Categories
мэдээ цаг-үе

М.Цэрэнханд: Хүүхэд хайрлаж, хүндэлдэг багшийнхаа өгсөн даалгаврыг хийх дуртай байдаг

Монгол Улсын гавьяат багш, Монгол Улсын Боловсролын их сургуулийн хүндэт доктор М.Цэрэнханд багштай ярилцлаа.


-Техник технологийн улсын олимпиад 21 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ олимпиадыг анх санаачилж байсан хүний хувьд тухайн үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Хөдөлмөрийн хичээлийг туслах хичээл, үндсэн хичээл биш гээд хүмүүс тоодоггүй байх үед буюу 1966 онд хөдөлмөрийн багш болж байлаа. Түүнээс хойш Ховд аймгийн нэгдүгээр сургууль, нийслэлийн 15, 43 дугаар сургуулиудад хөдөлмөрийн багшаар ажилласан. Мөн нийслэлийн боловсролын газарт 1992-2004 оны хооронд зураг хөдөлмөрийн багш нарыг хариуцсан арга зүйчээр ажилласан. Хөдөлмөрийн багш болсон цагаасаа хөдөлмөрийн хичээлийг бусад хичээлтэй адил нэр хүндтэй болгож, олимпиад зохион байгуулахыг хүсч, зорьж явсаар 1994 онд нийслэлийн 60 гаруй хүүхэд, гучаад багшийн дунд анх хөдөлмөрийн хичээлийн олимпиадыг зохион явуулж байлаа. МУБИС-ийн эрдэмтэн багш нар миний санаачилгыг дэмжиж Боловсролын яаманд энэ асуудлыг танилцуулсны дагуу 1996 оноос улсын олимпиад болгон зохион байгуулсан. Намайг энэ олимпиадыг санаачлан зохион байгуулахад түлхүүрдэж өгсөн гол зүйл бол багш, хүүхэд хоёр хоёулаа дуртай байсан явдал юм. Тухайн үед шагнаж урамшуулах мөнгө төгрөг хомс байсан болохоор түрүүлсэн багш нартаа угаалгын нунтаг, өргөмжлөл, сурагчдад харандааны багц, өргөмжлөл өгч байсан. Өнөөдөр энэ олимпиад маань цар хүрээгээ тэлж, техник технологийн олимпиад болж өргөжсөнд, энэ жилээс миний нэрэмжит болгосонд баяртай байна.

-Анх энэ олимпиадыг зохион байгуулахдаа та ямар хүлээлт, хүсэл тэмүүлэлтэй байв. Утга учир, ач холбогдол нь юундаа байдаг юм бэ?

-Анхны олимпиадуудад амжилттай оролцсон сурагчдын сайн бүтээлийг оюуны өмчийн газарт бүртгүүлж, гэрчилгээ олгодог байлаа. Түүгээрээ жижиг үйлдвэр байгуулаад ажиллаж байгаа шавь нар ч байна. Тухайлбал, 15 дугаар сургуульд савхины өөдсөөр түлхүүрийн оосор хийгээд ширхгийг нь 10 мөнгөөр үнэлдэг байсан тавдугаар ангийн сурагч өнөөдөр өөрийн гэсэн үйлдвэртэй болсон байх жишээтэй. Энэ мэтээр олимпиадад оролцсон сурагчид тухайн бүтээлээрээ патент авч, өөрийн амьдралдаа хэрэгжүүлдэг байх нь хамгийн чухал. Ингэж амьдралд унах унацыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр дээд сургуульд орох урилга, диплом, 50 мянган төгрөгөөр урамшуулдаг нь энэ олимпиадын гол зорилго биш юм. Зарим зүйл санаанаас жаахан холдож байна. Гэхдээ техник технологийн улсын олимпиадын хорооны гишүүний хувьд бусадтайгаа санал бодлоо солилцдог л юм.

-Хөдөлмөрийн багш болохыг хүсч мөрөөдөж эзэмшсэн үү. Анхны хичээл, анхны шавь нарынхаа талаар дурсаач?

-Би Ховд аймгийн Дарви суманд төрж, бага сургууль төгсөөд, Зэрэг сумын дунд сургуулийг төгссөн. Эмч болохыг хүсч байсан ч багш нар маань намайг сайн багш болж чадна, багш бол гэж зөвлөсний дагуу Улаанбаатар хотын Багшийн их сургуульд бага ангийн багш мэргэжил эзэмшсэн юм. Тэр үед эцэг, эхчүүд миний хүүхдийн сайн сайхныг багш нь мэдэж байгаа гэсэн бат итгэлтэй байж дээ. Ээж, аав минь багш нарын зөвлөснөөр намайг багш болохыг дэмжсэн. Ингээд 1964 онд Ховд аймгийн төвийн нэгдүгээр арван жилийн сургуульд мэргэжлээрээ багшилж эхэлсэн. Сургуулийн захирал Мудга гуай надад 38 хүүхдийн нэртэй журналыг хүндтэйгээр өгөхдөө “Энэ 38 хүүхдийг эх орондоо хэрэгтэй хүн болгож өгөх үүрэг чамд ногдож байна” гэж байлаа. Анхны багш, анхны сурагч хоёр хоорондоо их итгэлтэй, шүтэлцээнтэй, бие биедээ хайртай, дотно байдгийг тэгэхэд би мэдсэн. Багш гэдэг бол маш нэр хүндтэй, алдар цолтой, гунддаггүй, зэвэрдэггүй, маш эрхэмсэг нэр. Ийм хүндтэй нэр хүндийг залуу багш нар ухамсарлах ёстой. Төгсөөд диплом аваад болдог эд биш. Маш том хариуцлага үүрч гарч ирдэг. Багш гэдэг нэрийг, шавь нарыг, эцэг эхийн нэр төрийг гундаахгүй авч явах вэ гэсэн хүндтэй хариуцлага нэг цэг дээр очиж огтлолцвол аяндаа хүүхэд сайн сураад, сайхан хамт олон бүрдээд, нэг юмны төлөө ажиллаад эхэлдэг юм билээ. Үүний амтанд залуудаа орсон. Нэгдүгээр ангийн сүүлийн улиралд яамнаас хоёр хүн ирж миний хичээл дээр сууж, сурагчдын дэвтрийг үзэж, тоо бодуулж, миний үзүүлэнг үзэж, эцэг эхтэй уулзаад долоо хонолоо. Ямар зорилготой ингэж буйгаа тайлбарлахгүй ганцхан миний хичээлийг шалгаад байхаар тухайн үед их айсан. Гэтэл долоо хоногийн дараа багш нарын хурал хийж, намайг сурагчдаа сайн уншуулж, бичүүлж, бодуулж, хүүхдийн сэтгэхүйг сайн хөгжүүлсэн байна гэж үнэлсэн. Манай хүүхдүүдийг гуравдугаар ангийн сурагчдаас илүү байна гээд маш их магтсан. Тэгээд аймгийн хэмжээнд, улсын хэмжээнд нэгдүгээр ангийн хүүхдийн математик сэтгэлгээг хөгжүүлж, нягт нямбай сургах тэргүүн туршлага нэвтрүүлсэн гэж үнэлэгдэж байлаа. Түүнээс хойш хоёр жилийн дараа намайг сайн ажиллаж байна гэж үнэлээд хөдөлмөрийн багшийн 45 хоногийн курст явуулсан юм. Ингээд л хөдөлмөрийн багш болсон доо.

-Энэ хичээлийг бусад хичээлтэй адил нэр хүндтэй болгохын тулд та хэрхэн өөрийгөө дайчилсан бэ?

-Хөдөлмөрийн хичээлд материал байхгүй, улсын шалгалт өгдөггүй болохоор эцэг эх, хүүхдүүд дургүй байсан. Тийм болохоор энэ хичээлийн болоод багш нарын нэр хүндийг өргөхийн тулд их сайн ажиллах хэрэгтэй гэж бодож ажилласан. Улмаар 15 дугаар сургуульд ажиллаж байхдаа нэг сантиметр материалыг ч ашиглаж, юмхнаар юм хийж сурагчдад эдийн засгийн боловсрол олгож байгаа нь гэсэн анхны тэргүүн туршлагыг гаргасан. Агуулгыг багцалж одоонгийнхоор интеграци нэвтрүүлж, 300 гаруй бүтээл хийсэн. Ингээд М.Цэрэнхандын туршлага гэсэн сайдын тушаал гарч заавал нэвтрүүлэх туршлага болгож байлаа. Миний туршлагыг мэргэжлийн багш нар уншиж, яамнаас шалгалт очиход М.Цэрэнхандын туршлагаар ийм үр дүнтэй ажилласан гэж үзүүлээд гэрчилгээ авч, цалингаа нэмэгдүүлдэг болсон. Цаашлаад дүүрэг, нийслэл, боловсролын системийн аварга болж, ардын их хурлын депутат боллоо. 1993 онд анх удаа хөдөлмөрийн багш Монгол Улсын гавьяат багш болж, манай мэргэжлийн багш нарт их урам өгсөн. Дараа нь Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн болоод ном сурах бичиг бичиж, багш нарыг өөрийнхөө арга барилаар сургаж, бэлтгэж, хөдөлмөрийн багш нарт магистр, докторын зэрэг хамгаалах боломж олгохын төлөө ажиллаж эхэлсэн.

-Та Монголын ахмад багш нарын холбоог үүсгэн байгуулалцаж явсан хүмүүсийн нэг. Өнөөдөр ч 75 нас хүрчихээд энэ мэргэжилдээ хүчин зүтгэсээр явна. Ахмад багшийн хувьд залуу багш нарт юуг захиж зөвлөмөөр санагддаг вэ?

-Ахмад багш нарын туршлагыг судлах хэрэгтэй. “Харж чадвал хажууд чинь” гэж сайхан үг бий. Залуу багш нар маань хажууд байгаа ахмад багш нараасаа асууж сураглах хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд 35 мянган ахмад багш бий. Энэ жилээс ахмад багш нарын туршлагын сантай болохыг бид зорьж байна. М.Цэрэнханд гэдэг багш даалгавар хийдэггүй хүүхэдтэй яаж ажилладаг байсан юм, хэрүүлч ээж аавтай яаж ойлголцдог байсныг үлдээх хэрэгтэй.

-Даалгавар хийдэггүй хүүхэдтэй хэрхэн ажилладаг байсан туршлагаасаа хуваалцаач?

– Хүүхэд ямар даалгаврыг хийх дуртай гэвэл өөрийнхөө хайртай багшийн даалгаврыг хийх дуртай байдаг. Өөрт нь хайртай, өөрийг нь ойлгодог, сонсдог, мэдэрдэг, хүндэлдэг, өөртэй нь хүн ёсоор харьцдаг багшийн даалгаврыг хийж, тэр багшийн хичээлийг ойлгохыг хичээдэг. Тэгэхээр залуу багш нар даалгавар хийхгүй хүүхэд байвал түүнийг заавал судлах хэрэгтэй. Надаас болж байна уу, ээж ааваас болж байна уу, тухайн орчноос болж байна уу гэдгийг. Ер нь л багшийн аргатай шууд холбоотой байдаг. Залуу багш нарт хэлэхэд хүүхдийг хайрлаж буйгаа харуулах гурван зүйл бий. Нэгд, хүүхэд багшаас юу хүсдэг вэ гэвэл багш намайг дэмжинэ, надад туслана, миний багш гэсэн багц ойлголттой байдаг. Гэтэл багш нь үл тоон, дэмжлэг хүссэн үед нь анхаарахгүй, асуудал шийдвэрлэхэд нь туслахгүй байх бол том алдаа. Багш хүн шавьдаа ээлтэй хоёрхон үг хэлэхэд тэр хүүхэд урам авдаг. Хоёрт, багшийгаа өөр лүүгээ харахыг хүсдэг. Итгэлтэй, миний муу шавь гэсэн харцаар харах хэрэгтэй. Гуравт сонсох ёстой. Эцэг эх, багш ялгаагүй. Хүүхэд нь юм хэлж байхад маш анхааралтай сонсох хэрэгтэй. Багш, шавь хоёрын хооронд байдаг нандин холбоо үүн дээр тогтдог. Хүүхэд багшаас үүнийг хүсч, үгүйлж байдаг.

-Өнөө цагт залуу багш нар үр бүтээлтэй, сайн ажиллаж, шавь нартайгаа ойлголцоход саад болж, хүндрэл учруулж буй зүйл байна уу?

-Сүүлийн жилүүдэд боловсролын бодлого их тогтворгүй явж байна. Дөрвөн жил тутам ирсэн сайд нар өөрийн гэсэн өвөрмөц зүйл хийхийг, боловсролын чанарыг сайжруулахыг хичээдэг боловч энэ нь багш, хүүхдийн хөгжлийг тэгш авч явах ганц боломжид сөргөөр нөлөөлдөг. Үүнээс гадна багш нарын хэрэглэгдэхүүн бэлэн болж ажлыг нь хөнгөвчлөх боловч нөгөө талаас багш нар бүтээлчээр сэтгэж, хүүхдийнхээ дотоод сэтгэлд орох хандлага багасч байна. Багшийн ажил бол хүүхдийнхээ дотоод сэтгэлд нь ороод, тэднийхээ харцнаас гуниг жаргалыг харж, тэдэнтэйгээ адил инээж, баясаж, будилж, тоглож, дуулж байж сая багш болдог.

Багш нар энийг зураарай, энийг бодоорой гээд номоор дамжуулж харьцдаг. Бичиг цаастай их ноцолддог. Багшийн ном, хүүхдийн ном хоёр дунд эргэлдээд байж болохгүй. Багш нарын ажлыг бичиг цаасаар үнэлдэг болсноор цаасны цаана байгаа хүүхдүүдийг мэдэрч, шалгах, харах зүйл дутагдаж байх шиг санагддаг. Тухайн багшид хүүхдүүдтэйгээ ажиллах, арга боловсруулах зав зай олгохгүй байна. Сургалтын менежер, захирал, яам руу сар бүр, долоо хоног бүр бичиг цаас явуулдаг. Уг нь багш энэ хүүхэд яагаад бодож чадахгүй байна гэдэгт анхаарч, шинэ эрэлд гарснаар өөрөө хөгжиж байдаг юм шүү дээ. Үүнээс гадна эцэг, эхчүүдийн багшид итгэх итгэл багасчээ. Эцэг, эх багшийг хүүхдийн хажууд муулж болохгүй, багш хүүхдийн хажууд эцэг эхийг муулж болохгүй. Энэ бол сурган хүмүүжүүлэх ухааны буу. Нэг хүнийг алж байна гэсэн үг. Тэгэхээр эцэг эхэд ч сурган хүмүүжүүлэх боловсрол дутагдаж байна.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Гэр бүлийн хүн минь эдийн засагч мэргэжилтэй. Манайх ам бүл долуул. Гурван охин, хоёр хүүтэй. Гурван хүүхэд минь боловсролын салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж явна. Манайх 1994 онд нийслэлийн анхны тэргүүний өрх айл болж байсан. Дараа нь 2004 онд нийслэлийн анхны оюунлаг гэр бүлээр шалгарч байлаа. Би Монгол Улсын наватор 15 багшийн нэг болж, мэргэжлийн багш нарынхаа дунд “даалимба инээлгэдэг Цэрэнханд” багш нэртэй болж мөр бүтэн сайхан явна. Энэ бол өөрийн эзэмшсэн мэргэжлээ оюун санаандаа дээдэлж, хүндэлж явсны буян заяа гэж боддог доо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *