Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Б.Лхагважавын хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийлэв

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөл, Тэргүүлэгчдийн төлөөлөл УИХ-д хандаж тавьсан мэдэгдлийнхээ асуудлаар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой уулзалт хийлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын даргын зөвлөх Ц.Мөнхбаяр, Ж.Мөнхжаргал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, “БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан, “Барс групп” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Амарбаатар, “Мобиком” корпорацийн Хууль эрх зүй, бодлогын газрын захирал Ц.Энхбат зэрэг хүмүүс оролцов.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хүсэлтийг нь хүлээн авч уулзаж буйд УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд мэдэгдэлд дурдсан 8 зүйл шаардлага, хүсэлтийнхээ талаар товч танилцуулав.

“Энэ оны эхний улирлын байдлаар төсвийн орлого 313.0 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагынхны хандлага ч өөр болж байна. Товчхон хэлбэл урин салхи нааш эргэлээ. ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгааг манай бизнес эрхлэгчид бүрэн дэмжиж байгаа. Гэхдээ үйлдвэрлэгчдийн бий болгосон татварын орлогыг юунд, хэрхэн зарцуулж байна вэ гэдэг асуудал хамгийн чухал. Төр, засгийн хариуцлагагүй байдлын уршгаар үүссэн хүндрэлийг татвар нэмэх мэт аргаар бизнес эрхлэгчдийнхээ, иргэдийнхээ нуруун дээр үүрүүлж давна гэвэл бид эсэргүүцэхээс өөр аргагүй. Мэдэгдэлд дурдсан 8 шаардлага, хүсэлтийн 3 нь татвартай холбоотой, 5 нь төрийн менежементийг сайжруулахад чиглэсэн байгаа. Төрийн үрэлгэн, хариуцлагагүй, бодлогогүй байдлыг эцэс болгох л нэн тулгамдсан асуудал болоод байна” гэж Б.Лхагважав хэллээ.

“Барс групп” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Амарбаатар: “Татвар нэмж болно, төлж ч болно, гагцхүү түүнийг зөв зарцуулах л чухал” гээд төсвийн зарцуулалтад татвар төлөгчдийн хяналтыг бий болгох нь чухал гэсэн бол “БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан татварыг шатлалгүй болгож, үндэсний компаниуддаа томрох боломжийг нь олгох, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхэд анхаарах, боловсролтой, чадварлаг менежерүүдийг гайгүй цалин авч, орлого оллоо гээд торгохын оронд урамшуулан дэмжих нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

“Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар: “Мобиком” корпорацийн Хууль эрх зүй, бодлогын газрын захирал Ц.Энхбат нар төрийн хүнд суртлыг багасгах, “Тоглоомын дүрэм”-ээ тодорхой болгох, Засгийн газрын хийх ажил хэнд ч тодорхой, хүрсэн үр дүнг нь хэмжиж болохуйц тогтолцоо бүрдүүлэх, тендер, концесс түшсэн “хулгайн” эдийн засгаас салах, улс орныг ийм байдалд хүргэхэд нөлөөлсөн, зээл тусламжийн болон татвар төлөгчдийн хөрөнгө мөнгийг завшсан этгээдүүдэд хариуцлага тооцох зэрэг саналуудыг дэвшүүлэв.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэхдээ бизнесийнхэнд үүрүүлж буй татварын ачааллыг төрийн зардлыг бууруулах замаар хамтдаа үүрье, аливаа зардал ил тод, “шилэн” байя, шинэ хөрөнгө оруулалтын зардал нэмэхгүй байх нь зөв гэсэн зарчим барьж байгаа гэдгийг дуулгаад, хөтөлбөрт хамрагдсаны дараа УИХ татварын хуулийн орчноо цэгцлэх, нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг ил тод болгох ажлыг яаралтай хийнэ гэж төлөвлөж байгаа гэлээ.

Уулзалтын төгсгөлд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: “Зөвшилцлийн эхний алхмыг бид хийж байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаны дараа хамтын ажиллагаа цааш үргэлжилнэ гэдэгт найдаж байна. Бид талцаж биш, эвлэж байж хямралаас богино хугацаанд гарна” гэсэн бол Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Цаашид бизнесийнхний эрх ашгийг хөндөж буй аливаа асуудлаар та нартайгаа уулзаж, зөвлөлдөж, ойлголцож байж шийдвэрээ гаргадаг зарчимд шилжих нь зөв. Татвараар бүрдүүлсэн төсвийн орлогыг хэрхэн зарцуулж байгаад бид хяналт тавих ёстой гэсэн байр суурийг чинь ч бүрэн дэмжиж байна” гэв.

Ийнхүү хоёр тал нэгдсэн ойлголцолд хүрч, цаашид тогтвортой хамтран ажиллахаар тохиролцлоо гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *