Categories
мэдээ цаг-үе

Хөдөө аж ахуйн бирж малчдынхаа орлогыг боомилж, ченжүүд шатаж, “Эмээлт” зах эл хуль болжээ

Өнгөрсөн бямба гаригт ноолуурын гүйлгээ бага, үнэ хямд байв. “Эмээлт” захад хоёр цаг орчим саатахад лав ноолуураа тушаахаар ирж байгаа малчин, худалдан авч байгаа ченж тааралдсангүй. Ноолуурын улирал эхэлсэн шигээ хөл хөөр, хөдөлгөөн, бужигнаан огт алга. Түүхий эдийн ТҮЦ-үүдийн ихэнх нь цоожтой, худалдааны төв хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй хэсгийн идэвх сул байна. “Ноолуур хэдээр авах вэ” гэсэн асуултад “65” гэсэн товч хариулт өгнө. Эмээлт захын амьдрал ихээхэн эвгүй байгаа нь эндээс ажиглагдлаа. Уг нь ноолуурын үнэ сулрах тусам малчдын урам хугарч, ченжүүдийн сэтгэл сэргээд ирдэгсэн. Гадаа нь очоод машинаа зогсоогоогүй шахам байхад гүйж гарч ирээд машин тэрэг нэгжээд “Алив хаана байна” гээд ээрч хоргоогоод байдаг үе түүх болсон уу гэлтэй. Ченжүүд ч нэг л гундуухан, Эмээлт зах эл хуль байна.

Учир шалтгааныг лавлалаа. “Тэрх” төвийнхний хариулж байгаагаар гол буруутан нь төр гэнэ. Бүр тодруулбал Хөдөө аж ахуйн бирж бололтой юм. Өнгөрсөн сарын сүүлээр Хөдөө аж ахуйн биржээс аймаг бүрт зохион байгуулсан ноолуурын дуудлага худалдаа үнийг навс унагажээ. Ноолуурын үнэ 105 мянган төгрөгийн ханштай эхэлсэн учраас 90-95 мянган төгрөг орчимд тогтоно гэж тооцоолж. Урьд жилүүдэд ч ноолуурын улирал эхлэхэд 70 мянган төгрөгөөс эхэлж 55 мянган төгрөгийн ханштай хаагддаг байсан учраас тооцоо зөрөхгүй гэж бат итгэж. Гэтэл Хөдөө аж ахуйн биржийнхэн өнгөрсөн сарын сүүлээр дуудлага худалдаа аймаг бүрт зохион байгуулж эхэлсэн нь нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлжээ. Жишээ нь, Хөвсгөл аймгийн Их уул суманд дуудлага худалдаа болохын өмнөх өдөр килограмм ноолуур 90-95 мянган төгрөгийн үнэтэй байж. Гэтэл дуудлага худалдаанд оролцсон дотоодын аж ахуйн нэгжүүд 80 мянган төгрөгөөр худалдан авсан нь асуудлын эхлэлийг тавьжээ. Дуудлага худалдаа болсон аймгуудад дэс дараалан ийм нөхцөл байдал үргэлжилсэн байна. Ингээд ноолуурын үнэ 80 мянган төгрөгөөс дээш гардаггүй юм аа гэхэд буухгүй байх гэтэл бас л “Хөдөө аж ахуйн биржээр дамжаагүй ноолуур хилээр гаргахгүй, хот руу ч оруулахгүй гэнэ” гэсэн шуум тарж асуудал дээр асуудал үүсгэсэн бололтой. Үүнийг сонссон хятадууд үнээ огцом буулгаж 70 мянган төгрөг орчимд тогтоосон байна.

Ийнхүү “90 мянган төгрөгөөс доош буухгүй” гэсэн тооцоотойгоор хамаг мөнгөө гаргачихсан, авсан ноолуураа дамлан арилжиж, хөрөнгөө бас ашгаа олж амжаагүй ченжүүд ихээхэн хүнд байдалд орж “том шатжээ”. Зарим нь өнөөдөр ч өндөр үнээр авсан ноолуураа эргэлтэд оруулж чадаагүй байгаа болохоор хэдий хэр хөрөнгөөр хохирох нь тодорхойгүй байгаа бололтой. Бүр “Шатах энүүхэнд. Багахан мөнгө эргэлдүүлдэг нөхдөөс маань бүрэн дампуурсан нь ч бий байх. Сүүлийн үед ноолуур авдаг чингэлгээ онгойлгохгүй хүмүүс нэлээн хэд ажиглагдаж байгаа” гэж ярих нь ч байв.

Энэ шалтгааны улмаас “Эмээлт” захынхан гурав хоног ноолуур аваагүй бөгөөд хэсэг хугацаанд байдлыг ажигласан тухай мэдээлэл ч сонстлоо. Гэхдээ л ченжүүд ноолуурын улирал хаагдтал ашиг олж, алдагдлаа бууруулахын тулд банк санхүү болоод бусад эх үүсвэрээс зээл аван арилжаа хийсээр байгаа юм байна. Саяынх шиг төр хөндлөнгөөс оролцож үнийг улам сулруулж, гэнэтийн дайрлага дайрчихгүй л бол ченжүүд шархаа нөхөж амждаггүй юм аа гэхэд алдагдлаа багахан ч болов бууруулах зорилготой байгаа аж.

Асуудал үүгээр дуусаагүй. Ченжүүд бүх хөрөнгөө үнэтэй ноолууранд түгжсэн. Тэгээд хүмүүсээс зээл авч алдагдлаа бууруулах гэтэл гүйлгээ хумигдаж эхэлжээ. Хэдхэн хоногийн өмнө ноолуур 100 мянган төгрөгөөс дээш гарч байсан учраас малчид 65 мянгаар өгөхийг хүсэхгүй байгаа сурагтай. Хөдөө орон нутгийн сүлжээ ченжүүд нь ч малчид ноолуураа дарж эхэлсэн гэх мэдээллийг өгч байгаа юм байна. Шууд хэлбэл, ноолуурын эргэлт багасч, малчдын, ченжүүдийн, цаашлаад Монгол Улсын олох орлого багасч эрч суларчээ. Тиймдээ ч “Эмээлт” зах эзэнгүй шахам байгаа нь ийм учиртай аж.

Түүхий эдийн ченж Ч.Сайханаас “Ноолуур хэдээр авч байна даа” хэмээн асуухад “Ноолуурыг чинь үзэж байж л болно доо. Тоосролт ихтэй бол 65 мянган төгрөг. Тоос, шороогүй бол 70 орчим мянгад хүрэх байх” гэсэн хариултыг өглөө. “Цаашид үнэ яах бол. Ноолуурын үнэ яагаад буураад байна вэ” гэсэн асуултад “Ер нь хятадууд хэд гэж дуугарна ноолуурын ханш тэгж л тогтдог. Нэг килограмм ноолуур 10 мянган төгрөг гэвэл үнийг яаж ч өсгөх гэж оролдоод нэмэргүй. Харин өнөө жил 100 мянган төгрөгт хүрсэн нь үнэн. Ноолуурын эрэлт нэмэгдэхээр ханш буурах нь буурдаг. Гэхдээ ингэж огцом буурдаггүй. Энэ жилийн ноолуурын ханш буурсан асуудалд яалт ч үгүй төр, Хөдөө аж ахуйн бирж буруутай. Зүв зүгээр байхад нь хөндлөнгөөс давхиж ороод нэг өдрийн дотор 20 мянган төгрөгөөр буулгачихаж байгаа юм. Маргааш нь элдэв шуум тараад дахиад 10 мянган төгрөг хасагдсан. Цаашид яахыг ёстой тэнгэр л мэдэх байх. Энэ зөрүүнээс болж бүх ченж хохирсон. Ахиад нэг л хүчин зүйл нөлөөлөх юм бол ноолуурын үнэ улам унана. Гуч, дөчин мянган төгрөгт ч хүрэхийг үгүйсгэх аргагүй ийм эмзэг байдаг юм. Манай төрийн бодлого, хятадуудын ааш зан хоёр ерөнхийдөө тодорхойлоод байдаг. Хөдөө аж ахуйн бирж биднийг ад үзээд манайх л дуудлага худалдаа хийж үнэ ханшийг өндөр болгодог гээд байсан, хаана байна. Бид дэлхийн зах зээлд ноолуураа өрсөлдүүлж, жишээ нь Европт өндөр үнээр гаргах орчин бүрдээгүй тохиолдолд бидний гараар дамжиж Хятад руу гаргахаас өөр аргагүй шүү дээ. Төр хамгийн муу менежер гэдэг хэрнээ бүх зүйлд оролцож муу зүйлээ улам муу болгоод байх юм. Чаддаг чаддаг зүйлээ хийгээд явж байвал хэн хэндээ сайн баймаар юм” хэмээж байлаа.

“Эмээлт” зах, ноолуурын улирлын нөхцөл байдал ингэж эргэжээ. “Энэ жил ингээд баларлаа. Дараа жил ул сууртайхан хөдөлнө өө” гэсэн хүмүүс “Эмээлт”-ээр нэг байна. Ер нь хөдөө аж ахуйн бирж хэмээх байгууллага ноолуурын арилжаанд хутгалдан орсон нь малчдын эдийн засагт хохирол учруулж, энэ төрлийн бизнес эрхлэгчдээ ч алдагдалд оруулжээ. Энэ үйлдэл нь ирэх жилийн ноолуурын ханшид ч сөргөөр нөлөөлж болзошгүй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *