Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас тус улсад хууль бусаар оршин сууж, биеэ үнэлж буй монгол бүсгүйчүүдийн асуудлыг цэгцлэхээр ажиллаж эхэлжээ. Хэдийгээр гадаад улсад биеэ үнэлэгч нэрээр амьдарч буй ч Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, болзошгүй гэмт явдлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж Консулын газрынхан үзсэн байна. Тиймээс Эрээн хотын удирдлагатай уулзаж, хамтран ажилласны дүнд биеэ үнэлж байсан тодорхой тооны монгол эмэгтэйг саатуулж, ирээдүйд өртөж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэн нутаг буцааж эхэлсэн тухай эх сурвалж мэдээлэв.
Мөн консулын газарт иргэдийн зүгээс “БНХАУ-ын нутагт визгүй зорчих 30 хоногоо хэтрүүлсэн, торгуулийн мөнгөгүй, нутаг буцах хүсэлтэй байна” гэсэн агуулгатай өргөдөл, хүсэлт ихээр ирэх болжээ. Иймээс 2016 оны гуравдугаар улирлаас эхлэн тус консулын газраас тойргийн хэмжээнд хууль бусаар оршин суугаа иргэдийн бүртгэлийг явуулж эхэлсэн байна. Ийм төрлийн асуудал тойргийн хэмжээнээс хальж тус улсын Хөх хот, Бээжин, Шинжаан, Шанхай, Тунляо, Бугат, Гуанжоу гээд олон газрыг хамарсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суух консулын газраас мэдээлсэн юм.
Эхний ээлжинд визний хугацаа хэтэрсэн нялх хүүхэдтэй, хүнд нөхцөлд амьдарч буй, архины хамааралд орсон, сэтгэцийн эмгэгтэй, хэвтэрт орсон иргэдийг буцаагаад байгаа юм байна. БНХАУ-ын Хилээр орох гарах асуудлыг зохицуулах тухай хуульд зааснаар “Гадаадын иргэн визний хугцаагаа хэтрүүлж, оршин суусан бол хоног тутамдаа 500 юанийн торгууль төлнө” гэж заасан байдаг.