Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв “Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан”-г Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэжээ.
Өнөөдөр судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод улсын хүн амын тал хувь нь оршин суудаг, эдийн засаг нийгмийн аж амьдрал төвлөрсөн томоохон хот гэдэг утгаараа хөгждийн ямар шатанд гарах вэ, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцлийг яаж сайжруулах вэ гэдэгт анхаарал хандуулах шаардлага байнга тулгардаг. Тиймээс бид нийслэл хотоо иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан, үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, олон улсад өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэх зорилт тавьсан. Энэхүү зорилгодоо хүрэхэд иргэдийн дуу хоолойг сонсох, нөхцөл байдлыг бодитойгоор үнэлэх, судалгаанд суурилсан оновчтой ул суурьтай шийдвэрүүдийг гаргах нь чухал юм. Энэ удаагийн судалгаа бидний цаашдын ажилд ихээхэн ач холбогдолтой гэж харж байна. Нийслэлийн иргэдийн дуу хоолойг сонсох, түүнд тулгуурлан Улаанбаатар хот, дүүргүүд хөгжлийн түвшнээ тогтоох, төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах, үр дүнтэй төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд үнэ цэнэтэй мэдээллийн эх үүсвэр болно гэж бодож байна” гэв.
Тус судалгаа нь нийслэл хот болон дүүргүүдийн хөгжлийн түвшинг цогц байдлаар үнэлсэн анхны бүрэн хэмжээний судалгааны тайлан болсноороо онцлогтой.
Улаанбаатар хотын болон есөн дүүргийн өрсөлдөх чадварыг хэмжих, өрсөлдөх чадварын давуу, сул талууд, түүнийг сайжруулахад тулгарч буй бэрхшээлүүдийг гаргаж ирэхээр зорьжээ.
Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон нийт 150 шалгуур үзүүлэлтээр хэмжсэн байна.
Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийг дүүргүүдийн албан ёсны статистик мэдээлэл болон өрхийн асуулгын мэдээллээр цуглуулжээ.
Судалгааны зорилго нь дүүргүүдийг өрсөлдүүлэхдээ биш харин хөгжлийн ялгаа хэр их байна, өрсөлдөх чадварын өнөөгийн түвшин ямар байна, давуу болон сул тал нь юу вэ гэдгийг гаргаж ирэхэд чиглэсэн гэнэ. Нөгөөтэйгүүр тайланд багтсан 150 шалгуур үзүүлэлт бүрийг нарийвчлан авч үзэж тухайн үзүүлэлтийг сайжруулахын тулд юу хийх ёстой талаар бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, иргэд санал, санаачилга гарган ажиллах нь зүйтэй хэмээн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс мэдэгдлээ.