Categories
мэдээ нийгэм

Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг шаардан жагсав

МАХН-ын бага чуулганаас Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан. Шийдвэр гаргасан өдрөө МАХН-ынхан Тусгаар тогтнолын талбайд цуглаан зохион байгуулж, Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлсэн.

Тэгвэл тус намынхан цуглаанаа өнөөдөр Тусгаар тогтнолын ордны өмнө үргэлжлүүлж байна. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ тэргүүтэй МАХН-ын гишүүд, дэмжигчид МАН-ын дарга М.Энхболдоос Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвших эрхийг шаардаж буй юм. Тэд эрх баригчдыг хуулийн байгууллагад нөлөөлж, Н.Энхбаярыг сонгуульд өрсөлдөх эрхийг хааж байна хэмээн үзэж байна.

Тэдний ухуулах хуудсан дээр “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд ялгүй тооцох нөхцөл байдлыг заасан. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол ялгүйд тооцно гэсэн заалт. Ялгүйд тооцдог өөр нэг зарчим нь Өршөөлийн хууль гарсан бол ялгүйд тооцно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлд заасан өршөөл үзүүлэх зүйл заалтад хамрагдан өршөөгдсөн бол ялгүйд тооцно. 2015 оны наймдугаар сарын 11-нд гарсан Өршөөлийн хуулиар ялтай байдлын үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай гэж заасан байгаа. Тэгэхээр Н.Энхбаярыг энэ хуульд хамаарч байгаа гэж хуульчид ойлгож явдаг” хэмээн тайлбарлан бичсэн байлаа.

“АТГ-аар “Н.Энхбаярыг ялтайд тооцно” гэх дүгнэлтийг гаргуулсан бол хуульчид, улс төрчдийн дийлэнх нь хууль зүйн үүднээс энэ нь боломжгүй гэж үзэж байгаа ч өдийг хүртэл энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдэхгүй түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй байх шалтаг, шалтгаан болгон зүтгэсээр байна” хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Мөн “Чамайг шоронд түгжсэн нь “Айсан хүнд аргал хөдөлдөг” гэдэг ард олны маань үгийн үнэнийг л дам баталж орхилоо” Дорд ах: Улаан ямаат Дамдинсүрэнгийн Урианхай /Монгол Улсын Ардын уран зохиолч/” хэмээн ухуулах хуудсан дээрээ бичжээ.

О.ӨНӨР


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *