УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан санал хэллээ.
Тэрбээр “Хар тамхитай тэмцэх бодлог бол эрүүгийн хуулиараа явж байгаа. Гэхдээ мансуурсан үед нь шууд баривчилна гээд байгаа юм. Гэхдээ хоёр пиво уучихаад мансуурчихаад явж байж болно. Ханиадны эм уучихаад мансуурчихаад явж байж болно. Айраг уучихаад мансуурчихаад явж байж болно. Зуны цагаар бол бүгдээрээ айраг уучихсан явж байгаа шүү дээ. Айраг уучихаад аж ахуй нэгжийн хүнтэй зөндөө маргалдана шүү дээ. Хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол 30 хоног баривчилна гэж байна. Тэгвэл айраг уучихаад дарааллын урдуур ороход 30 хоног баривчлах нь байна шүү дээ. Тиймээс баривчлах тал дээр болгоомжтой хандахгүй бол болохгүй. Жирийн цагдаа ирээд хүмүүсийг баривчлаад байдаг асуудлыг өөрчлөх гэж бид эрх зүйн реформ хийж байгаа. Үүн дээр онцгой анхаараач ээ. Тиймээс энэ 3-р заалтыг хасах хэрэгтэй байх. Цагдаагийн дур зоргоор хүнийг баривчилдаг байж болохгүй. Шийтгэл нь торгуулийн хэлбэртэй байсан түүгээр нь холбогдох хэрэгтэй” гэв.
О.ӨНӨР