Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг маргааш Төрийн ордонд болох гэж байна.

Монгол Улс дэлхий нийтэд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй чиг хандлага, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилт-2030, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ” зэрэг хөтөлбөрт нийцүүлэн олон талын оролцоотойгоор “Гамшгаас хамгаалах тухай хууль”-аа шинэчлэн баталсан.

Ингэснээр манай улс “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг батлагдсаны дараа гамшгаас хамгаалах эрх зүйн орчноо шинэчилсэн анхны орнуудын нэг болоод байгаа юм.

Цаашид Монгол Улсын гамшгаас хамгаалах тогтолцоог шинэчлэх хүрээнд гамшгийн эрсдэлийг эрт тодорхойлох, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийг байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах санхүүжилтийн механизмыг шинэчлэн сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний нийгэм, нутгийн иргэд, сайн дурын оролцоог хангах, хүмүүнлэгийн үйл ажиллагааны удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг бодлогын олон чиглэлээр тогтолцооны шинэчлэл хийгдэнэ.

Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаанзагалмай нийгэмлэг хамтран зохион байгуулж буй тус хэлэлцүүлгээр “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, уг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоонд хийгдэх эдгээр шинэчлэлийн талаар хэлэлцэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *