Цахим сүлжээгээр газраас олгойдон гарч ирэх усыг гайхан харж, зургийг нь авч буй бичлэгийг та өнөөдөр олныг харсан байх. Тэгвэл “Цонжин болдог”-ийн ойролцоо олгойдон гарсан энэ ус нь ямар нэг байгалийн гайхамшигт үзэгдэл биш Нийслэлийн иргэдийн цэвэр усны хэрэгцээг дамжуулдаг цэвэр усны шугам хагарсан нь тэр байжээ.
Тодруулбал Налайх дүүргийн орчимд байрлах цэвэр усны шугам хагарсан бөгөөд энэ тухай дуудлага УСУГ-т 06:45 цагт ирсэн байна. Гэмтлийг засахаар УСУГ-ын ажилчид газар дээр нь ажиллаж байгаа аж.
Цэвэр усны шугам элэгдэж, хагарсан байж болзошгүй учир цэвэр усны нөөцийн шугамыг холбож, тухайн хагарсан шугамтай хэсгийг хаасан байна. Хагарсан хэсгийг ухаж гаргаж аваад шугамыг нөхөх, эсвэл бүрэн солих эсэхийг шийдэх аж. Одоогоор иргэдийг нөөц шугамаа ашиглан цэвэр усаар хангаж байгаа аж.