсан төдийгүй өдгөө нийгмийн хэм хэмжээ болжээ. Хэн ахиу хулгайлсан нь нийгмээ удирддаг нь өнөөгийн манай тогтолцооны үнэн нүүр, мөн чанар биш гэж үү? Манай нийгмийн хамгийн шударга иргэний үг: “Хулгай хийж, авлига авч, шамшигдуулан идсэн нь хожиж, хулгай хийгээгүй нь хохирч байна!”. Ийм гомдлыг бид өдөр тутам хүн болгоны амнаас сонсч, мэдээллийн хэрэгслээр үзэж, уншиж байгаа. Хулгай хийгээгүй учраас хохироод байна! Нэг үгэндээ хулгай хийх бололцоог жигд олгохгүй учраас ихэнх нь хохирч шударга иргэн болоод байна! Бид ийм л ёс суртахуунтай нийгэм болжээ. Ийм үзэл бодол ноёлсон газар эрхбиш хүн байна даа, бүгд л хулгай хийх бололцооны төлөө амь хайргүй тэмцэлдэн тулалдах нь “шударга” хэрэг юм.

Хуульчлагдсан хулгайч дээрэмчин болохын тулд ардчилсан тогтолцоотой оронд “ард түмнийхээ” саналыг авах хэрэгтэй. Эцсийн зорилго бол мөнгө. Мөнгөтэй л болчихвол ард түмний саналыг авна, Төр нийгмийн шийдвэр гаргах эрхийг авчихвал улам их мөнгөтэй болно. Улам их мөнгөтэй болбол улам их эрх мэдэлтэй болно. Улам их эрх мэдэлтэй болбол бүр их мөнгөтэй болно. Маш танил болчихсон, хүлээн зөвшөөрөгдсөн бидний ердийн ил амьдрал байгаа биз?

Ардчилсан тогтолцоо бол нийгмийн урт удаан процесс, амьдрах арга зам, төлөв байдал юм. Түүнээс тэдэн таван жилийн дараа барианд орно гэж зарлаж байсан социализм коммунизмын үл гүйцэлдэх төлөвлөгөөт программ биш. Ийм урт удаан процессын явцад ихэнх үндэстэн бидний одоо явж буй иймэрхүү бузар бусармаг үеийг туулжээ. Нэрт социологич Фукуяамагийн бичсэнээр ийм үе ардчилсан нийгэм төлөвшихөд “усалгаа” болдог гэнэ. Учир нь хулгайч нар төр барьж, сонгуулийг худалдан авах явдал үргэлжлэхээр нийтээр жигшиж эхэлдэг учир тэдний ноёрхлыг түлхэн унагахад амархан болдог гэнэ.

Бид хуульчлагдсан хулгайч нарын ноёрхолд цаашид хэдэн жилийг өнгөрөөх вэ? Энэ биднээс л хамаарна. Гэхдээ лавтай миний нас хүрэхгүй. Одоогоор завсрын үеийнхэн гэх ёс суртахууны наад захын хэм хэмжээгүй үеийнхэн ноёрхож буй. Эд коммунизмын сүүл үеийнхнээс бүр долоон дор. Боловсрол битгий хэл мэргэжил ч байхгүй, хуурамч, эсвэл хуурамчтай адилтгах үнэ цэнэгүй диплом, цол гуншингийн цуглуулга. Нийгмийн задрал, шилжилтийн замбараагүй үеийг туулахдаа уламжлал, ёс суртахуун, хэм хэмжээ, жудаг, хүндлэл гээч юмыг алгасчихсан. Мэддэг ганц зарчим нь ширэнгийн хууль. Хүн ч болж чадаагүй, сармагчин ч болж чадаагүй. Коммунизмын үеийнхэн, завсрын үеийнхэн гэдэгт тэр насны хүмүүсийг хавтгайруулан нэрлээгүй, гагцхүү үеийнхэн дотроо “амжилттай гялалзан тодорч” төр нийгмийн шийдвэр гаргах түвшинд очин нийгмийг жолоодож байгаа хулгайч нарын цөөнхийг онцолж буйг эрх биш ойлгоно биз. Манайд нийгмийн баялгийг захиран зарцуулах эрх бүхий 30 мянга орчим хүн байдаг. Эд дөрвөн жил тутамд ээлж солигдон хоолондоо ордог учир үржүүлж тооцоорой. Гэхдээ аль ч нийгэм ямар ч тогтоцтой бай, иргэдийн дор хаяхад 51 хувь нь эрх биш хүнээрээ байдаг юм шүү.

Өнөөгийн дэлхийн тогтон бүрэлдсэн төлөвшлөөр улс орон яаж ч дампуурсан мөхөн алга болохгүй. Өмнөд Родэз гэгдэж байхдаа манай гаригийн хамгийн баян цатгалан, хөгжингүй орны нэг байсан Зимбабвэ өнөөдөр гуйлгын тулам болсон ч оршсоор байна. Цаашид ч байх болно. Латин Америкийн хамгийн баян орон Венесуэль зөвхөн удирдагчдаасаа болоод өлсгөлөнд автаад буй. Хүн болгонд хүрэлцээд илүү гарахуйц баялагтай ч хулгайч нараар төрөө бариулсан Монгол Улс байсаар л байх болно. Энэ бол түр зуурын үзэгдэл гэж итгэхийг хүсч байна. Хүн үхдэг бол улс үхдэггүй. Амьдын там маягийн юм болоод оршин тогтносоор байдаг. Тиймээс ноён хутагт Равжаа “Там, там гэнэ, там хаанаас байх вэ. Тамтаггүй явбал, там чинь тэр” хэмээн сургасан бизээ.

Харин ёс жудагтай шударга нийгэм болон төлөвшихөд хичнээн жил бидэнд хэрэгтэй бол? Хувьсгал хийгээд алалдаад унавал хувьсгалынхаа дараа бүх юмыг нойлоос эхлэх учир лав оновчтой зам мөр биш байх. Үндэстний хувьд төлөвших л гол асуудал. Иймээс одоохон юу юугүй засах гэж байхаар дараа үеэ бэлдсэн нь дээр. Тэр дараа үе хэзээ ирэхийг мэдэхгүй ч бид энэ тогтолцоогоо аль хэр олуулаа жигшсэнээс хамаарах болов уу? Эх, эцгийнхээ хулгайн мөнгөөр сурч боловсорсон “дараа үеийг” төлөвшсөн гэж нэрлэхэд хэцүү л байх. Хулгайчийн цүнх барьж гүйж явсаар “юманд хүрсэн” залуугийн хүүхэд зөв төлөвших үү?

Одоо Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөөх алалдаанд оролцохоор шилдгүүд гараан дээрээ жигдэрчээ. Ил далдтайгаа нийлээд хориод горилогч бий. Зарим нь санаархлаа нуусхийгээд харзнаж буй. Эд хоорондоо ялгагдах юмаар тун бага. Дөрөв, найм, 12 жилийн хожим ч аль нэг дээрэмчдийн бүлэг төлөөлсөн дараагийн шигшээгийнхэн үзэлцэнэ. Тэднийг би танихгүй ч мөн чанар өөрчлөгдөхгүй гэдгийг зөнгөөрөө мэдэрч байна. Алив сонгууль нь нийгэмдээ тэргүүлэх үүрэг хүлээх учиртай хүмүүсийн ёс суртахууны уралдаант шалгалт болдог. Харин манайд яг урвуугаараа. Одоогоор нэр дэвшигч, горилогч, санаархагчдын дотор гайгүй гэх хүн ганц хоёр бий л дээ. Гайгүй гэдэг маань энэ улсын дээд албанд очоод хамгийн бага хохирол учруулахуйц хүнийг хэлж байгаа юм шүү. Улс орноо хамгийн бага хохироож, хамгийн багаар хорлох тэр эрхэм хүнийг л манай иргэд сонгуулиар олж ончтой харваасай даа.

Шигшээд би нэрээ хавчуулж “Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлье” гэж зарласан минь үнэн. Манай нийгэм хэрхэн бузартсаныг хүмүүст хэлж түгшүүрийн харанга нүдэхэд тохиромжтой цаг, дуулдахуйц, чимээ ихтэй дохио зангаа болж чадна гэсэндээ ингэсэн юм шүү. Түүнээс би эхнээсээ Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө үзэлцэх гээгүй, тийм санаа угаасаа байгаагүй. “Та нар дэмжвэл би чадна!”. Энэ үнэн. Гэхдээ бодит байх хэрэгтэй. Би Ерөнхийлөгч болдог юм гэхэд хулгайч дээрэмчдийг хөөн явуулах тийм нийгмийн дэмжлэг манайд өнөө маргаашдаа бий юү? Эднийг нийгмээрээ жигших төлөв төвшинд бид хүрч чадсан уу?

Ойрмог судалгаагаар, хэрэв би өрсөлдвөл миний төлөө саналаа өгөхөд бэлэн хүмүүс маш олон байна. Баярлалаа, уучлаарай. Би даажигнаагүй, хошигноогүй, тоглоогүй. Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэхээр олон хүн үнэмшээгүй, худлаа тоглож байна гэцгээсэн. Ийм бохир юм руу орж тэдний нэг болох хүн биш гэж хүмүүс намайг үнэлдэг юм байна гэж дүгнэсэндээ өөрөөрөө бахархлаа.

Би- Үл оролцогЧ!

Би хуулийн дор амьдарч үнэнч шударга байхыг хичээдэг. Би эх орондоо хайртай. Би энэ орны ирээдүйн талаар үргэлж санаа зовдог. Бандаашны бөөс байсан хулгайч, худалч, дээрэмчин, олхиогүй шаарууд толгой дээр гаран шимэгчлэн амьдарч байгааг би үнэн голоосоо жигшин үздэг. Гэвч тэднийг өнөөдөртөө дийлэх бололцоогүйг ойлгодог. Сонгуульд би саналаа өгөхгүй, гэвч бусдыг битгий оролц гэж ятгахгүй. Бидний ойрмог хийсэн судалгаагаар иргэдийн 90 орчим хувь нь энэ сонгуульд саналаа өгөх хүсэлтэй юм билээ. Уг нь иргэд оролцон эсэргүүцлээ илэрхийлсэн ч, чухам оролцсон учраас хулгайч нарын ноёрхлыг хууль ёсны болгон тусалж байгаа юм. Гээд буянаараа болог, манай нийгэм тийм түвшинд хараахан хүрээгүй байна.

Үр хүүхэд ач гучийнхаа төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө би иргэнийхээ хувьд нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог. Чадах юм маань татвараа шударгаар төлөх, хуулийн дор амьдрах, бичих, нийтэд ойлгуулах гэж чармайх, залууст хандан уриалах юм. Иргэний ийм оролцоог би өөртөө үүрэг болгон авсан. Би хойч үеэ жудагтай зөв хүн болгон хүмүүжүүлэхэд өөрийн бүхий л чадлыг зориулна. Хамаг итгэл найдвар минь хойч үед бий. Мөн эмэгтэйчүүдэд. Манай үндэстний оюун санааг үе үеийн турш эмэгтэйчүүд хөтөлж ирсэн.

Иймээс би манай нийгмийн идэвхтэй оролцогч!

2017.5.1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *