Categories
мэдээ цаг-үе

С.Ламбаа: АН дангаараа төр засгийг тэргүүлж байсангүй

Ардчилсан нам энэ өдрүүдэд 27 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ намын түүхэн замнал хийгээд шинэчлэлийн хүрээнд УИХ-ын гишүүн асан С.Ламбаатай ярилцлаа.


-Монголчууд нэг намын тогтолцоог халж олон намын тогтолцоотой болсноор ардчиллын замд эргэлт буцалтгүй орж байсан цаг саяхан мэт боловч 27 жилийг үдсэн байна. АН-ын ой ч энэ өдрүүдэд болж өнгөрлөө. тэртээ 1990 оныг эргэн санахад ямар дурсамж сэргэж байх юм?

-Би тэр үед Эрхүүгээс ирээд Шинжлэх ухаан дээд боловсролын улсын хороонд ажиллаж байсан л даа. 1989 оны тэсгим хүйтэн өвлийн тэр нэг өглөө хорооны даргын шуурхай зарлаж, яаран сандран иртэл М.Даш дарга урьд шөнө нэр зүс үл мэдэгдэх хүмүүс ард иргэдийг ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхийг уриалж байшингийн булан, гэрлийн шонд ухуулах хуудас наасан тухай мэдэгдэж их дээд сургуулиуд дээр хатуу хяналт тавих үүрэг өгсөн. Удаж төдөлгүй “Монголын ардчилсан холбоо” гэгч байгууллага байгуулагдсанаа тунхаглан зарлаж нөгөө нэр зүс үл мэдэгдэх залуус маань ил гарч туг, лоозон барьсан залуучууд бүчиж анхныхаа цуглааныг одоогийн хүүхэд залуучуудын ордны өмнө хийсэн. Цогтсайхан, Энхбаяр хоёр “Хонхны дуу”-гаа дуулж, С.Зориг, Ц.Элбэгдорж нарын залуус уур савсуулан үгээ хэлж, туг лоозон барьсан залуучууд уриа хашгираад л сүртэй юм болсон. Үнэхээр энэ цуглаан эр зоригийн, хамгийн содон цуглаан байсан болохоор тэр орчмын уур амьсгал одоо ч нүдэнд харагддаг юм. “Монголын ардчилсан холбоо”-ны залуучуудын дуу хоолой эрч хүчээ авч арванхоёрдугаар сарын 28-нд МУИС, Шинжлэх ухааны академийн физик, математикийн хүрээлэнгийн багш, эрдэмтэд гол цөм нь болсон Бат-Эрдэнийн Батбаярын (Баабар) удирдсан “Ардчилсан социалист хөдөлгөөн” МУИС-ийн танхимд, 1990 оны нэгдүгээр сарын 19-нд Политехникийн дээд сургуулийн Улс төрийн эдийн засгийн ухааны тэнхимийн багш Дамдинсүрэнгийн Батсүхийн тэргүүлсэн эдийн засагчид гол цөм нь болсон “Шинэ дэвшилт холбоо” Политехникийн дээд сургуулийн танхимд үүсэн байгуулагдсан. Жагсаал цуглаан олширч, төр засагт тавих шаардлага ширүүсч, Баабарын “Бүү март, мартвал сөнөнө” товхимол нууцаар тараагдаж хүмүүсийн гар дамжин уншигдаж эхэлсэн. Дээрхи хөдөлгөөнүүд их хуралдайгаа зохион байгуулж, 1990 оны хоёрдугаар сарын 18-нд Монголын Ардчилсан нам, гуравдугаар сарын 2-нд Монголын Социал демократ нам, гуравдугаар сарын 11-нд Монголын Үндэсний дэвшлийн нам байгуулагдсан түүхтэй. Энэ бол Монголд олон намын тогтолцоо бий болох үндэс болсон.

Нийслэлд өрнөсөн тэмцэл монгол орны өнцөг булан бүрт хүрч жагсаал цуглаан тасрахаа больж, гуравдугаар сарын 4-нд байхаа 90 мянга гаруй хүнийг хамарсан Ардчилсан хүчнүүдын анхны хамтарсан цуглаан одоогийн Эрх чөлөөний талбайд эхэлж улмаар жагсаалаар төрийн ордны өмнө ирж хамтарсан мэдэгдлээ эрх баригчдад гардуулж байсан л даа. Эрх баригчид Ардчилсан хүчнүүдийн хамтарсан мэдэгдэлд дурдсан шаардлагуудыг хүлээн авах боломжгүй гэсэн тул мартын наймны урьд өдөр Э.Бат-Үүл, Б.Батцэнгэл, Б.Батбилэгт, Б.Бошигт, Б.Галсандорж, Д.Дорлигжав, И.Жавхлант, Д.Нинж. З.Эрдэнэбат, Д.Энхбаатар нарын 10 хүн их жанжны талбайд өлсгөлөн зарласан. Эцэст нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх гуай харуй бүрий болсон тэр нэгэн орой радио телевизийн студид өөрөө очиж, МАХН-ын улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон тухай зарласнаар залуучууд зорилгодоо хүрч, 70 жил төрд дангаар ноёрхсон МАХН-ын дарангуйллыг зогсоож, ардчилсан хувьсгалын ялалтын тугаа тайван замаар мандуулж чадсан.

-1990 онд ардчиллын төлөө дуу хоолойгоо өргөж, жагсаж тэмцэж явсан өдрүүд мэдээж таны сэтгэлд маш тодхон байдаг байх. Энэ хугацаанд 30 насны босго шүргэж явсан залуус эрийн цээнд хүрч Ерөнхийлөгчөөс эхлээд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн гээд хүрч болох бүх албыг хашлаа. та бүхний тэмцэл өнөөдрийн Монголыг бий болгоход хамгийн гол оролцоотой байсан байх. Анх хүсч байсан тэр зүйлдээ та бүхэн хүрч чадсан уу?

-Өө тэгэлгүй яахав, тэр үеийн үйл явц кино шиг л нүдэнд харагдана шүү дээ. Тэр үед ёстой 30 хүрээгүй залуучууд л тэмцэж, МАХН-ын төрийн томчуудтай хэлэлцээр хийж явсан. Одоо тэд бүгд тавь жар хүрчихэж. Олон хүн төрийн өндөр алба хашсан байна. Гэхдээ тэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болчихоор бүх юм сайн сайхан болчихно гэж байхгүй л дээ. Хөгжил гэдэг чинь тасралтгүй үргэлжлэх үйл явц болохоор шинэ шинэ зорилтууд аяндаа л урган гарна. Дэлхийн эдийн засгийн байдал, тэр ч бүү хэл их гүрний удирдагч өөрчлөгдөхөд л эдийн засаг, улс хоорондын харилцаанд шинэ уур амьсгал орж байна шүү дээ. Гэхдээ бид тэр үед ярьж, дэвшүүлж байсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж ирсэн. Ардчилсан хувьсгал монголчуудад асар их үнэт зүйлийг бий болгосон. Бидний монголчууд улс орныхоо улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь баталгаажуулж, эзэн богд Чингис хаанаараа овоглосон Монгол Улсаа шинэ ардчилсан Үндсэн хуулиараа тунхаглан зарласан нь бидний хамгийн том үнэт зүйл. Дэлхийн хүн Чингис хааныхаа нэр төрийг сэргээж, хөшөөг нь төрийн ордныхоо хойморт залсан. Эцэг өвгөдийнхөө түүх, бичиг, соёлыг сэргээж, дэлхийн сонорт хүргэсэн. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг ард түмэндээ олгосноор монгол гэдэг нэр дэлхийн сонорт хүрсэн. Нам төвтөй төрийн тогтолцоог халж, Парламентын засаглалыг тогтоож, Монгол Улсын иргэн хэн боловч бүх шатны төрийн төлөөллийн байгууллагад сонгох, сонгогдох эрхээ эдэлсэн юм. Түүнчлэн монголчуудад дэлхийн хаана ч явж сурч боловсрох, ажиллаж амьдрах эрх, эрх чөлөөг олгосон. Бас малчдад 20 гаруй сая малыг нь буцаан өгч ардын аж ахуйтан болгож, өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй иргэддээ 200 гаруй тэр бум төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нь үнэ төлбөргүй хувьчилсан. Хөгшид буурлууддаа шүтэн бишрэх эрх, эрх чөлөөг нь олгож, нийгмийн гэх эзэнгүй өмчлөлийн харилцааг устгаж, хувийн өмчийг хүн бүхний амьдралын үндэс болгож чадсан.

-Хамт мөр зэрэгцэн явсан, ардчиллын үйл хэргийг эхлүүлэлцэж явсан анд нөхдийнхөө талаар дурсахгүй юу?

-Бид чинь тэр үед мэргэжил боловсрол, нөхөрлөлөө түшиглэж хөдөлгөөн, намд нэгдсэн юм шүү дээ. Би гэхэд Д.Батсүхийнхээ толгойлсон “Шинэ дэвшилт” холбоонд нэгдсэн. Д.Батсүх, Да.Ганболд бид гурав өмнө нь МУИС-ийн Улс төрийн эдийн засгийн ухааны тэнхимд хамт багшилж байсан. Тухайн үед Да.Ганболд Намын дээд сургуулийн багш, би Шинжлэх ухаан дээд боловсролын хороонд хэлтсийн даргын албатай байлаа. Манай “Шинэ дэвшилт” холбоонд эдийн засагчид голлож байсан. Гэхдээ дандаа эдийн засагчид байсан гэж болохгүй л дээ. Манай Шүхэртийн Алтангэрэл гэхэд Орос хэлний дээд сургуулийн багш, ямар сайндаа 1990 оны чөлөөт сонгуулиар орос хэлний дээд сургууль одоогийн Хүмүүнлэгийн их сургуулийн хашаан дотор “Шинэ дэвшилт” холбооны гэрийг барьж, тугаа мандуулчихаад үзэж тарж байхав. Нэрт зохиолч О.Дашбалбар, Л.Дашням гээд олон хүн байсан. Ардчиллын төлөө зүтгэсэн намын журмын олон нөхөд, УИХ, Засгийн газар, яам тамгын газар, аймаг орон нутагт ажиллаж байсан төр, нийгмийн зүтгэлтнүүд гэвэл тоо томшгүй дээ. Тэдний талаар дурсамжаа ярина гэвэл хэдэн боть болох биз.

-Ардчилсан нам энэ хугацаанд хоёр удаа парламентад эрх барьж, зарим тохиолдолд хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байсан. Та ч бас сайдаар ажиллаж байсан. Үр дүнд хэр хүрсэн бэ. Ард түмэн бол яахав сайн муугаар ярих л юм. Гэхдээ урагшилсан зүйлс их байгаа байх л даа?

-Ардчилсан нам өнгөрсөн 27 жилд салж бутарч, нэгдэж нийлж, ялж ялагдаж явсан ч улс орныхоо улс төр, эдийн засгийн тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, шинэ Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө эргэлт буцалтгүй тэмцэж, сайн муугаар хэлүүлж ирсэн нь түүхэн үнэн. Гэхдээ бид төр түмнийхээ өмнө хийсэн юмтай, хэлэх үгтэй. 1996-2000, 2012-2016 онд Ардчилсан нам УИХ-д олонхийн суудал авч төрийн эрх мэдлийг барьж байсан. Гэхдээ нэг ч удаа дангаараа Засгийн газраа байгуулж ажиллаж байсангүй. Дандаа л Эвслийн Засгийн газар байгуулж байсан. 2004 онд ойролцоо суудалтай байсан болохоор АН, МАХН хоёр Эвслийн Засгийн газар байгуулсан. Бас 2008 онд үнэмлэхүй олонхи болсон МАН (МАХН)-ын Эвслийн Засгийн газарт АН орж ажилласан. Энэ бол АН Монголд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн хүчин болохоо баталж байгаа хэрэг. 1996 онд УИХ-ын 51 суудал авсан нам эвсэл олонхи болдог хууль үйлчилж байсан. “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авсан болохоор нэг хүний дутуугаас болж сөрөг хүчний тоглолтод өртөж хийе гэсэн бүхнээ хийж чадаагүй. Гэхдээ энэ дөрвөн жилд Монголын эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн олон чухал хууль батлагдаж Засгийн газар хэрэгжүүлсэн. Миний дээр хэлсэн үнэт зүйлийн дийлэнх нь энэ цаг хугацаанд биеллээ олсон гэж хэлж болно. 2008-2012 онд МАХН үнэмлэхүй олонхи болсон ч АН Их хуралд 25 гишүүнтэй, Засгийн газарт зургаан сайдтайгаар ажиллсан. Би энэ хугацаанд Эрүүл мэндийн сайдаар ажилласан. Эрүүл мэндийн салбарт л гэхэд Ерөнхий сайдын санаачилгаар 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 гаруй аймагт оношилгооны төв байгуулж, элэгний С вирусийг эмчлэх зорилгоор “Харвони”, “Ледвери” зэрэг эмүүдийг эмчилгээнд нэвтрүүлсэн.

-МАН-ын нөхдийн ярьж байгаагаар хавдарын эсрэг тэмцэл Монголд одоо л эхэлж байгаа юм биш үү. Таныг сайд байх үед нэг их анхаарал тавиагүй юм уу?

-Өнөөдөр хавдрын эсрэг тэмцэл эхэлж байгаа юм шиг ярих нь инээдэмтэй л дээ. Энэ асуудалд олон жил төр засаг анхаарч ирсэн. Би хувьдаа хоёр жил яригдсан Элэгний С вирусийн дээрх эмүүдийг Эрүүл мэндийн даатгалд хамруулсанд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд талархаж байгаа. Монголчууд ядуу учраас хичнээн хямд ч гэсэн төлбөр төлөх чадваргүй байсан болохоор хамралт сайнгүй байсан. Одоо сайжрах байх. Өнөөдөр энэ эмүүд, өндөр өртөгтэй оношилгоо, эмчилгээ даатгалд хамрагдах болсон нь бидний өмнөх парламентаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг батлуулж, даатгалын санг нэмэгдүүлсэнтэй холбоотой гэдгийг ч хэлэх хэрэгтэй. Бид 2016 оны хавар В гепатитын таван эмийг даатгалд хамруулсан. Ер нь хавдрын өвчлөлтөй тэмцэх ажил өнөөдөр биш 2009 оноос эрчимжсэн. Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон ХААН банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр МҮОНТ-тэй хамтарч “Хавдрын аян”-г эхлүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгийг орон даяар өрнүүлж, өвчинг эрт илрүүлж эмчилж эхэлсэн. Эрт илрүүлгийг хийж чадахгүй цаг алдсанаас хорт хавдраар олон зуун хүн нас барж байсан. 2009 онд Тэргүүн хатагтай Болормаа “Хавдаргүй Монгол” төрийн бус байгууллага байгуулж өнгөрсөн хугацаанд олон ажлыг хийж байна. Мөн Эрүүл мэндийн яам А гепатитын эсрэг вакциныг 2011 онд анх удаа Монголд оруулж, улмаар УИХ-аас дархлаажуулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ вакциныг хүүхдийн товлолд оруулж төсвийн хөрөнгөөр жил бүр хийдэг болгосон. Ингэснээр “шар өвчин” гэж хүүхдүүдийг нөмөрч байсан аюул алга болж байна.

-Монгол Улсын хөгжил, хүн ардын маань амьдрал нэг л сайхан болж өгөхгүй, зогсонги байдалтай байгаад ч байгаа юм шиг. Таны бодлоор ямар байна вэ?

-Хүмүүс өмнөхөө мартахдаа амархан юм. Бас 1990 оноос хойш төрж өсч байгаа залуу үе маань өмнө нь ямар байсан тухай огт мэдэхгүй, зарим талаар хуучин нам маань мэдүүлэхийг ч хүсэхгүй байх шиг. Монгол Улс өнгөрсөн 27 жилийн дотор улс төрийн хүрээнд асар том өөрчлөлтүүдийг хийсэн гэдгийг би дээр хэлсэн. Хөгжлийн тухайд өнөөдөр улаанбаатарчууд зөвхөн эргэн тойрноо харахад л ойлгомжтой байгаа шүү дээ. Хэзээ л ийм сүрлэг өндөр байшин барилга, машин тэрэг, зам харгуй байлаа. Чөлөөт эдийн засаг гэдэг хөгжлийг дагуулдаг. Хамгийн гол нь бид хөгжлийн алсын хараагаа тодорхойлсон урт хугацааны төлөвлөлтгүй намуудын “ялалтад” зориулсан хоосон амлалт бүхий мөрийн хөтөлбөрөөр явснаас цаг хугацаа их алдлаа. Дандаа улс төрийн хожоо бодож бие биенээ үгүйсгэнэ. Үүнийг ойлгоод байгаа хэрнээ одоо ч гэсэн МАН 65 суудал авчихаад өмнөх дөрвөн жилд хийсэн бүтээснээ харлуулж, тэр бүхнийг нэр солих маягаар өөр дээрээ наах ажлыг хийж байран дээрээ эргэлдээд л байна. Ингэхлээр яаж улс орон хөгжиж ард иргэдийн амьдрал дээшлэхэв. Үүний оронд сөрөг хүчинтэйгээ хамтарч парламентын засаглалаа бэхжүүлэх хүрээнд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үнэндээ Үндсэн хуулийн зарим заалт өнөөдрийн шаардлагад нийцэхгүй болчихоод байна. Бидний өмнө олон асуудал байна. Яагаад монгол хүн гадагшаа явахгүйгээр эх орондоо өндөр цалин, орлоготой ажиллах, сурч боловсрох, эмнэлгийн тусламж авах нөхцөлийг бүрдүүлж болохгүй гэж. Яагаад олон нам ард түмнийхээ өргөн хүрээтэй зөвшилцөл дор байгальд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж болохгүй гэж. Яагаад намынхаа эрх ашгийг умартаж, улс орны хөгжил, ард түмний нийтлэг эрх ашгийн үүднээс асуудлыг зоригтой шийдэж болохгүй гэж.

-Өнөөгийн АН-ыг бий болгоход ардчиллын төлөөх үзэл баримтлалтай намууд нэгдэж байсан. Харамсалтай нь нэгдсэн намууд өнөөдөр фракцын зарчмаар нам дотроо хуваагдан сууж байгаа. Үүнээс гарах зам бий юү. Фракцыг хална гэдэг ч үнэндээ хэцүү юм шиг байна?

-1996 онд “Ардчилсан холбоо” эвсэлд нэгдэж хамтын хүчээр 50 суудал авч ялалт байгуулсан намууд маань задарч 2000 оны сонгуульд МАХН-тай биш хоорондоо өрсөлдөж МАХН-д 72 суудал бэлэглээд 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд ардчиллын таван нам Ардчилсан намын туган дор нэгдсэн. Энэ бол ардчилсан хүчний намуудын хувьд том шийдвэр байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эв нэгдлийг эрхэмлэж ирсэн хэдий ч нам толгойлж байсан хүмүүсийн төдийгүй тэдэнтэй барьцаж гарч ирсэн манай намын зарим лидерүүдийн байгуулсан бүлэглэлүүд нам дотор хоорондоо толхилцож, сүүлдээ УИХ-д нэр дэвших, албан тушаал хуваарилах асуудал тэдний мэдэлд шилжсэн. Энэ нь нам доторх фракцуудыг хүчирхэгжүүлж, ийм зохион байгуулалтад орохгүйгээр, аль нэг фракцыг дагахгүйгээр улс төрд байр сууриа эзлэх боломж манай намын гишүүдэд хаалттай болсон. УИХ-ын дарга З.Энхболд намын дарга болоод АН-ыг фракцгүй нам болгоно гэж зарлаад бодлогын зөвлөл байгуулсан ч бүх юман дээр нөгөө фракцын байр суурь байсаар л байсан. Сая намын даргад өрсөлдөхөд нам доторх фракцын төлөөллүүд гарч ирсэн гэдгийг бүгд л мэдэж байгаа. Тийм учраас намын дарга З.Энхболд таван нэр дэвшигчид таван сум атгуулаад явуулсан. Дараа нь болсон намын дотоод сонгуульд ч ялгаагүй хуучин фракцын сонирхлоор хандаж эцэстээ зарим фракцын төлөөлөл сонгуульд оролцсонгүй үлдлээ. Ингээд бодохоор нэгэнт бий болсон фракц гэдэг юмыг алга болгоно гэдэг хэцүү юм шиг байна. Гэхдээ Монголын ардчиллын баталгаа, дуу хоолой болж явах ёстой АН ингэж салж бутарч хоорондоо тэмцэлдэх нь бусдын “идэш” болно л гэсэн үг.

-Ардчилсан намын ойн баяр өндөрлөсний дараа та бүгдийн журмын нөхөр С.Зориг агсны мэндэлсэн өдөр энэ сарын 22-нд болно. Өнөөдөр манайхан бүгд түүнийг сайн хүн байсан хэмээн ярьдаг. Тухайн үедээ яг ямархуу залуу явсан юм бол?

-Намайг 1983 онд Москвагийн их сургуульд аспирантурт суралцахаар очиход С.Зориг агсан оюутан байсан. Монголдоо ирээд МУИС-ийн Шинжлэх ухаан коммунизмын онолын тэнхимд багш болсон. Ерөнхийдөө дуу цөөтөй тамхи нэлээн татдаг, дөлгөөхөн шар залуу байсан. Ардчилсан хувьсгалын үед нэг их дотно нөхөрлөж байгаагүй ч энд тэнд уулзалдаж явсаар 1996 оны УИХ-ын танхимд хамт тангараг өргөж орсноор нэг ангийн хоёр болсон. Миний өмнөх ширээн дээр сууна. Хааяа нэг Ла багш аа гээд зарим нэг зүйлийг тодруулж асууна. Нэг их зузаан баримт бичгийг цүнх саванд хийхгүйгээр барьж орж ирээд ширээн дээрээ овоолчихоод уншиж сууна. Чуулган дээр хааяа л нэг жинтэй дуугарахаас биш олон юм ярихгүй, сөрөг хүчний нөхөдтэй хоёр гараа дэвж байгаа бөх шиг өргөж микрофонгүйгээр маргаж мэтгэлцээд хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж мөрөө хавчаад инээмсэглэнэ. Бас хошигнох дуртай, ийм л улстөрч байсан. Албан тушаалын төлөө би чи дээ хүрээд байсныг нь би л хувьдаа санахгүй юм. Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажилласан. Өөрийнхөө дотнын нөхөдтэй л ярьж хөөрч суудаг байсан байх. Түүнээс биш олонтойгоо бужигнаад ууж идээд явдаг тийм нээлттэй хүн байгаагүй. Харин шатар их тоглодог болохоор тэдний өрөөнд их хурлын шатарчид нэлээд орж гардаг байсан.

-С.Зориг агсан амиа алдаад 18 жил өнгөрсөн байна. Түүний амь насыг хороосон хэмээн гурван хүнд шүүхээр ял оноосон. Ер нь энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Хэвлэл мэдээллийн хэмжээнд мэдээлэлтэй байгаа болохоор юу ярихав. Шүүхээр явж байгаа асуудлыг хэн нэг хүн тайлбарлаад байх нь онцгүй л дээ. Үнэнийг хэлэхэд сүүлдээ учрыг нь ч олохоо байчихаад л байна. Олох гээд байх ч юу байхав. Гэхдээ нэг л үнэмшил багатай сонсогдоод байгаа. Захиалагч байгаа гээд байгаа мөртлөө түүнийг хэлэхгүйгээр гүйцэтгэгч гээд хэдэн хүнийг шийтгэчих шиг боллоо. Сонин хэвлэлээр шүүх прокурор, улстөрчид, сэтгүүлчид, шүүхийн ерөнхий зөвлөлийн мэтгэлцээн болж байна. Тэгж байгаад учраа олох байлгүй дээ. С.Зоригийн аллагыг хэрэгтэнг олох гэж байна гэж улс төрд ашиглаад 18 жил боллоо. Одоо буруу зөв гэж мэтгэлцээд 18 жил болчих вий дээ. Хурдхан шиг нэг тийшээ үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсч байна.

-Ардчилсан нам шинэчлэгдэж байгаа гэдгийг танай намын амтай болгон ярьж байна. Ачир дээрээ маргаан ч байна. Намын шинэчлэлийг хаанаас нь эхлэх ёстой вэ?

-Ямар ч байсан ардчиллын түүчээ болж явдгийнхаа хувьд АН-ын хоёр удаагийн Их хурал хуралдаж намын дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж хэл ам, хэрүүл шуугиантай ч дотоод сонгуулиа хийж шинэтгэлийн салхийг хагалсан. Намын удирдах байгууллага, бүх шатны намын дарга нараа гишүүдийнхээ саналаар сонголоо. Харамсалтай нь томоохон шинэтгэл хийе гэхлээр Улс төрийн намын тухай хууль гацаа болж байна. Тэгэхлээр Монгол дахь улс төрийн намын шинэтгэлийн асуудал хуулиасаа эхлэх ёстой болж байна. Ганц АН шинэчлэгдээд улс төрийн намын хуучин тогтолцоог халж чадахгүй. АН хичнээн хөрөнгө мөнгө босгож, дарга нараа солилоо гээд намуудын тухай хууль нь хэвээрээ байхаар нөгөө л хуучин бүтцээрээ, хуучин арга барилаараа ажиллахаас өөр аргагүй болно. Тийм байхад төрийн тогтолцооны шинэчлэл огт явагдахгүй. Энэ талаар сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын хаврын чуулганд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн. Уг нь өмнөх парламент олон намын суудалтай байх үедээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Улс төрийн намын тухай” хуулийг парламентын гадна байгаа намуудтай зөвшилцөөд баталчих байсан юм. Одоо МАН 65 суудалтай үнэмлэхүй олонхи болсон ч гэсэн дангаараа энэ хуулийг батална гэхэд хэцүү. Энэ хуулийг өөрчилж намуудын бүтэц зохион байгуулалт, санхүүгийн тогтолцоог нэг голдрилд оруулж хариуцлагыг чангатгаж өгөх хэрэгтэй гэж боддог.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *