2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 настай 32,623 хүүхэд элсэнэ. “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ын 1 дүгээр хэсгийн 1.4, хамран сургах тойрог тогтоох тухай, нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалыг тус тус үндэслэн элсэгчдийг бүртгэж буй.
Тодруулбал, төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2017-2018 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 15-ны хооронд бүртгэж, элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулна.
Ингэхдээ нэгдүгээр ангид 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. 5 настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй.
Харин элсэлтийн явцын мэдээг 2017 оны тавдугаар сарын 5, 12-нд гаргаж мэдээллэх юм байна.
Нэгдүгээр ангид бүртгүүлэх хүүхдүүд дараах материалыг бүрдүүлнэ.
- Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
- Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
- 3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг
- Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзнэ.
Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн хамт ирж бүртгүүлнэ. Эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй юм.