Categories
мэдээ улс-төр

Оффшорын мөнгөнөөс зөвхөн татвар авахад гадаад өрөө бүрэн төлөх боломжтой

Оффшорын эсрэг лобби бүлэг байгуулж, цаашид шат дараалсан үйл ажиллагаа явуулах болсон талаар УИХ-ын зарим гишүүд мэдээлэл хийлээ. Эдгээр өөрсдөө сайн дураар нэгдсэн гишүүдээс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, А.Сүхбат, Х.Болорчулуун нар ирсэн байлаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Оффшор бүсэд байгаа мөнгөний эх үүсвэрийг нь шалгуулах, татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулна. УИХ дахь оффшорын бүлэг гэдэг бол гишүүдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдаж байгаа субьект. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд УИХ-д албан ёсны түр хороо байгуулна. Оффшорын асуудал бол улс төрчдийн бие биенээ намнах хэрэгсэл болж болохгүй. Ингэх юм бол үр дүнд хүрэхгүй байж магадгүй. Тийм учраас оффшорын эсрэг тэмцэл бол нам харгалзахгүй олон нийтийн үйл хэрэг байх ёстой. Өнөөдрийн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн нэгэн шалтгаан нь оффшор байгаа. Эдийн засагч Жеймс Хенригийн судалгаагаар Оффшор бүсэд 21-32 их наяд долларын хөрөнгө байна. Үүний зэрэгцээ 5-10 их наяд долларын үл хөдлөх хөрөнгө, алт, усан онгоц, уран зураг тэнд байршсан байна. Эдгээрийн ихэнх нь хөгжиж буй улс орнуудынх байна. Эндээс зөвхөн татвар авах юм бол гадаад өрөө төлөх бүрэн боломжтой гэсэн бодит тооцоо судалгааг хийснийг шалгах ажиллагаандаа ашиглаад явж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Бид байгалийнхаа баялагийн орлогыг бүрэн эдийн засагтаа оруулдаг байсан бол ийм эдийн засгийн хямралд автахгүй байсан. Өнөөдөр Оюу-Толгой, Тамсагийн мөнгө монголоор орж ирэхгүй байгаа. Тиймээс цаашдаа бид УИХ-ын түр хороо байгуулсны дараа үе шаттай арга хэмжээнүүдийг авч эхэлнэ. Монголын байгалийн баялагийн мөнгө монголын татварын дансаар дамждаг болно. Тэгж байж бидний үр хүүхдүүд хямралгүй сайхан амьдардаг болно. Зөвхөн нэг компани л монголын төсөвтэй тэнцэх хэмжээний байгалийн баялагийг гадагшаа ачуулчихаад төсвийн 5 хувьтай тэнцэх татвар л төлж байгаа. Тиймээс бидний зорилго бол байгалийн баялагийнхаа мөнгийг улс орны хөгжилд зарцуулах юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *