Categories
мэдээ цаг-үе

Н.Амарзаяа: Таван толгойг зөв хөдөлгөж чадвал иргэдэд 1072 ширхэг хувьцааны ноогдол ашиг олгох боломжтой болно

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.

-УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэж баталлаа. Тодотголыг ОУВС-гийн шаардлагаар хийж байгаа. Зардлаа тана гэсэн шаардлагад хэр нийцүүлэв. Танасан гэж ярьж байгаа ч гэлээ наад зах нь сайдуудын багц нэмэгдсэн байна лээ.

-ОУВС-тай хамтарч ажилласнаар бид төсвийн сахилга батаа сайжруулж хөгжлийн зөв замд ороход нэг алхам хийлээ л гэсэн үг. ОУВС-гаас төсвийн зардлаа хас, орлогоо нэмэгдүүл, алдагдлаа бууруул гэсэн шаардлагыг тавьсан. мөн арилжааны банк, концессын гэрээнүүд, монголбанкинд олон улсын аудит хийлгэх шаардлагыг тавьсан байгаа. Эдгээр шаардлагыг хангахын төлөө ажиллаж байна. Сайдын багц 400 сая төгрөгөөр нэмэгдсэн асуудал бол Хөгжлийн банкнаас олгогдсон зээлийн асуудлыг төсөв дээр татан авч сайдуудын багцад нэмж тусгасантай холбоотой. Бидний боломж, бололцоо ийм байгаа нь нөхцөл байдалд их нөлөөлж байна.

-Ингээд төсвийн тодотголоо баталчихаар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах урьдчилсан бэлтгэлээ хангалаа гэсэн үг үү. Хөтөлбөр хэзээнээс албан ёсоор хэрэгжиж эхлэх бол, мөн эхний хөрөнгө оруулалт хэзээ орж ирэх вэ?

-Энэ сарын 28-нд ОУВС-тай тохиролцох захирлуудын хурал болно. Эхний ээлжинд Японы Засгийн газраас хөнгөлөлттэй нөхцөлөөр 850 сая ам.доллар зээлж байгаа. Энэ зээл 30 жилийн хугацаатай, 1.5 хувийн хүүтэй байх юм. Үүнийг төсвийн алдагдлыг нөхөхөд зориулна. Харин ОУВС-гаас орж ирэх 400 сая гаруй ам.долларыг манай улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ашиглах юм. Харин бусад донор орнуудаас орж ирэх зээлийг тодорхой төсөл, хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөж байгаа.

Японы зээлийг УИХ-ын дарга өнгөрсөн сард тус улсад айлчлах үеэрээ шийдвэрлэсэн. Японы төрийн дээд удирдлагуудын хувьд ОУВС-д заавал хамрагдах, олгох гэж байгаа зээлийг авч, эдийн засгаа тогтвортой байлгах, төсвийн алдагдлыг бууруулах талаар анхаарч ажиллах чиглэл өгсөн. Мөн улс төрийн тогтвортой байдал, гадаад улс орнуудтай хийсэн гэрээ хэлцэлдээ эзэн болж ажиллах хэрэгтэй гэдгийг сануулж байна лээ. Одоо бид энэ тал дээр анхаарч ажиллахаас өөр аргагүй. Хаа хаанаа хичээх хэрэгтэй.

-Манай хоёр улс иж бүрэн түншлэлтэй. Ойрын хоёр жилд хамтран аижллах төсөл, хөтөлбөрийн талаар яригдсан уу?

-Энэ жил хоёр орны найрамдалт харилцаа тогтоосны 45 жилийн ой болж байна. Манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд гуравдагч хөрш болох Япон улстай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг улам гүнзгийрүүлэн, бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр тусгасан байдаг. Монгол Улсын тогтвортой хөгжил, Монголын ард түмний сайн сайхан ирээдүйн төлөө эрхэм үйл хэрэгт Япон улс хувь нэмрээ оруулсаар байх болно гэдгийг айлчлалын үеэр илэрхийлж байсан. Бидний харилцаа стратегийн түвшинд хүртлээ өргөжин хөгжиж байгаа. Тиймээс үр ашигтай олон сайхан төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломж нээгдлээ хэмээн ойлгож байна. Тухайлбал, нүүрс, химийн цогцолбор үйлдвэр байгуулах, нар салхи, хүрэн нүүрсний нөөцөд тулгуурлан зүүн хойд Азийн сэргээгдэх эрчим хүчийг судлах боломж Монголд бий. Тав, арван жилийн дараа эдийн засгийн үр ашиг өгөх боломжтой төсөл хөтөлбөрт хамтран ажиллах асуудлуудыг хөндсөн.

-Японы айлчлалын дараа Бангладешт олон улсын парламентын холбооны чуулганд оролцоод ирсэн. Тэнд ямархуу хурал, уулзалт болов?

-Эмэгтэйчүүдийн санхүү, бизнесийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чуулга уулзалт болсон. Манай улсын зүгээс хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийг төрийн болон төрийн бус байгууллагын санхүүгийн үйлчилгээ, дэмжлэгт өргөн хамруулах нь тогтвортой хөгжлийн зайлшгүй шаардлагын нэг байдаг. Тиймээс мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх замаар нийгмийн ядуурлыг бууруулах шаардлагатай гэсэн санал оруулсан. Уг хуралд манайхаас гадна 14 орон өөрсдийн саналыг дэвшүүлэн хэлэлцэхэд бидний дэвшүүлсэн санал дэмжигдсэнд баяртай байгаа. Мөн энэ арга хэмжээтэй давхцаад эмэгтэй парламентчдын 25 дугаар чуулган болсон юм. Үүнд би УИХ-ын эмэгтэй гишүүдээ төлөөлөн оролцоод ирсэн.

-Өнгөрсөн сард манай улс “Чалко” компанийн өрийг төлж дууссан. Одоо Таван толгойн уурхайг яаж хөдөлгөх юм бэ?

-Олон жилийн хугацааны өр төлбөрийг барагдуулсан. Одоо Таван толгойн зүүн цанхийн нүүрснээс орж ирэх ашиг, орлого цэвэр улсын төсөвт орж ирнэ. Өнгөрсөн хугацаанд нэг тонн нүүрсний үнэ 71.5 ам.доллар хүрсэн. Энэ бол тендер нэрээр биш ил тод нээлттэй сонгон шалгаруулалтаар, зөв менежмэнтээр нүүрсний үнийг өсгөж, нээлттэй зарчмыг баримтлах нь зөв гэдгийг харуулсан гэж бодож байгаа. Гэхдээ одоогоор уурхайн асуудал гишүүдийн хэлэлцэх асуудлын хүрээнд орж ирээгүй байгаа учраас яаж хөдөлгөх талаар мэдээлэл алга байна.

-Таван толгой дотоодын мэдэлд байхаар дэд бүтэц, төмөр замын асуудлаа шийдэж чадах болов уу?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт таван мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан шүү дээ. Тэдгээрээс гол ажил нь дэд бүтэц, төмөр зам. Одоо төсвийн алдагдлаа нөхөх хэмжээний зээл авч байна. Эдийн засаг сэргэх байх гэсэн найдлагатайгаар төсвийн тодотголоо баталлаа. Иймээс мега төслүүдийг энэ жилээс эхлэх бол яалт ч үгүй хөрөнгийн эх үүсвэр чухал шаардлагатай болно. Ямар эх үүсвэрээр хэрхэн яаж баригдах асуудлыг нээлттэй ярилцах байх. Мэдээж ямар нэгэн байдлаар дотоодын мэдэлд байх асуудлыг чухалчилна. Гэхдээ нөөц боломжоо сайтар тооцох чухал болчихоод байна.

-МАН 1072 ширхэг хувьцаанд ашиг ноогдуулах талаар ярьсан. Энийг яаж хэрэгжүүлэх юм бол?

-Тухайн компани хэдий хэмжээний ашигтай ажилласан байна, түүнийгээ компанийнхаа ирээдүйн үр ашгаа өгөх хөрөнгө оруулалтад зарцуулах уу эсвэл ноогдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчдэдээ хүртээх үү гэдэг асуудал ТУЗ-ийн шийдвэрээс хамаарна. Ямар ч байсан “Чалко” компанийн өрийг барагдууллаа. Одоо гэхдээ “Эрдэнэс Таван толгой” өөрөө маш их хэмжээний өртэй юм билээ. Тэр өрөө барагдуулах байх. Түүнээс давсан илүү хэсгийг нь төрд хувьцааны ноогдол ашиг хэлбэрээр хуваарилах болов уу. Хэрвээ ингэж чадвал иргэддээ 1072 ширхэг хувьцааны ноогдол ашиг олгох боломжтой болно. Хэрвээ нүүрсний үнэ гадаад зах зээл дээр боломжийн байгаад урт удаан хугацаанд тогтвортой ажиллаж чадвал сайхан ирээдүй харагдаж байгаа. Бас гол асуудал нь компанийн үрэлгэн зардлыг танах, зогсоох, бууруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх нь юу юунаас илүү чухал.

-Таван толгойн үндсэн үйлдвэрлэл хөдлөх үед улсын төсөвт яаж нөлөөлөх бол, мөн үүнийг дагаад орон нутагт ямар хэмжээний ашиг өгч ажлын байр яаж нэмэгдэх вэ?

-Орон нутагт ажлын байр нэмэгдэх асуудлыг байнга ярьж байгаа. “Эрдэнэс Таван толгой”-г түшиглэсэн ажлын байр бараг нэмэгдэхгүй байна. Орон нутгийн иргэд “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. Таван толгойн үндсэн үйлдвэрлэлийн асуудлыг авч үзэх ёстой. Хэрвээ энэ хөдөлбөл мэдээж улсын болон орон нутгийн төсөвт нөлөөлөлгүй яахав. Одоо гэхдээ орон нутгийн төсөв улстөрчдийн хараанд байгаа. Төсвийн тогтвортой байдал, доороос дээш чиглэсэн төсвийн бодлого, төсвийн төлөвлөлтөд бид анхаарлаа хандуулах цаг болсон.

-Уурхайн жолооч нар Хятадаас оруулж ирсэн мими гэх мансууруулах бодис хэрэглээд байгаа. Бараг дийлэнхийнх нь хэрэглээ болсон шиг байна лээ. Үүнийг цаашид хэрхэх вэ?

-Миний УИХ-ын чуулган дээр хөндөн ярьж, анхаарлаа хандуулж буй асуудлын нэг нь мими. Зөвхөн жолооч гэлтгүй иргэдийн ердийн хэрэглээ болж байгааг бид зогсоох хэрэгтэй. Чуулганы хуралдаан дээр яриад зогсохгүй ажил хэрэг болгож гүйцэтгэл үр дүнг тооцох хэрэгтэй. Манай аймгийн ЗДТГ-аас санаачлан бүх хууль хяналтын байгууллагуудыг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ хэлэлцүүлэгт би өөрөө очиж оролцсон. Шат, шатны байгууллагаар дамжуулан хууль эрх зүйн орчинд тусгах, мансууруулах эмийн жагсаалтад оруулах хэрэгтэй. Энэ түвшинд Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд хүсэлт тавиад ажиллаж байна. Үүнийг бүрэн хориглох, хууль эрх зүйг сайжруулах хэрэгтэй.

-Өмнөговьчуудын санааг зовоож буй бас нэг асуудал нь Тост, Тосон бумбын нуруу. Б.Чойжилсүрэн сайдын уурхай дархан цаазат газарт үйл ажиллагаа явуулж байна гэж шуугиад байгаа биз дээ?

-Тост, Тосон бумбын нурууг 2015 онд Засгийн газрын шийдвэр гарч хилийн цэсийг 100 мянга орчим га талбайгаар нэмэгдүүлсэн. Уг шийдвэрт би төдийгүй манай нутаг орныхон их талархалтай байгаа. Хэдий ийм ч уурхайн асуудал иргэдийг бухимдуулж байна. Би өнгөрсөн долоо хоногт Гурвантэс сумын иргэдтэй уулзаж Тост тосон бумбын шийдвэрийг танилцуулсан. Аймаг, сумын удирдлагууд Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас төлөөлөл очиж хамтдаа газар дээр нь ажилласан юм. Иргэдийн хувьд уурхайн олборлолт шинээр эхлэхтэй холбоотой асуудлыг эсэргүүцэж байгаа. Санал бодлоо ч бидэнд хэлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *