Categories
мэдээ цаг-үе

Б.Нарантуяа: Бильярд тоглох нь зан араншинг төлөвшүүлж, тооцоололтой амьдрах чадварыг бий болгодог

Пүүл болон снүүкер бильярдын улсын зургаан удаагийн аварга, спортын мастер Баярсайханы Нарантуяатай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан пүүл бильярдын УАШТ-ээс алтан медаль хүртсэн билээ.


-Юуны өмнө уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу. Анх бильярдыг хэнээр заалгаж, тоглож сурсан бэ?

-Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1994 онд төрсөн. Намайг төрөөд долоо ч хоноогүй байхад манайх Улаанбаатар хотод шилжин ирж суурьшсан гэдэг. Улмаар манай гэр бүл 100 айлд, нэг давхар улаан тоосгон барилгын материалын дэлгүүрийн ард талын хашаанд манаач хийж амьдардаг байлаа. Аав, ээж, ах, эгч гээд бүгд л дор бүрнээ ажил хийж, амьдралаа авч явдаг байв. Тухайн үед би ч гэсэн аав, ээжийнхээ өгсөн мөнгөөр чихэр, печень, ундаа, ус аваад зарж, олсон хэдэн төгрөгөө гэр бүлийнхээ орлогод нэмэрлэдэг байсан. 100 айл орчмоор ингэж явахдаа бильярд тоглож байгаа хүмүүсийг хараад гоё санагдаж, өөрөө тоглож үзэх юмсан гэж боддог байв. Нэг өдөр аав маань найзуудтайгаа бильярд тоглох үед би хамт явсан юм. Аав маань надад бильярд тоглохыг зааж билээ. Тэр цагаас хойш өнөөх бильярдны газраас салахаа байсан даа.

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд хэд дэх жилдээ оролцож байна. Өмнө нь ямар амжилтууд гаргаж байв?

-Өнгөрсөн долоо хоногт болсон пүүл бильярдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртсэндээ баяртай байгаа. Энэхүү тэмцээнд зургаа дахь удаагаа түрүүлж байна. Ийм амжилт гаргасан эмэгтэй тамирчин одоогоор надаас өөр байхгүй. Харин эрэгтэй шилдэг тамирчид их шүү. Ер нь сүүлийн жилүүдэд манай улсад бильярдын спортоор хичээллэх хүүхэд, залуучуудын тоо эрс нэмэгдсэн. Тэр ч утгаараа Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа тамирчдын чансаа жилээс жилд дээшилж байгаа нь харагдаж байна.

-Ихэнх хүмүүс чөлөөт цагаараа найз нөхдөөрөө нийлж энэхүү тоглоомыг тоглох дуртай байдаг. Ер нь мэргэжлийн тамирчид бильярдыг ямар дүрмээр хэрхэн тоглодог вэ?

-Мэдээж хэрэг мэргэжлийн тамирчдын тоглож байгаа дүрэм сонирхогчдынхоос бага зэрэг өөр л дөө. Пүүл бильярд нь арван зургаан шааригтай. Шаариг тус бүр дээр нэгээс 15 хүртэлх цифр бичигдсэн байдаг. Мөн алаг, цул гэсэн өнгөтэй. Эдгээр шааригийг ямар ч тоогүй, цагаан өнгийн шаариг буюу “бух”-аар цохиж, ширээний хоёр талд байрлах зургаан нүхэнд оруулж тоглодог. Үүнийг бараг мэдэхгүй хүн гэж байхгүй биз. Ихэнх хүмүүс бильярдыг найман шааригны дүрмээр тоглодог. Жишээ нь хоёр тоглогч шааригийг алаг цул өнгөөр нь ялган цохиж, хамгийн сүүлд хар өнгийн шааригийг оруулсан тоглогч хождог. Мэргэжлийн тамирчид ч гэсэн энэ дүрмээр тоглодог. Гэхдээ хамгийн сүүлийн хар шааригийг оруулах гэж байгаад “бух”-аа унагачихвал шууд хожигддог онцлогтой. Сонирхогчид тоглолтын явцад “шороом” буюу өрсөлдөгчийнхөө шааригаар өөрийнхөө шааригийг цохиж болдог. Харин мэргэжлийн тамирчид тэгж тоглож болохгүй. Санаандгүй байдлаар өрсөлдөгчийнхөө шааригийг цохих юм бол торгуулдаг. Мөн есөн шаариг, арван шааригны дүрэм гэж бий. Есөн шааригны дүрэм нь хоёр тоглогч өнгөөр биш тоогоор тоглодог. Энэ нь нэгээс ес хүртэлх шааригийг ямар нэгэн захиалга өгөхгүй, яг дарааллаар нь цохиж оруулна гэсэн үг. Жишээ нь, би нэгээс найм хүртэлх тооны шааригийг цохиж оруулчихаад ес дэх шааригаа оруулж чадаагүй цохилтоо шилжүүллээ. Харин өрсөлдөгч маань тэр үлдсэн нэг шааригийг оруулчихвал шууд хождог дүрэмтэй. Арван шааригны дүрэм нь ч гэсэн үүнтэй адилхан. Гэхдээ тухайн цохих гэж байгаа шааригаа яаж цохих, аль нүхэнд унагахаа урьдчилан хэлж, захиалах ёстой. Мөн адил хамгийн сүүлд арав дугаартай шааригийг авсан нь хождог.

-Бильярд тоглох явцад ямар ямар захиалга өгч, цохилт гүйцэтгэдэг юм бол?

-Тоглолтынхоо байдлаас болоод юу ч гэж хэлж болно. Ерөнхийдөө “булан”, “дундуур”, “эргэж дундаа” буюу ширээний голын хананд ойролцоо байгаа шааригийг эсрэг талын нүхэнд унагах зорилготой цохилт, “богино булан” буюу ширээний буланд байрлах шааригийг эсрэг талын буланд нь унагах зорилготой цохилт, “дүплээ булан” буюу буланд байрлах шааригаа ширээний хананаас (борт) ойлгон, эсрэг буланд нь унагах зорилготой цохилтыг хэлж байгаа юм. Үүнийг яг таг үгээр илэрхийлнэ гэдэг хэцүү юм. Тоглоод үзвэл хялбархан ойлгогдоно (инээв). Мөн цагаан шаариг буюу “бух”-аа татаж, түлхэж, эргүүлэгтэй цохиж болдог. Ингэхдээ бухныхаа тойргийг цагтай адилтгаж үзнэ. Жишээ нь бухныхаа дээд хэсэг буюу арван хоёр цагийн байрлалд цохилт хийвэл бух түлхэгдэнэ. Харин зургаан цагийн байрлалд цохивол бух татагдана гэсэн үг. Хажуугийн гурав юм уу, есөн цагийн байрлалд цохивол шаариг эргүүлэгтэй өнхөрнө. Энэ цохилтуудыг тоглолтын явцад хэдэн ч удаа гаргаж болно. Гол нь бухны онох шаариг ямар байрлалд байна гэдгээс их хамаарна.

-Бильярд тоглоход зогсолт их чухал байх. Ямар байрлалтай, хэрхэн зогсох ёстой вэ?

-Тэгэлгүй яахав. Энэ спортоор амжилт гаргаж хожихын тулд зөв зогсч, зөв цохилт хийж сурсан байх шаардлагатай. Тоглогчийн зүүн хөл хагас нугаларсан, баруун хөл нь шулуун байх хэрэгтэй. Бөхийж баруун гараа цохиур модныхоо араас 90 хэмийн өнцгөөр нугалж, тэгшхэн барьж цохино. Ингэж зогсч зөв барилтаар цохилт хийж байж шааригаа оруулна шүү дээ.

-Снүүкер болон пүүл бильярдын ялгаа нь юу вэ. Өөрөө аль төрлийг нь илүү сонирхдог вэ?

-Дэлхийд пүүл, снүүкэр гэсэн бильярдын хоёр л төрөл хөгжиж байгаа. Миний хувьд энэ хоёр төрлөөр хоёулангаар нь хичээллэдэг. Пүүл нь снүүкерийг бодвол арай жижиг ширээтэй хэрнээ шаариг орох нүхнийх нь амсар өргөн, тэр ч утгаараа шаариг нь арай том. Харин снүүкер ширээ томтой хэрнээ шаариг нь жижиг, тоогүй, зөвхөн өнгөөр нь цохиж, оноогоор тоглодгоороо ялгаатай. Ер нь улс орон бүрт залуучууд нь пүүл бильярдыг түлхүү тоглож, ахимаг насны, хөрөнгө чинээтэй хүмүүс нь снүүкер тоглож байгаа нь ажиглагддаг. Гэхдээ ч өнөө цагт хүмүүс дуртайгаа л тоглодог болсон л доо. Миний хувьд тэр энэ гэсэн зүйл байхгүй. Гэхдээ арай илүү сонирхолтой нь гэвэл снүүкер. Учир нь аль их оноо авсан нь ялдаг. Бас их мэдрэмж, ур чадвар шаарддаг учраас тоглох дуртай.

-Снүүкер бильярдыг хэрхэн тоглох талаар тодруулаач?

-Дөрвөн өнцөгт зургаан нүхтэй том ширээн дээр 15 ширхэг улаан шаариг, мөн хоёр онооны шар, гурван онооны ногоон, дөрвөн онооны бор, таван онооны хөх, зургаан онооны ягаан, долоон онооны хар өнгийн шааригийг бэлдэж тавьдаг. Нийтдээ 21 шааригаар тоглодог юм. Эхний ээлжинд улаан өнгийн шааригийг оруулж, дараа нь өөр өнгийн шаариг оруулах замаар хамгийн өндөр оноо авсан тоглогч хожно. Ихэвчлэн тодорхой тооны тоглолтын дараа хэн олон хожсон нь ялагч болдог. Энэхүү тоглоом нь Энэтхэгт байрлах Их Британийн армийн офицеруудын дундаас үүссэн гэж үздэг бөгөөд Их Британийн колоничлол болон нөлөөнд байсан бүх улсад тархан хөгжсөн байдаг юм билээ.

-Ер нь бильярдын спортоор хичээллэснээр хувь хүн ямар ур чадварыг эзэмших бол. Энэ спортын давуу тал нь юу вэ?

-Бильярд нь тооцооллын спорт шүү дээ. Шатартай л адилхан гэсэн үг. Яаж нүүхэв гэж их боддогтой адил толгойгоо сайн ажиллуулах хэрэгтэй. Гурван нүүдлийн цаадахыг харж тоглоно гэдэг шиг л гурван цохилтын цаадахыг харж байгаад л тоглодог. Нэг л алдвал хожих боломж эрс буурна. Бараг найдлагагүй. Тийм болохоор сэтгэл санааны хувьд тайван байж, цохилтоо хийхийг шаарддаг спорт. Бильярд тоглох үедээ өөрийн мэдэлгүй нааш, цаашаа хөдлөхдөө таваас долоон километр зайд алхчихсан байдаг. Яагаад ч юм бильярд тоглохоор миний санаа зовж байсан зүйлс мартагддаг шүү. Тоглож байхдаа сандраад л “одоо яанаа” гээд байх юм бол шааригаа огт цохиж чадахгүй. Сандрах, айж балмагдах үед зүрхэнд хэт их ачаалал өгдөг учраас төвлөрч чадалгүй бие салганаж эхэлнэ. Тийм учраас сэтгэл санаагаа маш сайн бэлдэх хэрэгтэй. Тэр ч утгаараа бильярд тоглох нь хүний зан араншинг төлөвшүүлж, тэвчээртэй, тооцоололтой амьдрах чадвар бий болгодог гэж боддог.

-Хамгийн анх ямар тэмцээнд оролцож байв. Манай улсад энэ төрлөөр ямар уралдаан тэмцээнүүд болдог вэ?

-2009 онд одоогийн “Шайн” клубээс зохион байгуулсан тэмцээнд анх удаа оролцож мөнгөн медаль хүртсэн. Тэндээс л тэмцээн уралдаан гэж юу байдаг талаар ойлголттой болсноор амжилтын гараагаа эхлүүлсэн. Ер нь 14 хоногт нэг удаа тэмцээн зохион байгуулдаг. Заримдаа долоо хоногт ч нэг тэмцээн явагддаг. Тухайн зохион байгуулж байгаа клубээсээ шалтгаалаад л янз бүр. Харин зуны гурван сард тэмцээн уралдаан зогсчихдог.

-Олон улсын тэмцээнүүдэд оролцож байсан уу?

-2013 онд Инчоны Азийн наадамд оролцож “Хүндэт диплом”, 2014 онд “China open” тэмцээнд оролцож шилдэг 32 тоглогчийн нэгээр шалгарсан, “Ногоон ширээний дэлхийн аварга”-д хоёр удаа явж байсан. Ер нь ямар ч тэмцээн рейтингээс шалтгаалахгүйгээр нээлттэй байдаг. Ямар ч хүн явж болно. Хамгийн гол нь хувиасаа зардал гаргах л хэцүү. Энэ асуудал дээр л манай монгол тамирчид гацаад байгаа юм.

-Өөрөө ямар мэргэжлээр сурч байна. Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Би Отгонтэнгэр их сургуулийн санхүүгийн ангийн төгсөх дамжааны оюутан. Анх энэхүү мэргэжлийг сонгохдоо дурлаж, сонирхож ороогүй (инээв). Ер нь санаандгүй л сонгосон гэж хэлж болно. Дунд сургуулиа төгсөж байхдаа Хууль сахиулахын их сургуульд орох хүсэлтэй байсан боловч эмэгтэй хүүхэд элсүүлдэггүй жил таарсан юм. Тэгээд л энэ сургуульд орсон. Одоо Монголд болох улсын хэмжээний тэмцээндээ оролцох, их сургуулиа амжилттай төгсөх гэсэн төлөвлөгөөтэй байна даа. Энэ ажлуудыг амжуулчих юм бол цаашдаа их зүйл хийнэ. Энэ спортоор багаасаа сонирхон хичээллэсэн болохоор эцсийг нь үзнэ л гэж бодож байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *