Categories
мэдээ нийгэм

ЗХЖШ-ын удирдлагууд хариуцлага хүлээхэд бэлэн гэв

ЗХЖШ-ын удирдлагууд өөрийн байранд хэвлэлийн бага хурал хийлээ. Өчигдөр Нийслэлээс 55 км-т байрлах Таван толгойн сургалтын нэгдсэн төвд 17:40 цагийн үед ЗХЖШ-ын 350-р анги байлдааны сургуулилт хийж байх үеэр осол гарч, хоёр байлдагч амиа алдсан хэрэг гарсан билээ. Ахмад Б.Мөнгөншагай багаа ахалж байгаад дэлбэрэлтийн үеэр газар дээрээ нас барсан. Мөн хугацаат цэргийн албан хаагч Б.Ариунболд нас барсан байна.

ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар: Шархадсан найман цэргийг өчигдөр Улаанбаатар хот руу авч ирсэн байгаа. Алба хаагчдад эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, хагалгаа хийх бэлтгэл ажлыг хангах бие бүрэлдэхүүнээр хангахаас гадна ар гэрийнхэнд нь цэргийн албан хаагчдыг сахих, биеийн байдлыг нь харах нөхцөл боломжийг хангах зэрэг ажлыг зохион байгуулсан. Ирсэн даруйд нь хоёр албан хаагчид хагалгаа хийж эрчимт эмчилгээ хийж байна. Нас барсан ахмад Б.Мөнгөншагай нь 1987 онд төрсөн, 30 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан. Батлан хамгаалахын их сургуульд Зэвсгийн албаны офицер мэргэжлээр бэлтгэгдэж төгссөн, хэд хэдэн цэргийн ангид ажиллаж, Афганистан, Судан улсуудад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод ирсэн туршлагатай офицер байсан. Ахлагч Б.Ариунболд 1993 онд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, эхнэр хүүхдийн хамт амьдарч байсан. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад цэргийн ажиллагаанд оролцож байсан. Бусад шархадсан найман алба хаагчид 22-28 насны, бүгдээрээ мэргэжлийн ахлагч бэлтгэх сургууль төгссөн. Энхийг сахиулах ажилд оролцож байсан туршлагатай хүмүүс байсан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр удахгүй болох марш тактикийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлыг хангах үүднээс бэлтгэлд гарсан гэх ташаа мэдээлэл гарсан байна. Бид зэвсэгт хүчнийхээ энэ оны аварга шалгаруулах тэмцээнийг тавдугаар сарын дунд үед зохион байгуулна. Марш тактикийн үеэр байлдааны хэрэглэл ашигладаггүй. Тэмцээнд оролцох бүрэлдэхүүн маань дөрөвдүгээр сарын сүүлээр бэлтгэлд гарах нэгдсэн зохион байгуулалтад шилжсэн байгаа” гэв.

Цэргийн төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Дэд хурандаа Т.Сүхбаатар:

“Осол болсон даруйд эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлсэн. Хоёр албан хаагч хүнд зэргийн гэмтэлтэй. Ослын талаар мэдээллийг шуурхай хүлээн авч, 2 эмнэлгийн баг бүрэлдэхүүн очиж яаралтай тусламж үзүүлсэн. Хоёр цэргийн албан хаагч яаралтай мэс засалд орсон. Өнөөдөр хоёр албан хаагчийн биеийн байдал хэвийн, эрчимт эмчилгээний тасагт, эмчилгээ хийлгэж байгаа” гэв.

Мэдээллийн үеэр Зэвсэгт хүчний жанжин штаб ослын шалтгааныг хууль хяналтынхан тодруулж, дүгнэлт гарсны дараа хэрвээ буруутай бол хариуцлагаа хүлээнэ гэдгээ мэдэгдэв.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *