СХД-ийн I хорооны иргэн Ж.Нямжав
Өнөөгийн төр ард олны хэвийн ажиллаж ирсэн үйлдвэрүүдийг булаан авч, хувийн хэвшил рүүгээ төмөр нүүрээ гаргаж байна. Манай улсын хөгжил дэвшлийг түүчээлэн авч явах ёстой металл боловсруулах үйлдвэр устаж, газрын баялаг, өнгөт металлуудыг эрх мэдэлтнүүд гадаад руу үнэгүй шахуу зөөсөөр байгаа нь үнэн. Уул, уурхайн салбараас олсон ашиг орлогоо дээгүүрээ идэж, уусаар дууслаа. Монголчууд бид гаднаас дахин зээл авах ямар ч шаардлагагүй санагдана. Учир нь бидэнд асар их баялаг, боломж, бололцоо байна. Дотоодынхоо нөөц бололцоог зөв бодлогоор ашиглаж, томоохон орд, газруудыг олон улсын стандартаар нь ханган ажиллуулах, түүнээс олсон ашиг, орлогоо ард түмэндээ хувь болгон өгөх хэрэгтэй. Мөн улс эх орноо өрнөөс нь гаргаж, хөгжил дэвшил рүү хүчтэй алхах ёстой. Бусдыг царайчлахгүйгээр өөрсдөө бие даан ажиллаж сурах хэрэгтэй юм шигээ. Аливаа улсын хөгжлийн гол тулгуур нь өөрсдөө баялаг бүтээгч болж, хүнд үйлдвэрүүд ажиллуулж, хэрэглэгч бус үйлдвэрлэгч орон болох явдал юм. Манай улс нэн түрүүнд хүнд үйлдвэрүүдээ барьж, байгуулах хэрэгтэй. Тухайлбал, нефть цэвэршүүлэх үйлдвэр, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр, ган бэлтгэх гэх мэт. Бидэнд инженер, эрдэмтэн, судлаач ямар ч үйлдвэр дээр ажиллах боловсон хүчин хангалтай бий. Дээр дурдсан үйлдвэрүүдийг монголчууд байгуулж чадна. Нөгөө талаасаа манай улсад ажилгүй хүн гэж байх ёсгүй юм. Учир нь бидэнд зүгээр суух цаг ч алга, ажил ч их байна. Хуучин нийгэмд хүн бүр л ажил төрөлтэй, хариуцлагатай, ёстой л хийж бүтээхийн төлөө зүтгэдэг байв. Тухайн үеийн монголчууд бүх зүйлээ өөрсдөө хийдэг байсан. Мөн тэр үед эрчимтэй ажиллаж байсан үйлдвэрүүд бүгд ерээд оноос шил дараалан хаалгаа барьсан. Энэ л бидний алдаа. Тэр үеэс л монголчууд бид залхуу болсон. Өөрсдөө баялаг бүтээж чадахаа больсон. Бэлэнчлэх сэтгэлгээ ихэсч, юм л бол хүнээс гуйдаг өвчтэй болжээ. Монгол Улсаа хэрэглэгч орон бус үйлдвэрлэгч орон болгохын төлөө төр зүтгэх хэрэгтэй байна.
Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН