БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Үйлдвэрлэл-инновацийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, ШУТИС хамтран “Монголын инновацийн 7 хоног-2017” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээ энэ сарын 08-14-ний өдрүүдэд болох юм. Инновацийн долоо хоногийн хүрээнд энэ сарын 09-нд “Шинжлэх ухаан-боловсрол-төр-бизнесийн түншлэл” семинарыг “Иргэний танхим”-д зохион байгуулна. Энэ үеэр төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийн боломжуудын талаар хэлэлцэж, зөвлөмж гаргахаар төлөвлөжээ. Мөн тавдугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд “Инновацийн нээлттэй үзэсгэлэн”, Төрийн ордонд “Инновацийн үндэсний форум”, 11-12-ны өдрүүдэд “ICIED-2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, “BPA-2017” залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал тус тус болно. Түүнчлэн тавдугаар сарын 12-14-ний өдрүүдэд залуучуудын гарааны бизнесийн “START-UP WEEKEND” арга хэмжээг зохион байгуулах гэнэ. Энэ удаагийн арга хэмжээ Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, инновацийн соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, улс оронд мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэхэд чиглэж байна. Мөн их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, бизнесийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газрууд, төр, засгийн байгууллагууд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод зэрэг өргөн цар хүрээг хамарч байгаагаараа онцлогтой.