Categories
мэдээ нийгэм

С.Ганбаатар: ОУВС-гийн шийдвэрийг харахад Монгол Улс “Рио Тинто”-гийн улс нэртэй уурхай болжээ

Өнөөдөр ОУВС-гийн гаргаж буй шийдвэр болон тэдний тавьж байгаа саналууд хэний эрх ашгийн үүднээс хийгдээд байна вэ гэдэг талаар УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, эдийн засагч Т.Баярхүү, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар: ОУВС-ийн гаргаж буй шийдвэрийг харахад Монгол Улс “Рио Тинто”-гийн улс нэртэй уурхай болжээ. Валют манайд дутагдаж байгаа. ОУВС зүй нь бол та бүхэн Оюутолгой, Центерра Гоулд, Рио-Тинто зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай компаниас баялаг босгож байгаад Монголдоо валютыг ав, валютын урсгалыг нь дотогшоо оруулах нь зөв гэсэн зөвлөмж өгөх ёстой. Гэтэл тэд баялгаа хамаагүй гаргаад надаас зээл ав гэсэн шаардлага тавьж байна. Олон улсын хочилсон нэрээр нь ОУВС-г олон улсын алуурчны сан гэж нэрлэдэг юм шүү дээ. Тэгэхээр ОУВС зээлээ өгөхгүй байгаа нь монгол төрийг энэ 76 гишүүн удирдаад байгаа юм биш, Рио –Тинто-гийн гар хөл болсон хүмүүс удирдаад байгаа юм бишүү хэмээв.

Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: Бид сүүлийн хоёр жил үнэгүй Монголын төлөө тэмцэж байгаа. Манай С.Ганбаатар сүүлийн 10-аад жил “Рио Тинто”, “Оюу-толгой” гэж яриад байгаа. Гэтэл өнөөдөр бидний хэлснээр онош маань зөв батлагдлаа. Өнгөрсөн тав дахь өдөр Вашингтонд болсон ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хуралдаанаар Монгол Улстай хөтөлбөрөө хэрэгжүүлэх болоогүй гэсэн. Шалтгаан нь та нар Монголын баялгийг Монголын банкаар дамжуулна гээд бид нартай тэрсэлдээд байна. Тиймээс та нартай хөтөлбөрт гарын үсэг зурахгүй гээд жинхэнэ эзэн Рио Тинто нь гарч ирж баганынхаа цаанаас цухуйж байна. Сүүлийн үед төгрөгийн ханш унаад өрөнд ороод ядуураад байгаа бүх юмны шалтгаан нь дотоод гадаадын мөнгө хүүлэгчид байна шүү гэдгийг бид мэдээлэхийг зорилоо.

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах асуудал гурван сар өнгөрөөд байхад шийдэгдэхгүй саармагжсан байдалтай байна. Бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн эргэн тойронд болж буй 49 хувийн талаарх асуудлыг эдгээр асуудлуудыг дүгнээд монгол түмний баялаг жинхэнэ эзэддээ хүрэхэд саад болж буй гол хүчин зүйл бол сүүлийн 26 жил монголын төрд шургалсан нам дамнасан МАНАН бүлэглэл юм байна гэсэн дүгнэлтийг хийгээд байна. Тиймээс өнөөдөр МАНАН-гийн толгойлогчид тодорхой болсныг зарлах гэсэн юм. УИХ-аар хоёрдугаар сарын 10-нд гарсан тогтоолыг их хурлын дарга зүйл бүрээр нь саармагжуулж байна. Монгол төрөөс Эрдэнэтийн 49 хувийг хулгайлах ажлыг зохион байгуулсан удирдан чиглүүлсэн этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж яаралтай шалгаж өгөхийг шаардаж байна.

Засгийн газрыг төлөөлж байсан Б.Энхбаяр гэж хүн шүүх хурал дээр очоогүй байна. Тэгэхээр энэ хүн дээр МАНАН бүлэглэлээс маш том дарамт ирсэн байна. Учир нь Б.Энхбаяр гэж хүн 2005 онд Үндсэн хуулийн маргаан үүсэхэд өөрөө үндсэн хуулийн гомдол гаргаж ялсан хүн. Гэтэл ялалтаа шүүхэд гаргаж тавилгүй УИХ-д түдгэлзэх боломжийг яагаад олгож байгаа юм бэ. Тиймээс энэ хүнтэй нэн даруй хариуцлага тооцохыг шаардаж байна гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *