Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага болно

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах уламжлалт олон улсын сургалт, дадлага сургуулийг 2017 оны 05 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулах гэж байна.

Дадлага сургууль “Гамшгийн үеийн бүс нутгийн удирдлагын харилцан ажиллагаа” сэдвээр явагдах бөгөөд Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газраас бүрэлдэхүүн оролцоно.

Аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн стандарт үйл ажиллагаа, чиг үүргийн дагуу гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчин, АНУ болон бусад оролцогч талууд хоорондын цэрэг-иргэний хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гамшгийн хор уршгийг арилгах багаж хэрэгсэл, удирдлага, зохицуулалтын зохион байгуулалтын бүтцийг турших зэрэг зорилгоор энэ удаагийн “Говийн чоно-2017 олон улсын дадлага сургуулийг зохион байгуулна.

“Говийн чоно” олон улсын сургалт, дадлага нь Монгол Улсад 2009 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил зургаа дах удаагаа болох юм.

Дадлага сургуульд хүмүүлэгийн тусламжийг хүлээн авах, гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, харьяа яам, агентлагуудаас нийт 200 гаруй хүн оролцоно.

Сургалтыг танхимын болон дадлага сургууль хэлбэрээр явуулах бөгөөд хээрийн дадлага сургуулийг Даланзадгад, Цогтцэций сумдад зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *