“Морин хуурын чуулга”-ын ёочин хөгжимчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Алтантуултай ярилцлаа.
-Таны хань бол “Морин хуурын чуулга”-ыг үүсгэн байгуулсан, Ардын жүжигчин Цэндийн Батчулуун гуай. Түүний сэтгэл, оюунаа чилээн байж хөл дээр нь босгосон тус чуулгын 25 жилийн ой болох гэж байгаа гэж сонслоо. Ойн хүрээнд ямар үйл ажиллагаа зохиогдох вэ?
-Бид 25 жилийнхээ ойн хүрээнд зориулсан тоглолтуудаа хийгээд эхэлсэн. Өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд киноны хөгжмөөр дагнасан тоглолтоо хийсэн. Харин дараагийн тоглолт маань орчин үеийн, шинэлэг бүтээлүүд байх болно. Энэ тоглолт дөрөвдүгээр сарын 16-нд болох юм. Энэ өдрийг сонгох болсон учир нь “Морин хуурын чуулга” маань байгуулагдчихаад анхны тоглолтоо 1993 оны эл өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт хийж байсан түүхтэй.
Манай чуулгынхан энэ сарын 17-нд ханийн минь төрсөн нутаг болох Дорноговь аймгийн Мандах суманд очиж тоглолтоо хийнэ. Мөн дурсгалын хөшөөнийх нь шавыг тавих юм. Үүнээс гадна орон нутгийн удирдлагуудтай хамтран Морин хуурын чуулгыг 25 жилийн ойгоор нь ханийнхаа нэрэмжит болгох тухай санал гаргана гэсэн бодолтой байгаа.
-“Морин хуурын чуулга” үүсгэн байгуулагдсан тухай та яриач?
-Хань минь 1985 оноос Хөгжим бүжгийн коллежид багшилж эхэлсэн. Тэр үеэс л чуулга байгуулах тухай бодож, зорьж байсан гэж болно. Ингэж явсаар 1992 оны долдугаар сарын 9-нд Д.Бямбасүрэн гуайн Засгийн газар хамгийн сүүлчийн хуралдаанаараа Морин хуурын чуулга байгуулах шийдвэр гаргасан юм. Чуулга ч албан ёсоор байгуулагдаж нээлтийн тоглолтод Ж.Чулуун, Х.Уртнасан, Б.Зангад, Н.Норовбанзад гээд томчууд уригдаж, тухайн үедээ алдаршиж байсан Д.Сосорбарам, Г.Эрдэнэбат, Б.Нармандах, А.Энхтайван зэрэг уран бүтээлчдийг урьж оролцуулж байсан санагдана. Ингээд уламжлалт болон орчин цагийн гэсэн хоёр чиглэлээр уран бүтээлээ хийж эхэлсэн дээ. Хамгийн анх 1996 онд Улаан-Үүд, Хөх хотод тоглож, дараа жил нь Японы үзэгчдэд морин хуурын эгшгээ хүргэсэн түүхтэй юм. Энэ тоглолтууд л манай залуу уран бүтээлчдэд урам зориг хайрлан, Морин хуурын чуулгыг хөгжүүлэхэд гол түлхэц болсон гэж хань минь ярьж байсан. Ер нь бол чуулга анх 28 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм шүү дээ. Өөрийнхөө шавь нартаа түшиглэн байгуулж байлаа. Мөн төгөлдөр хуурын багш Уртнасан, ятгын багш Цолмон, миний бие тэргүүтэй хүмүүс чуулгад орсон доо. Нийгэм солигдчихсон хүнд үед бид Хөгжим бүжгийн нэг ангид бэлтгэлээ хийдэг байсан. 1997 оноос хойш уран бүтээл жигдэрч, эхэлсэн гэхэд болно. Ер нь тэгээд манай чуулга байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсад Монголынхоо өв соёлыг сурталчилж, эх орныхоо нэрийг чамгүй гаргасан.
-Ц.Батчулуун гуай бол Г.Жамьян хуурчийн эрдэм ухааныг өвлөн авсан азтай хүмүүсийн нэг. Багшийнхаа тухай юу гэж дурсдаг байв?
-Тийм шүү. Г.Жамьяан багшийн олон шавь нарын нэг нь. Энэ хүний удирдлага дор морин хуурын эрдэм мэдлэгийг сурч, боловсорсон. Харин 1971 онд төгсөөд Хөгжим бүжгийн дээд сургуулийг Улсын ардын дуу бүжгийн чуулгад морин хуурчаар ажилласан юм. Дараа нь Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт хөгжмийн багш, удирдаачаар ажиллаж байгаад Хөгжим бүжгийн дээд сургуульдаа багшаар ажиллаж эхэлсэн. Энэ үеэс хойш өөрийн шавь нараа бэлдэж, Жамьяан багшийнхаа эрдэм мэдлэгийг шавь нартаа түгээсэн гэж хэлж болно. Харин 1992 оноос бурхны оронд очин очтолоо Монгол Улсын “Морин хуурын” чуулгадаа сэтгэл, зүрхээ зориулсан даа.
Миний хань Жамьяан багшийгаа үргэлж хүндэлж, хайрлаж, үйл хэргийг нь үргэлжлүүлэх, үндэслүүлэх тухай ярьдаг байсан. Багшдаа буян хийх юмсан ч гэж их ярьдаг байлаа. Энэ хүслээ биелүүлж багшийнхаа тухай өөрийнхөө гар бичмэлээр ном болон уран бүтээлийнх нь цомгийн хамт гаргаж байсан.
-Ер нь морин хуурч болох сэдэл нь юунаас үүдэлтэй юм бол?
-Багын найз нь Хөгжим бүжгийн коллежид морин хуурын багш байсан юм билээ. Тэр найз нь л морин хуурч болоход уруу татсан гэдэг юм.
-Одоогоор морин хуурын чуулгад хичнээн уран бүтээлч ажиллаж байна вэ?
-Одоо чуулга маань 35 хүний бүрэлдэхүүнтэй. Ханийн минь гарын шавь Түвшинсайхан чуулгыг удирдаад явж байгаа. Мөн олон сайхан шавь нар нь ажиллаж байгаа даа. Одоогоор Улсын филармонийн байранд Морин хуурын чуулга уран бүтээлээ туурвиж, ард түмэндээ хүргэсээр байгаа.
-Та тус чуулгад хэзээ орж байв?
-Би Монгол Улсын гавьяат багш Гүнчингийн Дашдаваагийн удирдлага дор Хөгжим бүжгийн дээд сургуулийг ёочин хөгжимчнөөр 1975 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Улсын ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчнөөр ажиллаж эхэлсэн юм. Харин Морин хуурын чуулга байгуулагдсан цагаас эхлэн чуулгадаа өнөөдрийг хүртэл тасралтгүй 25 жил ажиллаж байна даа. Г.Дашдаваа багшийнхаа шавь нараас тарсалтгүй хөгжимчнөө хийж байгаа хүн нь би байгаа юм. Үүндээ их баярлаж явдаг. Дашрамд сонирхуулахад Г.Дашдаваа багшийн 80 насны ой энэ онд тохиож байгаа. Ингээд энэ жил байгуулагдсан Монголын ёочин хөгжимчдийн холбоо санаачилж ойн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Ойн хүрээнд шавь нар нь багшдаа зориулж “Багш дор мөргөмүй” гэсэн хүндэтгэлийн тоглолтыг дөрөвдүгээр сарын 16-нд хийхээр төлөвлөж байна. Мөн багшийнхаа нэрэмжит танхимыг Хөгжим бүжгийн коллежид хийхээс гадна намтар, уран бүтээлийн тухай болоод сургалтад зориулагдсан нот, гарын авлага зэргийг эмхэтгэн гаргах юм. Манай багш 1962 онд Хөгжим бүжгийн коллежид багшаар ирсэн. Тэр үеэс хойш мэргэжлийн ёочин хөгжмийн анги нээн сургалтын үндсийг тавьсан гавьяатай хүн юм.
-Та ханьтайгаа танилцаж байсан тухайгаа дурсаач?
-Бид хоёр Улсын ардын дуу бүжгийн чуулгад хамт ажиллаж байсан юм. Тэр үед танилцаж гэр бүл болцгоон басхүү уран бүтээл дээрээ ч тэр хамтдаа явсаар ирсэн дээ. Хань маань мэдээж маш сайн хөгжимчин, олон сайхан шавь нарыг бэлтгэн гаргасан гавьяатай хүн. Чуулгынхаа өнөөдрийг хүртэл амжилттай, сайн сайхан явах замыг тэгшитгэж, түшиг тулгуур нь болсон. Мөн сайн хань, аав хүн байсан юм шүү. Энгийн, даруу их сайхан хүн байсан даа миний хань.
-Б.Бат-Эрдэнэ аваргатай их ойр байсан гэдэг…
-Миний хань спортод их дуртай хүн байсан л даа. Теннис, бокс, шатар, ялангуяа үндэсний бөхөд их хорхойтой. Баяр наадмаар бөхөө үзэх гээд л ажлаасаа чөлөө аваад явна. Бөхөд дуртай байсан болоод ч тэр үү, бөхчүүдтэй их ойр. Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй их нөхөрлөнө. Аварга наадамд түрүүлчихээд эсвэл өмнө нь юм уу “Би ийм гайхалтай морин хуурч хүнтэй нөхөрлөж байгаагийн хэрэг юу билээ. Хуураа хөглүүлж гэрийн жавраа үргээлгэнэ” гээд л гэртээ аваачдаг байсан. Бөх хүн учраас морин хуураараа хийморь сүлдээ сэргээхийг эрхэмлэдэг байсан болов уу. Ер нь олон сайхан хүмүүсээр хүрээлүүлж байсан шүү. Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзад гуайтай уран бүтээл дээр их сайхан гар нийлдэг байлаа. Улсын ардын дуу бүжгийн чуулгад хамт ажилладаг байхдаа сайн морин хуурч байсан учраас хамтран ажилладаг байсан болов уу. Ганцхан Монголын тайзан дээр ч гэлтгүй дэлхийн тайзанд хамтдаа гарч томоохон шагналууд хүртэж явсан. Н.Норовбанзад гуай “Хамт явахад түшигтэй. Даруу төлөв” гэж их үнэлдэг байсан даа.