Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь өдрийн арга хэмжээ үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвээр мэдээлэл хийлээ.
Тэрбээр ”Төрийн сахилга хариуцлагыг сайжруулж, нэр хүндийг дээшлүүлэх асуудал бүх шатанд олон жил яригдаж, тодорхой шийдэл, арга, хэмжээ авдаг хэдий ч үр дүн туйлын хангалтгүй байна. Төрийн өндөр албан тушаалтны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн авлигаас ангид байж, тэдгээрийн манлайлах үүргийг бий болгох нь чухлаар тавигдаж байна Хуулийн засаглал, хууль дээдлэх ёс төлөвшиж тогтсон улсуудад иргэний болон нийтийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд нь үр дүнтэй ажилладаг бол харин харьцангуй сул хуулийн засаглалтай улсуудад Үндсэн хуулийн байгууллага байгуулах замаар шийдвэрлэх санаачилга гарч байна гэж судлаачид үзжээ.
Парламентын бүтцэд хянан шалгах хороо байгуулснаар Авлигатай тэмцэх газар, бусад хуулийн байгууллагын эрх хэмжээ хүрэхгүй байгаа авлигын болон нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн ноцтой асуудлаар парламент мөрдөн шалгалт хийж бодит байдлыг тогтоох, ингэснээр шүүх эрх мэдлийн байгууллагад тухайн асуудлаар гарц нээж өгнө гэж нэг хэсэг нь үздэг бол зарим судлаачид одоо байгаа бүтцийн байгууллагуудын эрх хэмжээг нэмэгдүүлвэл уг асуудлыг шийдэх боломжтой, “Хянан шалгах түр хороо”-ны дүгнэлт нь шүүхэд үүрэг хүлээлгэхгүй тул парламентын мөрдөн шалгах явцад тогтоогдсон байдал бодит үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй гэж шүүмжилдэг.
Үндсэн хуулийн бус арга хэрэгслээр засгийн эрх мэдэл хооронд харилцан нөлөөлөх боломжийг хязгаарлана гэж үздэг бол зарим хэсэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхэд үйлчилдэг байгууллага гэдэг статусыг маш тодорхой хуульчлах, шүүгчид, шүүн таслах ажиллагаанд нөлөөлөхгүй байх нөхцөлийг нь сайтар хангахгүй бол мөн л шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлтэй гэсэн байр суурийг илэрхийлдэг” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн , чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвээр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төрийн албан хаагчдын тоо 2001 оноос хойш аажмаар өссөөр 2012 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 162 769 төрийн албан хаагч, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 186 458 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 3 092 нь улс төрийн, 19 687 нь төрийн захиргааны, 35 736 нь төрийн тусгай албаны, 127 943 нь төрийн үйлчилгээний албанд ажиллаж байна. Дээрх статистик мэдээллээс харахад 4 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын нийт тоо 23 689-аар нэмэгдсэн байна. Төрийн албыг тогтвортой, улс төрөөс хараат бус болгохын тулд 2008 онд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж улс төрчдөөс бусад бүх төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгосон. Гэвч, төрийн албан тушаалд томилох, халахдаа улс төрийн намын харьяаллыг харгалзан шийдвэрлэсэн асуудалтай холбоотой гомдол захиргааны хэргийн шүүхэд ихээр ирдэг. Түүнчлэн албаны тоон үзүүлэлтээс харахад сонгуулийн дараа халаа сэлгээ хийх нь их байна. Энэ нь төрийн алба улс төрөөт хараат байсаар байгааг харуулж байна.
Төрийн алба тогтвортой байх нь төрийн албан хаагч мэргэшсэн байхтай салшгүй холбоотой. Төрийн албан хаагч мэргэшсэн байх гэдэгт түүнийг төрийн ажилд дадлагажуулах, туршлага суусны хэрээр түүнийг илүү хариуцлагатай ажилд шат ахиулан ажиллуулахыг ойлгоно. Үүнийг хангах үндсэн арга нь албан тушаал бүрийн зорилго, чиглэл, түүнд ажиллах хүнд тавигдах шалгуур маш тодорхой байх учиртай.
Гэтэл манайд үйлчилж байгаа хууль тогтоомж хэт ерөнхий байгаагаас байгууллагууд албан тушаалд тавих мэдлэг чадварын шаардлагыг ерөнхий байдлаар, нийтлэг үзүүлэлтээр тогтоодог. Сул орон тоо гарсан тохиолдол бүрт ажил олгогч өөрийн сонирхож байгаа хүндээ тохируулан ажлын байранд тавигдах шаардлагыг өөрчлөх, яг ижил албан тушаалуудад өөр өөр шаардлага тавьж төрийн албаны шалгалт зарлах нь элбэг байна. Мөн төрийн албан хаагчдыг хуульд заасан үндэслэлээс гадуур халж, чөлөөлөх нь тасардаггүй. Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн төрийн албатай холбоотой маргаан 2012 онд 133 байсан бол 2015 онд 400 болж өссөн” гэв.
Үүний дараа асуулт, хариултаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Дараа нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Анхдугаар зөвлөлдөх санал асуулга хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 670 иргэн Төрийн ордонд ирээд, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байна уу, үгүй юу гэдгийг хэлэлцэж байна.
Энэхүү санал асуулгад иргэдийн идэвх үнэхээр их байна. Иргэдийн зүгээс УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалтыг давхар хаших ёсгүй. УИХ-ын гишүүн хууль тогтоох, сонгогчидтой уулзах, хууль нь хэрэгжиж байна уу, үгүй юу гэдэг дээр хяналт тавих ажилтай байдаг. Харин Засгийн газрын гишүүн бүхэл бүтэн яам удирдаад явдаг тул ажил цалгардах сөрөг тал байна. Тиймээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хаших хэрэггүй гэдэг байр суурийг илэрхийлж байна. Энэ бол иргэдийн санал бодлын нэг хэсэг нь юм.
Зарим хүмүүст Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүнг эцсийн үр дүн гэж хараад байна. Гэтэл энэ бол шат дараатай явах арга хэмжээнүүдийн эхний хэсэг юм. Өнөөдөр оролцсон иргэн бүрээс тусгайлан санал авна. Ингээд санал авах, баримт бичгийг хураах зэрэг ажиллагааг бүгдийг нь баримтжуулж, камерын бичлэг хийнэ. Хэрэв дараа нь ямар нэгэн маргаантай асуудал гарч ирэх юм бол камерын бичлэгээ баримт болгон ашиглах юм. Бүхий л үйл явц ил тод шударга явж байгаа” гэв.
Ингээд “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын бага хурал гэсэн хоёр танхимтай байх” гэсэн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Сэдвийн хүрээнд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат танилцуулга хийсний дараа иргэд баг болон хуваагдаж зөвлөлдөв. Улмаар 1.30 цаг зөвлөлдсөний дараа зөвлөлдөх санал асуулга эхэллээ.
Иргэдийн төлөөлөл баг болон хуваагдаж, экспертүүдээс асуулт асуусан юм.
Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан:
“-Дээд, доод танхим нь гурван янзын шалтгаанаар үүсч гарч ирдэг. Нэгдүгээрт, холбооны улсад мужийн төлөөллийг хангах зорилготой байдаг. Хоёрдугаарт, хууль тогтоох чанарыг сайжруулах зорилготой. Дээд танхим бол хуулийн чанар ямар байна вэ гэдгийг хянах зорилготой. Гуравдугаарт, анх парламент үүссэн цагаас уламжлагдсан шалтгаан байдаг. Энэ нь Монголд тохирох уу гээд харах юм бол манай улс нэгдмэл учраас мужийн төлөөлөл гэж байхгүй. Хоёр танхим бол 20 саяас дээш хүнтэй улсад байдаг. Жижиг улсад хоёр танхимтай парламент бараг байдаггүй. Хуулийн чанарыг сайжруулах тал дээр заавал хоёр танхимтай болохгүйгээр хуулийн чанарыг сайжруулж болно” гэлээ.
Академич Н.Лүндэндорж:
“-Холбооны улс бол үргэлж хоёр танхимтай байдаг. Энэ бол тогтсон уламжлал. Манайх нэгдмэл улс байж хоёр танхимтай болох уу үгүй юу гэж ярьж байна. Нэгдмэл улсад парламентын хөгжил нь нэлээд явсан үед хууль тогтоох үйл ажиллагаагаа чанартай болгохын тулд хоёр танхимтай болдог. Дээд, доод гэж нэрлээд байгааг би бол буруу гэж боддог. Доод танхим нь жинхэнэ ард түмнээс сонгогдсон төлөөлөгчдийн танхим юи. Доод танхимд янз бүрийн хүн сонгогдож болно. Бичиг үсэггүй хүн ч байж болно. Тийм хүмүүс хууль тогтоох нь тиймхэн байдаг. Тэр хүмүүсийн тогтоосон хуулийг мэргэжлийн үүднээс засч сайжруулах танхим нь дээд танхим юм. Одоогийн манай Үндсэн хуулийн төсөлд явж байгаа заалт нь энэ утгаар биш арай өөр утгаар яригдаж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна” гэв.
Монгол Улсын гавьяат хуульч, Академич Ж.Амарсанаа:
“-Өнөөдрийн бидний ярих сэдэв бол 12 үгний эхний долоог нь харамч байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж. Тэгэхээр бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд ярих учиртай. Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1.1-д Монгол Улсын иргэн Үндсэн хуулийг дээдлэн сахин биелүүлэх үүрэгтэй. Хэрэв хоёр танхимын тухай ярьвал Үндсэн хуулийн 70 зүйл, 99 хэсгийн 50 гаруй зүйл нь өөрчлөгдөнө. Шинэ Үндсэн хууль батлагдахад хүрнэ. Тэгэхээр энэ хүрээнээс халих хэмжээнд хүрэх гээд байна.
Хоёрдугаарт, хүмүүс гадны жишиг яриад байна. Анааш гэхээр тэмээний тухай яриад байх юм. Тийм амьдрал тусдаа. АНУ олон үндэстэнтэй, Швейцар олон хэлээр ярьдаг. Харин Монгол Улс бол өөр. Бид Монгол Улсын доторх асуудлыг шийдэх ёстой. Депутат байсан хүмүүс мэдэж байгаа байх. Өмнө нь дөрвөн удаа хэлэлцүүлэхэд нэг танхимтай байна гээд тогтчихсон. Амьдралын 20 гаруй жил явж ирсэн хэвшлийг одоо өөрчлөнө гэвэл боломжгүй. Яагаад ийм асуудал ороод ирчихсэн нь сонин байна. Одоогийн нэг танхимтай тогтолцоогоо баталгаажуулах гэсэн байх гэж бодож байна” гэлээ.