Categories
мэдээ нийгэм

Талийгаач цалингийн зээл, оюутны төлбөрийг хэрхэн төлөх талаар санаа зовж байжээ

Завхан аймгийн Идэр суманд төрийн алба хашдаг нэгэн эмэгтэй өөрийгөө шатаасан хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд гарсан билээ. Тэгвэл өнөөдөр талийгаачийн нөхөр Ш.Батбаатар, төрсөн ах С.Эрдэнэцогт, нагац ах С.Доржсүрэн нар болсон явдлын талаар мэдээлэл хийлээ. Тэд талийгаач Т нь намын дарамт шахалтаар ажлаас халагдаж, сэтгэл санааны гүн дарамтад орсны улмаас амиа хорлосон гэдгийг хэлэв.

Нөхөр Ш.Батбаатар: “Миний эхнэрийг маш их өртэй байсан. Түүнээсээ болоод амиа хорлосон гэж яриад байна. Өр байхгүй. Бид банкнаас 12 сая төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. Түүнийгээ төлж дуусах дөхөөд нэмээд 3 сая төгрөгийн цалингийн зээл аваад байсан. Нэг их өрөнд ороод түүнээсээ болоод амиа хорлосон юм биш. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа хорлосон гэх юм. Бид олон жил эвтэй найртай ханилсан. Ерөөсөө сонгуулиар ль нам ялна, нутаг орны удирдлагууд тухайн намын хүнээ ажилд авдаг, ах дүүгээ томилдог замбараагүй байдал үүсээд байна. Миний хувьд би сумандаа түлээ, мод зөөн бусдад тусалж тодорхой хэмжээний орлого олдог” хэмээв. Түүнээс болсон үйл явдлын талаар тодрууллаа.

-Шөнө гарахдаа танд юу гэж хэлээд гарсан бэ?

-Унтаж байгаад босоод гарахаар нь “Хаачих нь вэ” гэж асуухад “Бие засаад ирье” л гээд гарсан. Тэрүүхэн хугацаанд би унтчихсан байсан. Нэг сэрээд хартал орж ирээгүй байхаар нь гараад хартал амиа хорлочихсон байсан.

-Өөр дээрээ бензин асгасан гээд байгаа. Энэ бензинийг хаанаас авсан юм бол?

-Би модонд явдаг. Тийм учраас гэрийн амбаарт 500 грамм бензин тавьсан байсныг бие дээрээ асгасан байсан.

-Намын харъяаллын улмаас амиа хорлосон гэжүзэж байгаа гэлээ. Талийгаач аль нэг намын гишүүн байсан уу?

-Уг нь ардын намын гишүүн байсан ч төрийн албанд ажиллаж байгаа учраас намын харъяаллаас түдгэлзсэн. Эхнэр маань 25 жил тогтвор суурьшилтай ажилласан. Гэсэн ч сумын Засаг дарга Баярмаа өөрийн садан Нямжавыг ажилд авахын тулд дарамталсаар ийм байдалд хүрсэн.

-Болсон явдлын дараа нутгийн удирдлагуудтай уулзсан уу?

-Огт уулзаагүй. Гэвч бид гомдолтой байна. Би хоёр хүүхэдтэйгээ хоцорсон. Бидэнд нөхөж баршгүй гарз учруулсан нутгийн удирдлагуудад гомдолтой байгаа.

Талийгаач Т нь тус сумын төрийн албанд 2005 оны есдүгээр сараас нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн байна. 2015 оны гуравдугаар сарын 9-нд сумын ЗДТГ-т санхүүгийн шинэ албыг үүсгэн байгуулсан аж. Нутгийн удирдлагууд санхүүгийн албыг үүсгэн байгуулснаар төрийн сангийн мэргэжилтэн Т.Сэлэнгийг тус албаны дарга буюу ерөнхий нягтлан бодогчоор томилж, талийгаач Т-г төрийн сангийн мэргэжилтнээр түр томилжээ. Хуулийн дагуу шинээр байгуулагдсан нэгжид төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтыг зарласан байна. Үүнд иргэн Нямжав, Тэгшжаргал өөр бусад хүмүүс оролцсон. Тухайн шалгалтын дүнгээр иргэн Нямжав хамгийн өндөр оноо авч шалгарсан. Гэсэн ч түүнийг төрийн сангийн мэргэжилтний ажилд томилох болоход хуулийн зөрчил үүссэн тухай өмгөөлөгч Б.Батмөнх хэлж байна.

Өмгөөлөгч Б.Батмөнх: Төрийн албаны тухай хуулийн 16.3.2-т зааснаар шууд удирдах албан тушаалтанд төрөл садан, гэр бүлийн харилцаатай хүмүүсийг томилохыг хориглосон байдаг. Гэтэл тухайн сангийн албаны дарга иргэн Т.Сэлэнгэ нь сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Нямжавын төрсөн эгч учраас зөрчил үүсч Нямжавыг томилох боломжгүй байдалд хүрсэн. Тийм учраас дараагийн байранд жагссан талийгаач Т-г томилоход хүрч, Засаг даргын тушаалаар 2015 оны наймдугаар сарын 20-ны өдөр түүнийг ЗДТГ-ын санхүүгийн хэлтсийн төрийн сангийн мэргэжилтнээр томилсон байгаа юм.

Гэтэл тухайн ажил албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн Нямжаваас гаргасан хүсэлт гомдлын дагуу 2017 оны гуравдугаар сарын 14-ны өдөр талийгаач Т-г ажлаас халсан. Улмаар гуравдугаар сарын 15-наас иргэн Нямжав талийгаач Т-г ажлаа өгөхийг шаардан дарамталж эхэлсэн байгаа юм. Энэ нь талийгаачийн сэтгэл санаанд хурцаар нөлөөлсөн гэж хэлэх үндэслэлтэй. Талийгаач гуравдугаар сарын 16-нд сумын засаг дарга Баярмаатай уулзсан байна. Тэгтэл Баярмаа засаг дарга “Нямжавын гомдлын дагуу таныг чөлөөлж байгаа. Мөн энэ томилгоо улстөрийн шийдвэрийн дагуу явагдсан. Та ажлаа энэ сарыг дуустал хийж болно. Гэвч цалин томилогдсон этгээдийн нэр дээр бодогдоно” гэх хариуг өгсөн байдаг. Улмаар талийгаач аймгийн төв рүү хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авахаар гуравдугаар сарын 27-нд нөхрийн хамт зорьсон. Өмгөөлөгч шүүхэд маргаан үүсгээд амжилт олох нь 50:50 хувийн магадлалтай гэсэн байгаа юм. Үүнийг сонссон талийгаач маш их сэтгэлзүйн дарамтанд орж, гэртээ ирсэн тэр шөнөө амиа хорлосон. Амиа хорлохын өмнө нэгэнт ажлаа алдахад хүрлээ. Цалингийн зээл болон оюутны сургалтын төлбөрөө хэрхэн төлөх талаар санаа зовж байгаа тухайгаа гэр бүлийн хүндээ хэлсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс энэ хууль бус томилгооны асуудлаар цагдаагийн байгууллагад хандана” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *