“Авьяаслаг монголчууд-2015” телевизийн шоуны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлаг энэ сарын 22-нд тоглолтоо хийхээр болжээ. Энэ тухай тус хамтлагийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат багш С.Жамъянхоролтой ярилцлаа.
-Танай хамтлаг удахгүй тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна?
-Бид 15 жилийнхээ ойн баярыг угтаж, бие даасан тоглолтоо хийх гэж байна. “Эгшиглэнт чимээ” хамтлагийн авьяаслаг хүүхдүүд маань мэргэжлийн уран бүтээлчид биш болохоор хичээл, сургууль гээд зав зай муутай хэдий ч хажуугаар нь амжуулахыг л бодож байна. Энэ сарын 22-ны 15 цагаас зөвхөн хүүхдүүдэд зориулан тоглоно. Харин орой 19 цагаас нийт ард түмэндээ зориулан уран бүтээлээ хүргэнэ. Үндсэндээ нэг өдөр хоёр тоглолт хийх гэж байна.
-Тоглолтонд мэдээж хэрэг таны гараар бүтсэн хөгжмийн зэмсгийн содон сонин хөг аялгууг сонсох байх. Өөр ямар уран бүтээлчид хүрэлцэн ирж уран бүтээлээ хүргэх вэ?
-Миний ч гэлтгүй 40 гаруй шавь нарын минь бүтээсэн 500 гаруй төмөр, мод, яс, хуванцар, шил, шаазан гэх мэт эд зүйлсийг хөгжмийн зэмсэг болгон ашиглаж, хөг аялгууг нь сонсгоно. Манай тоглолтонд урилгаар Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, Завханы С.Батсүх, У.Далантай болоод “Universe best songs”, “Авьяаслаг монголчууд” шоуны оролцогчид оролцоно. Уран бүтээлч хүний хувьд үзэгч, олон түмэнтэйгээ уран бүтээлээрээ уулзана гэдэг хамгийн аз жаргалтай агшин байдаг. Тэр ч утгаараа удахгүй болох тоглолтоо тэсэн ядан хүлээж байна даа.
-“Авьяаслаг монголчууд” шоунд оролцоноос хойш гурван жил өнгөрчээ. Анх энэ шоунд оролцох болсон түүхээсээ хуваалцаач. Мөн “Эгшиглэнт чимээ” хамтлагийг хэдэн онд байгуулж байв?
-Завхан аймгийн Тосонцэнгэл суманд анх “Аялгуу” гэж хамтлагтай байлаа. Улмаар зах зээлд шилжихтэй зэрэгцээд амьдрал ахуй, ажил төрөл өөрчлөгдөж, Эрдэнэт хот руу шилжин суурьшсан юм. Ингээд Эрдэнэтэд “Ардын аялгуу” хэмээх хүүхдийн хамтлагтай болж, орон нутагтаа гурван жил тоглосон. Анх 2001 онд Дархан-Уул аймагт шилжиж ирээд “Эгшиглэнт чимээ” хамтлагийг үүсгэн байгуулсан. Түүнээс хойш өдий хүртэл хүүхдүүдтэйгээ ажиллаж, түмэн олондоо уран бүтээлээ хүргэж байна. “Авьяаслаг монголчууд” шоунд оролцох болсон маань их сонин. 2015 онд би охиныхоо урилгаар Япон улсад очиж хонхны баярт нь оролцоод ирсэн чинь манай шавь нарын эцэг, эхийн төлөөллөөс “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохоор аль хэдийнэ бүртгүүлсэн байж. Би өөрөө оролцохгүй хүүхдүүдээ оруулъя гэж шийдээд бэлтгэж эхэлсэн. Тэгээд “Авьяаслаг монголчууд” шоуны баг манай бэлтгэл хийдэг танхимд ирж өөрсдөө бидний үзүүлбэрийг үзэж сонирхсон. Учир нь хөгжим, хүүхдүүд гээд бүх зүйлээ аваад очиход шалгаруулалт хийсэн газар бид багтахааргүй байсан л даа. Шоуны багийнхан ч бидэн дээр ирж бидний тоглолтыг үзээд, хэсэг ярилцаж суухдаа намайг хүүхдүүдтэйгээ хамт хөгжимдөж шоундаа оролц гэж зөвлөсөн. Ингээд хамгийн эхний шалгаруулалт буюу нээлттэй шалгаруулалтад орж байсан түүхтэй. Одоо бодоход их сайхан дурсамж шүү. Харин эхний шат буюу шүүгчийн шалгаруулалтад бид хотод ирж оролцох ёстой байсан. Нэгэнт шоундаа орно гээд сэтгэл шулуудсан учраас эцэг, эхтэйгээ ярилцаад том оврын автобус хөлсөлж хотод ирж байсан. Тухайн үед үнэхээр хүнд байсан ч анх тайзнаа гарч тоглолтоо үзүүлээд үзэгч, шүүгчдээс сайхан үнэлгээ авсандаа баяртай байдаг. Энэ шоунд оролцохоос өмнө зүүн Азийн хүүхдийн 10 дугаар наадам гэж Найрамдал зусланд болж байхад нь оролцож байв. Хоёр мянган оны үед “Туурайн төвөргөөн” гээд олон улсын шинэ хөгжмийн зэмсгийн наадам болж, түүнд бас оролцож байлаа. Улмаар “Авьяаслаг монголчууд”-д оролцож, түрүүлсэн дээ бахархаж явдаг.
-Энэ шоунд оролцоод ялагч болно гэдэгтээ хэр их итгэлтэй байсан бэ?
-Тухайн үед оролцохдоо түрүүлнэ, ялагч болно гэж ёстой бодоогүй. Зүгээр л оролцоод үзье л гэж зорьсон. Ингээд нэгдүгээр шатанд тэнцчихлээ, дараагийн шалгаруултад нь тэнцчихээд за болоо, хангалттай л гэж бодсон. Улмаар шат ахих тусам за шилдэг наймд үлдчихвэл яах бол, бүр цаашаа шилдэг гуравт, финалд үлдчих юмсан гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Тэр ч утгаараа их хичээх хэрэгтэй болсон. Олон хүний хөдөлмөрийн үр шим түмэн олонд хүрэх нь илүү байсан байх л даа.
-Тухайн үед үзэгчдээс хамгийн олон санал авлаа гэж хэлэх тэр мөчид хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?
-Маш сайхан санагдсан. Хүүхдийн цэвэр ариун сэтгэл, цагаан энерги, буян заяа их нөлөөлсөн. Монголчууд маань ч их дэмжиж саналаа өгсөн. Гадаад, дотоод гээд биднийг дэмжиж тусалсан хүмүүсийн ачийг уран бүтээлээрээ хариулах болно.
-Энэ шоуны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлаг анхны 100 сая төгрөгийн эзэн болсон. Нууц биш бол энэхүү мөнгийг юунд зарцуулсан бэ?
-Тэрэнд нуугаад байх юу байхав. Нэг хүний тухайд гэвэл энэ мөнгө чинь их шүү дээ. Харин хамтлаг, тэр дундаа манайх шиг ийм өргөн бүрэлдэхүүнтэй хамтлагийн хувьд ямар хэмжээний мөнгө болох нь ойлгомжтой байх. Бид энэ хөрөнгөө ашиглаж, цаашдаа уран бүтээлээ тасралтгүй хийх боломжтой. Ерөнхийдөө шагналын 100 сая төгрөгөө нийт хүүхдүүд, уран бүтээлчдэд хувааж өгсөн. Мөн хөгжмийн зэмсэг, замын зардал гээд энгийн зүйлсэд л зарцуулсан. Зарим муухай бодолтой хүмүүс “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш 100 сая төгрөгөө ганцаараа халаасаллаа гэж ярьж байна. Тийм байж болох уу.
-Мэдээж хэрэг хөрөнгө мөнгө чухал биш. Харин олон түмэндээ хайрлуулж, хүндлүүлнэ гэдэг асар их хөрөнгө гэлээ. Тэр ч үнэн байх. Шоунд оролцсоны дараа төр засгаас таны зүтгэлийг үнэлж гавьяат багш хэмээх эрхэм цолоор мялаасан шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Олон ч жил хүүхдүүдтэй гар нийлж ажилласны минь буян. Хүүхэд бүр ямар нэг авьяастай. Түүнийг нь нээж, хөгжүүлэх л чухал. 2012 оноос хойш “Зөв монгол хүүхэд”, “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдээ бэлдэж уралдаанд орсон. Мөн насаараа дунд сургуульд дуу хөгжмийн багшийн ажил хийж, нөгөө л цэвэр ариун сэтгэлтэй хүүхдүүдийн дунд явлаа. Ер нь миний амьдрал энэ бяцхан хүмүүстэй салшгүй холбоотой.
-Та ер нь аль нутгийн хүн бэ. Ажил, амьдралынхаа гарааг хэрхэн эхэлж байв?
-Би Завханых. Хөвсгөл нуурын дараа ордог Тэлмэн нуурын хөвөөнд мэндэлсэн хүн. Тэр нуураас цааш 60 киллометрийн зайд орших Монголын хамгийн хүйтэн цэг гэх Тосонцэнгэл суманд хүүхэд ахуй нас минь бусдын адил өнгөрсөн дөө. Сумын соёлын төвд сайн дурын уран сайханч явлаа. Циркийн урлагийг үүсгэн хөгжүүлэхэд хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулж першийн тэнцүүр, акробат, үг ярианы номер, илбэ, хөгжмийн эксцентрик зэрэг 70 шахам бүтээлийг чадварлаг тоглож, олон арван хөтөлбөр боловсруулан тавьж циркийн урын санд хувь нэмэр оруулсан ардын жүжигчин Ламжавын Нацаг гэдэг хүн улсын хоёр дахь циркийг Завханд байгуулж байсан юм. Тэр циркэд миний бие сайн дурын жүжигчин байлаа. Нацаг багш залуудаа хийж байсан хөгжмийн нэг үзүүлбэрийг хийж байлаа. Ерэн оноос хойш цирк маань хаалгаа барьсан даа. Түүнээс хойш дунд сургуульд нийгмийн ажилтан, дуу хөгжмийн багш зэрэг ажил хийж байгаад өөрийнхөө хүүхэд насныхаа сонирхлоор эд зүйлийг дуугаргаж, хөгжмийн зэмсэг болгох ажилдаа тууштай орсон. Өдгөө жаргаж суудаг жаран насыг зооглож байна даа (инээв).
-Ямар ч хамаагүй эд зүйлийг хөгжмийн зэмсэг болгон ашигладаг нь таны бас нэг авьяас байх. Анхны хөглөсөн хөгжмийн зэмсэг юу байв?
-Анх модоор хөгжим хийж эхэлсэн. Дараа нь Оросын эвхдэг 40 төгрөгний үнэтэй цагаан орны төмрөөр хөгжим хийсэн. Түүний дараа лонхонд ус хийж эзлэхүүнээр нь хөглөж хөгжим хийж байлаа. Ингээд шаазан, чулуу, яс, турба, төмөр, сангийн хоолой, машины эд анги, бууны сумны хонгио, насос, чийдэнгийн бүрхүүл гээд дуу гаргаж болох бүх зүйлсээр хөгжим хийж байна даа. Айлд орж цай уухдаа ч хүртэл аягыг нь цохиж, үүнээс ямар дуу гарах бол гэж туршиж явдаг. Нэг хэсэг үүгээр өвчилсөн гэх үү дээ. Шөнө нь янз бүрийн эд зүйлсийн дуу чимээ сонсогдож байна хэмээн зүүдэлж хонодог байлаа. Манай шавь нар ч гэсэн эд зүйлээр хийсэн өөрсдийн сонин содон хөг аялгуу гаргадаг хөгжмөө авчирч үзүүлдэг. Энэ чиглэл рүү их дурладаг шүү. Өдгөө миний хөглөсөн хөгжим нэг мянга руу дөхөж байна. Мөн олон ч сайхан шавь нартай болжээ.
-Таны удамд урлагийн хүмүүс бий юү. Гэр бүлээ танилцуулбал?
-Манай гэр бүлийн хүн математикийн багш. Боловсролын салбарт мөн 30 гаруй жил ажиллаж байгаа. Манай ууган хүү хотод цахилгаанчин мэргэжилтэй, урлаг уран сайханд сонсгол сайтай. Удаахь хоёр охин маань Соёл урлагийн их сургуульд багшилдаг. Бага хүүхэд маань мөн тэр сургуульд хөгжмийн зохиолч, найруулагчийн ангид суралцаж байгаа оюутан. Би чинь 50-иад оны хүн шүү дээ. Тухайн үед мэргэжлийн урлагийн байгууллага гэж байсангүй. Харин хөдөө айлын найран дээр ганц, хоёр дуу их сайхан дуулдаг ах дүүс байсан. Ер нь манай удам урлагтай их ойр хүмүүс л дээ.