Улсын Их Хурлын Тамгын газрын номын сангаас санаачлан “Дэлхийн номын өдөр”-ийг өнөөдөр (2017.04.19) Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газар, хэвлэлийн газруудтай хамтран Төрийн ордонд зохион байгуулж байна.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Улсын Их Хурлын зүгээс хүүхэд залуучуудыг номонд дуртай болгох, номыг нийтэд түгээх үүднээс Номын сангийн тухай хуулийг 2014 онд баталсан. Энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх номын сангийн удирдлага, зохион байгуулалт, номын сангийн фонд, номын сантай холбоотой бүхий л асуудал хуулийн хүрээнд зохицуулагдаж байгааг дуулгахад таатай байна” гээд УИХ-ын Тамгын газар гурав дахь жилдээ “Дэлхийн номын өдөр”-ийг амжилттай зохион байгуулж байгааг онцоллоо.
Дараа нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Зүмбэрэллхам нарт УИХ-аас хэвлэгдэн гарсан хандивын багц ном гардуулан өглөө.
Мөн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга үг хэлсэн юм. Тэрбээр “Энэ жил “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан ЮНЕСКО хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулж байна. Үүний дотор хараагүй, харах мэлмийний бэрхшээлтэй иргэдийг номоор хангах ажлыг чухалчилж байна. Манай улсад 16 мянган хараагүй иргэд бүртгэлтэй байдаг. Нийт 2005 оноос хойш ердөө 260 ширхэг хэвлэмэл материалыг хараагүй иргэдэд зориулж гаргасан тоон баримт байна. Ялангуяа хараагүй хүүхдүүдэд зориулсан сурах бичиг, гарын авлага дутмаг байгаа тул төр, засаг, олон нийтийн байгууллагууд, тэр дундаа ном, хэвлэмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид энэ асуудлыг анхааралдаа авна уу” хэмээн хүслээ.
Номын өдөрлөгт “Интерном”, “Аз хур”, “Непко”, “Мөнхийн үсэг”, “Мон судар”, “Болор судар”, “Мир ном”, “Сэлэнгэ пресс” зэрэг хэвлэлийн газрууд оролцож, шинэ ном товхимлын дээжээ танилцуулж, номны хямдралтай үйлчилгээ үзүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.