Categories
мэдээ цаг-үе

Ж.Оюундарь: Кино урлагаас түр завсарламаар байна

Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарьтай ярилцлаа.


-Улсын драмын эрдмийн театр ээлжит аялан тоглолтоо Дорнод аймгаас эхлэхээр болжээ. Өөр ямар аймгуудаар явахаар төлөвлөж байна вэ?

-Манай театрынхан жил бүрийн намар аялан тоглолтоо хийдэг байсан. Харин хоёр жилийн өмнөөс хаврын улиралд аялан тоглолтоо хийдэг уламжлалтай болж байна. Бид аялан тоглолтоороо Дорнод, Дархан, Эрдэнэтийн үзэгчидтэйгээ уулзана. Аялан тоглолтоороо үзэгчдэдээ шинэ жүжгүүдээ хүргэх зорилготой байгаа. Тиймдээ ч “Ромео, Жульетта”, “Царцаа намжил”, “Жаргаагүй нар” гээд жүжгүүдээ толилуулна.

Ер нь бол нийслэлийн үзэгчид хүссэн үедээ сонгодог жүжиг үзчихдэг. Харин хөдөө орон нутгийн үзэгчид маань дуртай үедээ үзэх боломжгүй. Тийм учраас уран бүтээлчид бид зорьж очин тоглолтоо хийхийг илүүд үздэг л дээ. Гэхдээ харамсалтай нь бүхий л аймгуудад очиж чадахгүй юм. Зарим аймагт очиход “26 жилийн дараа ирлээ” гэж хэлж байсан ч тохиолдол байдаг шүү. Ямартай ч хөдөө орон нутгийн үзэгчид маань драмын урлагийг ойлгодог болж. Хүмүүсийн жүжгээс авах оюуны таашаал мэдрэмж хүртэл өөрчлөгдөж байна. Уран бүтээлчид бид үр дүнгээ ийн харж байгаа нь сайхан юм даа. Жүжгийн дараа ч гэсэн баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлдэг нь бидэнд маш сайхан урам өгдөг.

-Аялан тоглолтоор явж байх үед хөгтэй явдал их тохиолдоно биз…

-Ер нь их сайхан шүү. Тэр дундаа Монголын минь байгаль хамгийн гайхамшигтай. Мэдээж уран бүтээлчид бид чинь дуу хууртай л явна. Нэг удаа Дорноговь бил үү, Дундговь аймагт бид тоглолтоор явж байлаа. Тухайн үед би хөл хүнд байсан юм. Миний тайзнаа гарах ээлж дуусчихсан болохоор гадагшаа гармаар санагдаад болдоггүй. Гэтэл заавал үзэгчдийн дундуур явж байж гадагшаа гардаг байж таарсан. Тэгэхээр нь арын цонхоор буучихаж билээ. Шаггүй өндөр байсан юмдаг. Манай жүжигчдээс хоёр нь түрүүлж буугаад намайг тоссон санагдаж байна. Яасан ч зоригтой байсан юм. Залуу ч байж дээ. Одоо бол тогоо шиг том гэдэстэй байж цонхоор доош бууж зүрхлэхгүй байх шүү.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр түлхүү ажиллаж байна вэ?

-Хамгийн сүүлд “Царцаа Намжил” жүжигт тоглолоо. Яахав, кинонд тоглох санал цөөнгүй л ирж байгаа. Гэхдээ миний хувьд кинонд тоглохоо түр завсарламаар байна. Ер нь цөөнгүй л кинонд тоглолоо. Одоо хэсэгтээ завсарлаад оюундаа хөрөнгө оруулалт хийж, ном унших бодолтой байгаа. Унших ном маш их байна. Мөн үндсэн ажлынхаа хажуугаар театрын студи болоод “Сити” их сургуульд багшилдаг учраас зав, зай тун бага олдох юм.

-Та театрт орохдоо жүжигчин биш үйлчлэгчээр орж байсан нь их сонин санагдсан. Энэ тухайгаа дурсаач?

-Одоо үед хүмүүс ихэвчлэн шууд л дарга болох хүсэлтэй болж дээ. Гэхдээ хүн бүр бол биш шүү. Аливааг тэгээс нь эхэлж чадах, ядахаараа хичээдэг хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Харин бидний үед бол хүмүүжил нь л тийм байсан. Бидэнд биеэ тоож, онгирч болохгүй, ахмадын үгийг сонсох хэрэгтэй гэж сургадаг байлаа. Ийм үнэ, цэнэтэй үгсийг сонсож өсөн, тийм хүмүүжлээр хүмүүжсэн учраас ямар ч зүйлийг багаас нь эхлэх хэрэгтэй гэж боддог байсан даа. Би гурван жил үйлчлэгч хийсэн. Үйлчлэгчийг цэвэрлэгээний болоод үйлчилгээний гэж хоёр хуваадаг. Намайг Таяа дарга минь үйлчилгээний үйлчлэгчээр авч байж билээ.

Image result for Ж.Оюундарь-Харин дараа нь Драмын театрын жүжигчин болчихоод хамгийн анх тайзнаа гарахад ямар байсан бэ?

-Ер нь театрын тайз гэхээсээ илүү ямар ч тайзан дээр гарах амар биш. Би хамгийн анх Багшийн дээдийн Кино, драмын ангид сурч байхдаа бидний ярьдгаар 311 номерын тайзан дээр гарч байлаа. Тэр бол үе, үеийн оюутнуудын хөлс, хүч хөдөлмөр шингэсэн хамгийн дурсамжтай тайз байсан даа.

-Та өдийг хүртэл театртаа үнэнч хэвээрээ яваа цөөн жүжигчдийн нэг. Энэ сонголтдоо харамсах үе байдаг уу?

-Би театртаа чин сэтгэлээсээ хайртай. Тийм ч учраас би өөрийнхөө амьдралыг нэг талаараа золиосолж театртаа үнэнчээр явж байгаа байх. Түүнчлэн бидний мэргэжил бол тэр чигээрээ зорилго. Оногдсон дүрээ сайн амилуулах зорилгоо биелүүлсэн ч дараагийн дүр нь мөн л шинэ зорилготой болдог. Тиймдээ ч би өөрийгөө өдийг хүртэл зорилготой амьдарсан гэж бодож байгаа. Ихэнх хүмүүс надаас харамсдаг уу гэж асуудаг юм. Би хэзээ ч харамсч байгаагүй. Зорилготой явсныхаа дүнд дуудах нэрийг ээж, аав минь өгсөн хэдий ч дуурсах алдрыг би өөрөө олж авсан. Монгол Улсын гавьяат жүжигчин гэх энэ эрхэм цолыг хүртсэндээ баярлаж явдаг шүү. Зорилготой явсны минь баталгаа юм даа.

-Таны аав Монгол Улсын Ардын жүжигчин Л.Жамсранжав. Жүжигчин хүний хувьд аавынхаа хэмжээнд хүрсэн гэж өөрийгөө боддог уу. Ер нь хэмжээнд нь хүрэхийн тулд хэр их хөлс хүч, хөдөлмөр шаардах бол?

-Аавын хэмжээнд хүрэх нь битгий хэл, ер нь энэ мэргэжлийг гүйцэд эзэмшинэ гэж ерөөсөө байдаггүй. Би жүжигчин хүнийг мэргэжлийнхээ оргилд нь хүрлээ, мундаг боллоо гэсэн мэдрэмжийг авах эрхгүй хүмүүс гэж боддог. Оюутнууддаа ч тэгж хэлдэг юм. Бид үргэлжийн мөнх л суралцаж байх учиртай хүмүүс.

-Аавын тань бүтээсэн дүрүүдийг үзэгчид болоод мэргэжлийнхэн ч тэр үнэлсэн байдаг. Харин таны хувьд аль дүр нь хамгийн шилдэг санагддаг вэ?

-Тэр хүний ажлыг дүгнэнэ гэвэл би балчирдана. Уран бүтээл дээрээ үнэхээр чин сэтгэлээсээ ажилладаг. Аливаад хайнга хандаж, оромдож өнгөрдөггүй. Бүхий л нөөц бололцоогоо дайчилж ажилладаг. Миний хувьд ямар ч зүйлд чин сэтгэлээсээ хандахыг хичээдэг нь аавын минь энэ яс чанар байх.

Ер нь аавын минь бүтээсэн ямар ч дүрийг харсан энэ дүр онцгүй шүү гэж хэлэгддэггүй гэж манай ахмадууд ярьдаг. Надад ч гэсэн. Би багадаа У.Шекспирийн “Отелло” жүжгийн Родриго, Яго, “Лир ван” жүжгийн Францын хаан, “Гамлет” жүжгийн Гамлет, Э.Войнычийн “Овод” жүжгийн Овод зэргийг үзэж байлаа. Тэр дундаа “Овод” жүжигт Ардын жүжигчин Мэндбаяр, Нямсүрэн, Гомбосүрэн гээд манай сор болсон хүмүүс тоглосон. Надад тэр жүжиг хэзээ ч мартагддаггүй. Мөн алдарт “Гамлет” тавигдахад би хэдий жаахан хүүхэд байсан ч гурван цагийн турш гарч байгаа тэр жүжгийг шимтэн үзээд сууж байсан юмдаг. Тэгэхээр жүжигчдийн ур чадвар ямар сайн байсныг илтгэх байх. Хийсэн уран бүтээл бүр нь л их сайхан даа. Бас нэг кино байдаг юм. Бага байсан болоод ч тэр үү, киноных нь нэрийг цээжлээгүй үлджээ. Гэхдээ аав минь гэртээ орж ирээд л “Нөгөө кинонд миний тоглосон хэсгийг хассан гэнэ. Болохгүй байсан юм байх” гэж билээ. Гэхдээ тэр хэсгийг Оюун гуай гайхалтай сайхан дүр болсон байна гэж оюутнуудад хичээл болгон зааж байсан гэдэг юм. Ер нь бол баримтаар үлдсэн, үлдээгүй олон сайхан дүр байдаг. Хүмүүсийн мэдэж байгаа нь л цөөхөн боловч маш сайхан дүрүүдийг бүтээсэн дээ.

-Уран бүтээлч хүнийх нь хувьд уншигчид маань мэдэх байх. Харин аав хүнийхээ хувьд ямар хүн байсан бол?

-Аав минь нийгмээсээ түрүүлж төлөвшсөн хүн байсан юм болов уу даа. Одоо бидний нийгэмд хэрэг болохуйц дадлыг 20, 30 жилийн өмнө хүүхдүүддээ хэлж, сургаж байсан. Наад зах нь цаг барих хэрэгтэй, хог хаяж болохгүй, орцондоо сараачиж болохгүй, энэ бол та нарын орчин гэнэ. Бага ярьж их хий, аливаад сэтгэлээсээ ханд гэх мэтээр л сургадаг байв. Аав, ээж хоёр минь их нямбай хүмүүс. Энэ бүхэн нь бидэнд маш том хүмүүжил болсон юм. Ер нь аав минь хүмүүжил сайтай, уян зөөлөн хүн байсан. Заримдаа гэрийнхэндээ “Ээж, аав хоёр биднийг арай л сайн хүмүүжүүлчихжээ. Одоо үед чинь худлаа ярьж, хулгай хийдэг хүн л сайн явдаг болчихсон юм биш үү. Бага ч гэсэн сурсан бол дээр байхгүй юу” гэж наргиан болгож суудаг юм.

Ер нь тэгээд ээж, аавын тэр хүмүүжил бол хэзээ ч холддоггүй. Үр хүүхдээ ч тэр, яг л тэр жишгээр хүмүүжүүлдэг юм байна. Худлаа ярина гэдэг хулгайчийн дүү нь шүү миний хүү гээд л сургана. Бас л өнөөх цаг баримтлах тухай хэлсээр байгаад сургачихсан. Хүү минь бараг 30 минутын өмнө оччих гээд л зүтгэнэ шүү дээ.

-Ах, дүү нараас тань жүжигчин мэргэжил эзэмшсэн хүн бий юү?

-Байхгүй. Гэхдээ манайхан тавуулаа их авьяаслаг хүмүүс. Аав, ээж хоёр минь сайхан дуулчихдаг, хөгжимддөг, зурдаг тал бүрийн л авьяастай. Тиймдээ ч манайхан найранд гурван дуутай, бас чиг давгүй зурчихдаг шүү. Мөн манай нэг дүү бурхан бүтээдэг. Гэхдээ би тэр дүүгээ маш сайн найруулагч болох байсан болов уу гэж хардаг юм. Уран бүтээлч хандлага, мэдрэмж маш өндөртэй. Мөн аавын минь аливааг найруулан бичих авьяас нь эгчид байдаг. Тэгэхээр бид ээж, аав хоёрынхоо авьяас, билгээс хоосонгүй л төрсөн байгаа биз. Харин гэрийнхнээсээ ганцаараа л аавынхаа мэргэжлийг эзэмших хувь надад тохиосон. Бусдадаа хүртээгээгүй юм шиг байгаа юм. (инээв)

-Хэрэв таны хүү жүжигчин болно гэвэл та яаж хүлээж авах вэ. Зөвшөөрөх үү?

-Жүжигчин болбол яаж хүлээж авахаа сайн мэдэхгүй байна. Гэхдээ саяхан миний хүү “Ээж ээ, би ер нь жүжигчин болох ёстой юм байна. Өвөө, ээж хоёр минь жүжигчин. Тэгэхээр би ч гэсэн жүжигчин болох хэрэгтэй. Энэ удмыг би тасалж болохгүй” гэсэн шүү. Миний хувьд “Заавал тийм шалтгаанаар жүжигчин болно гэж бодох хэрэггүй. Чи л өөрөө хүсч байвал болно. Гэхдээ л дэмий байх даа” гэж хэлсэн. Миний хувьд өөрөө л шийдвэрээ гарга гэж бодож байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *