Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрх баригчид идүүрээ томсгож, ард түмэн аягаа багасгах уу

Хаврын чуулган ирэх лхагва гаригт эхэлнэ. Чуулганаар нэн яаралтай хэлэлцэх асуудал бол Төсвийн тодотгол. Төсвийн тодотгол анх баталсан төсвөөс зардал нь 220.7 тэрбумаар өссөн байна. Олон улсын валютын сан төсвийн алдагдлаа багасгаж, үе шаттай бууруулах шаардлагыг тавьж байгаа. Төсвийн тодотголд нэмэгдэж орж ирсэн зардал бүтээн байгуулалтад зориулагдаж нэмэгдээгүй юм байна. Харин сайд, дарга, эрх баригчдын зардал нэмэгдээд ороод ирсэн байх юм. Тэгсэн мөртлөө зургаан төрлийн татвар нэмжээ. Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татвар, автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар, суудлын автомашины онцгой албан татвар, хувь хүний орлогын албан татвар, хадгаламжийн хүүгийн орлогын татвар, нийгмийн даатгалын сангийн шимтгэл зэргийг нэмэгдүүлжээ. Халамж таналаа. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгээс бусдыг хаслаа. Тэтгэврийн насыг хойшлууллаа. Төсвийн зарлагаа танаагүй байж татвар нэмчихсэн ийм л тодотгол болж. Татвар нэмсэн ачаалал нь иргэдийн нуруун дээр бууна.

Эрх баригчид сонгуулийн маргаашаас л данс нь улайсан хүндхэн хэцүү байгаа, өнөө маргаашгүй энэ улс орон сүйрэх нь гэж гонгинож эхэлсэн. Ингээд юу юугүй л хямралд оруулчихсан. Өр зээлэндээ баригдаад улс орон минь хүнд байгаа юм байна гэж бодсон уу татвар нэмнэ гэж ярьж эхлэхэд иргэд тэгтлээ айхтар эсэргүүцэн шаагьсангүй. Харин саяхан өргөн барьсан Төсвийн тодотголоор хэдэн сайд дарга нар идүүрээ томсгож, ард түмэн аягаа багасгахаар болсныг харлаа. Угтаа бид төсвийн алдагдлыг бууруулах гэж Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох гэж байгаа биз дээ.

Эрх баригчид өөрсдөө зардлаа нэмсэн энэ удаагийн Төсвийн тодотголыг дөрөвдүгээр сарын 10 гэхэд хэлэлцэж баталсан байх ёстой. Олон улсын валютын сан төсвийн тодотголоо батлаад гэрээгээ байгуулахыг шаардаж байгаа. Ингэснээр Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах юм. Дэгийн хуулиараа пүрэв, баасан гаригт чуулган хуралдана. Гэтэл Төсвийн тодотголын байнгын хороогоор хуралдахаас эхлээд нэлээдгүй хугацаа шаардах ёстой. Мөн анхны хэлэлцүүлгээс эцсийн хэлэлцүүлэг хүртэл хэд хэдэн удаа хэлэлцэнэ. Яаж ч яараад энэ хугацаа дэндүү давчуу байгаа юм. Ингэж давчуу цаг хугацаанд хэлэлцэж батлуулах гэж байгаа нь оруулж ирсэн төслийг тэр чигээр нь батлуулах гэж байгаатай холбоотой байх магадлал өндөр. Ингээд ард түмний халаасыг нимгэлж, нуруун дээр нь ачаа нэмсэн, өөрсдийн тансаглалаа танаагүй энэ удаагийн Төсвийн тодотголыг задалж үзье.

Өмнө нь хөргөгч, угаалгын машинтайг нь баян гэж үзээд хүүхдэд нь мөнгө өгөхгүй болсон. Тэр нь жаран хувь байсан бол одоо дөчин хувьд нь мөнгө олгохоор болжээ. Үлдсэн хорин хувьд нь хүнсний талон өгөх юм гэнэ. Хүүхдийн мөнгийг ингэж ялгаварлаж өгч байгааг эцэг, эхчүүд эсэргүүцээд эхэлсэн байна лээ. Учир нь эрх баригчид өөрсдөө зардлаа нэмж оруулж ирчихээд хүүхдийн мөнгөнөөс багаар бодоход 28.8 тэрбумыг хэмнэж байгаа шүү дээ. Гэтэл төрийн бараа үйлчилгээний зардлаа 49.1 тэрбумаар нэмэгдүүлэхээр оруулж ирэх жишээтэй.

Эрх баригчид ажлаа аваад төрийн албан хаагчдыг хуйгаар нь халлаа. Ардчилсан нам эрх барьж байхад ажил алба хашиж байсан л бол өршөөлгүй халж байна. Дараа нь татвар нэмлээ. Бидэнд юу үлдэж байна. Татвар нэмэгдэхээр татвар төлдөг байгууллагуудын нуруун дээр мөн ачаа нэмэгдэнэ. Нэмэгдсэн ачаагаа хөнгөлөхийн тулд ажилчдаа цомхотгоно. Ажилгүйдэл улам нэмэгдэнэ. Амьдрал улам хэцүү болно.

МАН нь ялахаараа АН-ын хүн гээд ад үзэж, АН нь гараад ирэхээрээ МАН-ын хүн гэж ад үзээд ард түмнээ өөд нар үзүүлэхгүй. Мэргэжилдээ эзэн болсон чадалтай хүн байсан ч хамаагүй. Ах дүү хамаатан садан нь ажилд орж орж байвал бусад хүн, улс орон ч яамай юм шиг байна. Иргэдээ намаар нь ангилан ялгаварлаж, өөд нар үзүүлэхгүй. Монголын иргэн, монгол хүн гэдэг ойлголт алга. Манай намын хүн, танай намын хүн гэж алагчилсаар олон төрийн нүүр үзлээ. Манай эрх баригчид харийн түрэмгийлэгчид хүний нутагт дайрч улс орон, ард иргэдийг нь тонож дээрэмдэж байгаа аятай л хүнийрхүү хүйтэн сэтгэлээр ард түмэндээ хандах юм. Эцэстээ зарим хүн амин зуулгаас нь салгаж, ажлаас нь халснаас болж өөрийгөө шатаалаа. Зээлтэй, зээлээ төлж чадахгүй, цаашид яаж амьдрах аргаа олохгүй арга ядахдаа л өөрийгөө шатаахдаа тулаа биз.

Биднийг гадныхан зовоогоод байгаа юм алга. Монголчууд монголчуудыгаа зовоож тарчлааж байна. Хэдэн монголоо намаар нь ялгаж, өөр намын хүн бол дайсан мэт үзэх болоод удлаа. Гэтэл өрнөөс гарлаа гэж мишээл тодруулж, алга нижигнүүлсэн дарга нар энэ удаагийн төсвийн тодотголоор дахиад л ард түмнээсээ нүүр буруулжээ. Монголчуудыг монголчуудаас хэн аврах вэ.

Олон улсын валютын сан 440 сая ам.доллар өгөхийн тулд манайд тодорхой нөхцөлүүд тавьсан. Үүнтэй уялдуулж татвар нэмж байгаа. Мэдээж хэрэг хөшигний ард Засгийн газар валютын сангийн хооронд яриа хөөрөө өрнөсөн байж таарна. Валютын сан тэрийгээ тана, энийгээ хас гэж уртаас урт жагсаалт манайханд харуулсан нь тодорхой. Манай хэд урт шаардлагаас нь өөрсдөдөө ашиггүйгээс нь бултаж, өөрсдөд нь хамаагүй эгэл жирийн иргэд, нийгэм, улсынхаа эдийн засагт ачаа өгөх нөхцөлүүдийг нь аваад үлдчихжээ гэдгийг та бид хараад сууж байна. Засгийн газар “Өмнөх засаг биднийг өрөнд оруулж явсан. Тийм болохоор дампуурахгүйн тулд Валютын санд хандахаас өөр арга алга. Валютын сан ийм нөхцөлүүд л тавьж байна. Биелүүлэхээс өөр арга алга” гэж гэмгүй царайлан тайлбарлаж байсан даа. Та бидэнд тодорхой болсон нөхцөлүүдийг харахад зарим барааны онцгой албан татварыг нэмэх, нийгмийн даатгалын шимтгэлийг эргэж харах, хувь хүний орлогын албан татварт нэмэх, төрийн албан хаагчийг цөөлөх, бүтцийг багасгах, цалин тэтгэвэр ойрын хугацаанд нэмэхгүй байх гэх мэт дандаа иргэдэд халтай нөхцөл шаардлагууд байна. Төрийн албан хаагчийг хална гэдэг нь жирийн иргэн Дулмаа, Дорж ажилгүй болно гэсэн үг. Байрны лизингтэй тэд яаж амьдрах нь төрд хамаагүй. Харин тансаг амьдралтай өчнөөн хангамж авдаг дарга нар ажлаа өгөөд явахгүй нь тодорхой. Жишээ нь дэд сайдын орон тоог хасахгүй л байгаа шүү дээ. Өмнөх эрх баригчдын үед өнөөгийн эрх баригчид дэд сайдын албан тушаал хэрэггүй гэж яаж эсэргүүцэж байлаа даа. Үнэхээр хүнд байгаа бол одоо л тэр албан тушаалаа байхгүй болгочихмоор.

