Categories
мэдээ нийгэм

Монгол, Оросын хамтарсан “Азийн хаалга-2017” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 27 дахь жилдээ ОХУ, Монголын хамтарсан “Азийн хаалга” 2017 үзэсгэлэнгийн нээлтийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-ны 14:00 цагт нээх гэж байна.

Энэхүү үзэсгэлэнд ОХУ-ын 10 гаруй томоохон хотуудаас 36 компанийн 50 гаруй төлөөлөл иржээ. Арга хэмжээний гол зорилго нь хоёр улсын худалдаа, бизнес, эдийн засгийн харилцааг сайжруулах ажээ.

Үзэсгэлэнгийн талаар Чита хотын ХАҮТ-ын дарга А.Марков “Би Улаанбаатар хотод анх удаа ирж байна. Надтай хамт манай бүс нутгийн эрчим хүч, барилгын компаниуд ирсэн байна. Бид эрчим хүчний чиглэлээр ялангуяа хамтран ажиллах боломжтой. Манай үзэсгэлэн дээр ирэхийг урьж байна” гэв.

“Бизнес контакт” Ерөнхий захирал С.Александр “Энэ удаагийн арга хэмжээ 27 дахь удаагаа зохион байгуулагдана. Бид Монголын зах зээл дээр 15 жил ажиллаж байна. Тийм учраас Монголын аж ахуйн нэгжүүд ирж компаниудтай хэлхээ холбоо тогтоох боломжтой.

Эдийн засгийн асуудлаас болж 12 дугаар сард зохион байгуулагдах байсан үзэсгэлэн болоогүй. Харин энэ удаад бид илүү өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн” гэв.

Үзэсгэлэнд ОХУ-ын Киров, Ангарск, Ростов на Дону, Таганрог, Нюрба, Нюрингри, Пинск, Чита, Якутск болон Эрхүү мужийн компаниуд ирсэн байна. Тэд автомашин, хөнгөн үйлдвэрлэл, хүнс, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үнэт эдлэл, хими, тээвэр зууч, шинжлэх ухаан боловсрол, зөвлөх үйлчилгээ, хэвлэх үйлдвэр, ном, сонин сэтгүүл, эмийн сан, хүүхдийн зөөлөн тоглоом зэрэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулж гурав хоногийн турш МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд байрлах юм.

Урилгаар БНХАУ болон Пакистан, Монгол Улсын аж ахуй нэгжүүд оролцож байна. Тус үзэсгэлэнгийн хүрээнд маргааш буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр 10:00 цагаас МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд “Бизнес уулзалт” зохион байгуулагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *