“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хуралд оролцогчийн санал бодлыг сонслоо.
/ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа/
-Өнөөдрийн онол-практикийн бага хуралд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-аар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхийн төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож байна. Аль ч улс оронд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх нь цагдаагийн байгууллагын үүрэг байдаг. Харин гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил гэдэг бол төрийн болон төрийн бус байгууллага, бүгдийнх нь хариуцсан ажил байдаг. Монгол Улсад энэ ажлыг бүх шатны “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл” хариуцан зохион байгуулахаар хуульчилсан.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1990 оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд гарсан гэмт хэргийн нөхцөлд дүгнэлт хийж үзлээ. Манай улс хуульдаа бид 200 гаруй гэмт хэргийг хуульчилсан. Үүнээс 6-7 төрлийн гэмт хэрэг Монгол Улсад гарч буй нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг эзэлж байна. Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг нийт бүртгэгдэж буй гэмт хэргийн 30 гаруй хувийг, бусдын бие махбодид гэмтэл учруулах буюу танхайрах төрлийн гэмт хэрэг 30 орчим хувийг эзэлж байна. Үүний ард архидалт, гэр бүлийн хүчирхийлэл байдаг. Мөн залилан мэхлэх гэмт хэрэг өсөх хандлагатай, дангаараа 10 орчим хувийг эзэлсэн. Үүний дараа авто ослын хэрэг байна.
Бидний анхаарах ёстой гол чиглэл бол шинэ төрлийн гэж яриад байгаа хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдах, цахим гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг сүүлийн таван жилийн судалгаа харуулна. Эдгээр төрлийн гэмт хэргийн нийт тоо улсын хэмжээнд эзлэх хувь бага боловч нийгмийн хор аюул, шинж чанараараа аюултай юм. Энэ бол бидний анхаарч ажиллах нэгэн чиглэл. Тиймээс энэ удаагийн “Онол-практикийн бага хурал”-аар энэ төрлийн ажлыг хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаарх илтгэлийг нарийвчлан хэлэлцүүлж байна. Дараа нь салбар хуралдаанаар дэлгэрэнгүй ярилцана. Түүнчлэн хурлын төгсгөлд дүгнэлт, зөвлөмж гаргах юм.