Шатахуун бүх юмны үнийн суурь болдгийг бид өнгөрсөн он жилүүдэд мэдэхээрээ нэг боллоо. Шатахууны үнэ нэмэгдлээ бол бүх төрлийн үйлчилгээ бүгд нэмэгдэнэ. Уг нь шатахууны татварыг тэглэсэн байсныг тэглэхээ боль гэсэн шаардлага мөн л өнөөх нөхцөлүүд дотор тавьсан гэсэн. Гэтэл дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ урьд жилүүдээс өсчихсөн байгаа. Энэ жил өсөх таамаг голлож байна. Тэгэхээр өссөн үнэ дээр татвар нэмэгдэхээр юу болох нь тодорхой.

Өнөөдөр авч байгаа хэд нь амьдралд чадан ядан хүрч байхад энэнээс илүү багасгавал яаж амьдрах юм. Шатахууны үнэ дагаад зардал өсөхөөр бизнес эрхлэгчид ч өндөр өртөгтэйгөөр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлнэ. Тэр бүтээгдэхүүнийг худалдаж авах чадал ард түмэнд байхгүй. Тэгээд өнөөх бизнес нь унана. Валютын сан олон нөхцөл тавьсан гэж дээр дурдсан. Мэдээж ард түмнээ ядууруул гэж тэд шаардлага тавиагүй нь тодорхой. Улс төрчдийн шахаасны хүмүүсээр дүүрэн хэдэн тэрбумаар ганц дугуй худалдаж авдаг төрийн өмчийн хэрэггүй олон компаниа цэгцэл гэж хэлсэн л байж таараа. Манай хэд ганц мөнгө олдог суваг нь хаагдчих вий гэж айхдаа одоогоор цаг нь болоогүй гэж өчнөөн шалтаг шалтгаан тайлбарласан байх магадлал тун өндөр. Угтаа сайд, дарга нарын тансаг зардлыг хасчихвал иргэдийн нуруун дээр ингэтлээ ачаа нэмэхгүй байж болно. 2017 онд батлагдсан төсөв дээр 220.7 тэрбум төгрөгийн зардал нэмэгдүүлэхээр өргөн барьсан Төсвийн тодотгол оруулжээ. Ерөнхий сайдынх хоёр тэрбум 512 сая, Хэрэг эрхлэх газрын дарга нэг тэрбум 275 сая, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нэг тэрбум 937 сая, Батлан хамгаалахын сайд гурван тэрбум 850 сая, Боловсролын сайд 5 тэрбум 319 сая, Гадаад харилцааны сайд дөрвөн тэрбум 493 сая, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хоёр тэрбум 560 сая, Хууль зүй, дотоод хэргийн сайд найман тэрбум, Сангийн сайд есөн тэрбум, Уул уурхайн сайд 240 сая 300 мянга, Зам тээврийн сайдын 160 тэрбум 439 сая 200 мянга, нэмэгдсэн бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдынх 89 тэрбум, Барилга, хот байгуулалтын сайдынх 68 тэрбум 941 сая, Эрчим хүчний сайдынх 39 тэрбум 387 сая, Эрүүл мэнд, спортын сайдынх 20 тэрбум 560 сая төгрөгөөр тус тус нэмэгджээ. Манай эрх баригчид ийнхүү идүүрээ томсгож, ард түмэн аягаа багасгах нь ээ. Өөрсдийнхөө тансаглалаас, өчүүхнийг ч хассангүй. Биднийг харин аягаа багасга гэж татвар нэмлээ. Угаас бага аяганд л идэж байсан ард түмэн энэ тодотгол батлагдвал алган дээрээ л хоол идэх нь. Харин алган дээрхийг олдог ажлаас нь халчихвал яадгийг өөрийгөө шатаасан хүний жишээнээс харсан л биз дээ. Ийм л байдалд ард түмнээ хүргэхдээ туллаа шүү дээ, эрх баригчид аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *