Categories
мэдээ улс-төр

Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах асуудал хөрөнгө оруулалтгүйн улмаас зогсчээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10 цаг 23 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга, хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Өнөөгийн байдлаар арьс шир боловсруулах 34 үйлдвэр Улаанбаатар хотын ХУД-ийн 2-р хороо, БГД-ийн дүүрэг, Дархан хот гэсэн 3 газар байршилд байрлаж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гүн боловсруулалт хийдэг 24 үйлдвэр, хагас боловсруулдаг 10 үйлдвэр тус тус үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын хэмжээ богийн арьсанд шилжүүлсэнээр 20,0 сая ширхэг хагас боловсруулах, 6,0 сая ширхэг арьс ширийг гүн боловсруулах хүчин чадал тус тус суурилагдсан байна.

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутгийн заагт Эмээлт орчимд 50 га газарт Арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах дэд бүтцийг барих Техник эдийн засгийн үндэслэл судалгаа, зураг төсөл, төсвийг 2012 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын захиалгаар гүйцэтгүүлсэн. Цогцолборын Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсвийн талаарх танилцуулгыг 2012 оны 10 сард Ерөнхий сайдад танилцуулахад арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах байршлыг дахин судалж тогтоох үүрэг өгсөн. Үүний дагуу дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн Налайх, Багануур, Багахангай, Эрдэнэт, Дархан хотуудын ойролцоо газарт Арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах дэд бүтцийг барих асуудлыг судалж, мөн түүнчилэн арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх, арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах дэд бүтцийг барих асуудлаар өндөр хөгжилтэй орнуудын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, харьцуулсан судалгаа хийсэн. Дээрхи асуудлыг Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Дархан-Уул аймагт төвлөрүүлэн байршуулахаар 249 дүгээр тоот тогтоол баталсан.

Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд холбогдох санхүүжилтийн асуудлыг хэлэлцүүлж, 305 дугаар тогтоолоор батлуулан, “Дархан-Уул аймагт байгуулах Арьс ширний үйлдвэрлэлийн цогцолборын мастер төлөвлөгөө, ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөө боловсруулах” ажлыг сонгон шалгаруулалтаар гүйцэтгүүлсэн.

Засгийн газрын 2013 оны 249 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх явцад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа арьс шир боловсруулах үйлдвэрүүд болон Дархан-Уул аймгийн иргэд Арьс ширний үйлдвэрлэлийн цогцолборыг Дархан-Уул аймагт байгуулах асуудлыг дэмжихгүй байсан тул уг асуудлыг Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, 10 дугаар тэмдэглэл гарсан. Энэхүү тэмдэглэлийн дагуу Орхон аймаг, Улаанбаатар хотын Багануур, Налайх дүүрэг, Чойр, Сайншанд зэрэг дэд бүтэц харьцангуй хөгжсөн аймгуудын саналыг судалж, сонгон шалгаруулалт явуулсан. Үүний дүнд арьс ширний үйлдвэрийн цогцолборыг байгуулахад Улаанбаатар хотын Багануур дүүрэг нь газрын байршил, төлөв байдал, дэд бүтцийн хувьд тохиромжтой гэж сонгогдсон тул Засгийн газарт хэлэлцүүлэхээр бэлтгэсэн.

Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хуралдаанаар 2013 оны 249 дүгээр тогтоолын 1-р зүйлд “Арьс ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Дархан-Уул аймагт төвлөрүүлэн байршуулсугай” гэж заасныг хүчингүй болгосон ба Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Шар хөцийн хоолой” гэдэг газарт “Арьс ширний үйлдвэрийн парк”-ийг байгуулах Нийслэлийн саналыг дэмжсэнгүй гэж тогтоосон байна.

Түүнчлэн, анх төлөвлөж байсан газрын хэмжээг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/139 тоот шийдвэрээр 160 га болгож нэмэгдүүлэн, “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн паркийн төслийн нэгж” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр болсон.

Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн паркийн тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг судлан Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан ба шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн ажиллаж байна. Нийслэл чиг үүргийнхээ хүрээнд Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн паркийн дэд бүтцийг бүтээн байгуулсан нөхцөлд арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг шинэ бүс рүү нүүлгэн шилжүүлж, улс орны нийгэм эдийн засагт өндөр ач холбогдолтой арьс, шир, ноос, ноолуурын үйлдвэрлэлийг хөгжлийн шинэ шатанд гаргахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бодлогоор дэмжин ажиллах болно гэлээ.

Дараа нь Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан мэдээлэл хийв. Тэрээр, УИХ-ын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын 2.5 дахь заалтад заасны дагуу, арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга, хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах гэсэн үүрэг өгөгдсөн байгаа. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалт болоод бусад үйл ажиллагаа хийгдээгүй улмаас арьс, ширний үйлдвэрүүдхэвээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн хүрээнд УИХ-ын 2013 оны 23-р тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, УИХ-ын 2015 онд батлагдсан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, мөн оны УИХ-ын 62 дугаар тогтоолоор Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого тус тус батлагдсан байгаа. Хууль эрх зүйн орчны хүрээнд тодорхой хэмжээнд бэлтгэл ажил хийгдэж, эрх зүй орчин бүрдсэн гэж салбарын хүрээнд үзэж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Шар хөцийн хоолой” гэдэг газарт “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан газрын асуудал шийдвэрлэгдэж, мөн бусад ажлууд хийгдсэн байгаа. Энэхүү төслийн хүрээнд гадна, дотны хөрөнгө оруулагчдыг татах олон уулзалт зохион байгуулагдаж байна. Тухайлбал,IFC буюу Олон улсын санхүүгийн корпорацитай хийсэн уулзалтаар бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд ТЭЗҮ-г олон улсын түвшинд боловсруулах, мөн бэлтгэл ажлыг хангах талаар Нийслэлийн ЗДТГ, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллаж байгаа гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *