УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрөгч даваа гаригт хуралдсан ч мэдээлэл хийгээгүй. МАН-ын бүлгийн хуралдаанаар намрын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд орон нутагт ажилласан мэдээлэл сонсож санал солилцсон гэсэн даруухан хариултыг хэлж байсан ч үнэндээ концессоос болж Засгийн газар, УИХ хоёр тал болон муудалцсан байх юм. Бүлгийн хурлаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн долоон төрлийн концессын асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн хооронд үл ойлголцол үүссэн байна. Засгийн газрын зүгээс оруулж ирсэн автозам, эрчим хүч, сургууль, цэцэрлэг тэргүүтэй долоон төрлийн концессоо үргэлжлүүлэх ёстой гэсэн ч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Болорчулуун нарын гишүүдээс эхлээд хүчтэй эсэргүүцжээ. Тэдний зүгээс үе үеийн Засгийн газар компаниудыг зүтгүүлэх эрх ашигт нэгддэг. Тэгж болдоггүй юм. Үзэлцэнэ шүү гэдгээ ч хэлээд авсан байх юм.
Нэр бүхий долоон төрлийн концессын ажил арван их наяд төгрөгийн өртөгтэй бөгөөд эрчим хүчний хоёр, автозамын хоёр, эмнэлгийн хоёр гэхчилэн концессууд багтжээ.
Харин бүлгийн гишүүдийн зүгээс “Засгийн газрынхан бидэнд мэдэгдэлгүй ар хударгаар концессуудаа хувааж авсан байна. Бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй” гэхчилэн Засгийн газрын гишүүд болон кабинетын тэргүүнд хаягласан ширүүн үгсээр бөмбөгджээ. Хариуд нь өмнөх Засгийн газрын үед хэрэгжиж байсан дөрөв, шинээр гурван төрлийн концессын ажлыг үргэлжлүүлэх гэж байгаа талаар Засгийн газрын зүгээс тайлбар өгчээ. МАН-ын гишүүдийн уурласан гол шалтгаан нь эдгээр концессуудын жагсаалтад нэр бүхий сайд нартай холбоотой концессын ажлууд байсан тул бухимдсан байх юм. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Зарим концесс өмнөх Засгийн газрын үед хэрэгжиж эхлээд дуусаагүй байсан юм. Одоо үргэлжлүүлэхээр орж ирж байна” гэжээ. Мөнөөх жагсаалтад “МАК” компанийн эрчим хүчний шугам татах концессын ажил багтжээ. Энэ талаар хэвлэлийнхэн ч хэд хоногийн өмнө шуугиад авсан. Үүнийг батлах мэт УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат руу “Чи Монгол Улсын Ерөнхий сайд юм уу, МАК-ийн Ерөнхий сайд юм уу. Ингэж дураараа дургихаа болиорой” гэхчилэн нэлээд ширүүхэн үг хэлсэн талаар эх сурвалжууд хэлж байлаа. Сүүлдээ Засгийн газар, УИХ нь хоёр тал болж байгаад “ална, тална даа” тулсан сураг ч дуулдав. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун концессын асуудлуудад байр суурь нэгдэхгүй байгаагаа илэрхийлэн “Хэрэв Засгийн газар энэ мэтчилэн асуудалд хандаж, концессыг энэ чигт нь зүтгүүлэх юм бол Засгийн газрыг огцруулах санал оруулж ирнэ шүү” хэмээн бүлгийн хурал дээрээ мэдэгджээ. Энэ мэтчилэн бүлгийн гишүүдийн хооронд нэлээд ширүүн маргаан өрнөсний эцэст ямартай ч концессуудыг судалж үзэхээр болж ажлын хэсэг байгуулжээ.
МАН-ын бүлгийн хуралд “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд мэдээлэл хийжээ. Тэрбээр “Чалко” компанид төлөх ёстой өрийг өнгөрөгч сарын 30-ны өдрөөр тасалбар болгон төлж дууссан талаар ярьсан байна. Олон улсын зах зээлд нүүрсний үнэ өсч байгаа тул гэрээндээ цаашид өөрчлөлт оруулж борлуулах үнийг нь нэмэхээр ярьж байгаа ч “Чалко”-гийн зүгээс тийм ч таатай хандахгүй байгаа гэжээ. Гэсэн ч бүлгийн хуралд суусан гишүүд ашигтай ажиллах хэрэгтэй, 1072 хувьцааны асуудлыг шийдэх ёстой гэдгийг ярьсан талаар эх сурвалж өгүүлэв.
Э.ЭНХ