Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунбаатар: Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатартай ярилцлаа.


-Өнөөдөр болох оффшорчдыг эсэргүүцэх жагсаалд МАХН-ынхан оролцоно гэсэн сураг сонсогдож байна?

-Төрийн бус байгууллагууд оффшор дансны эсрэг нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа. Гадаадын оффшор дансанд байгаа мөнгийг татаж оруулж ирэх, тэрийг эзэмшиж буй төрийн албан тушаалтнуудыг эргүүлэн татах тухай шаардлага тавих юм билээ. Уг арга хэмжээг албан ёсоор дэмжиж оролцохоо илэрхийлсэн. Өнөөдөр эдийн засаг, улс төрийн байдал хүнд байна. Тогтолцооны шинж чанартай хямрал нүүрлэж байна шүү дээ. Яг нарийндаа яривал өнгөрсөн дөрвөн жилд АН засаг барьсан болохоороо, эсхүл 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН ялалт байгуулж олонхи болсноос хамаарч хямраагүй. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд тогтолцооны маш том гажуудалтай болчихож. Үүний шалтгаан нөхцөлд зөв анализ хийж хямралаас гарах бодлогоо тодорхойлох ёстой. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23.5 тэрбум ам.доллар байна. Гэтэл оффшор бүсэд данс эзэмшиж буй хүмүүсийн нэр дээр нийт 17.5 тэрбум ам.доллар бий. Энэ мөнгийг оруулж ирээд гадаад өрөө тэглэчих юмсан. Яагаад гэвэл оффшор дансанд байгаа мөнгөний гарал үүсэл Монгол Улсын газрын баялагтай шууд холбоотой. Оффшорт хар тамхины, терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах үйл ажиллагаа гэхчилэн хууль бус мөнгөний асуудал яригддаг. Ийм газарт Монголын мөнгө яаж очсон байх вэ. Маш хялбар аргаар лиценз ашиглан олсон мөнгө л тэнд байгаа. Ер нь бол оффшор бүсэд хадгалж буй мөнгөний уг гарлыг олох хэцүү биш. Хууль, цагдаагийнхан ажиллах юм бол маш хялбархан тогтооно. Энэ бүхэн нийгмийг бухимдуулаад байна шүү дээ. Монголын бүх баялаг 200-хан гэр бүлд оччихож. Тиймээс тэмцэх гээд байна. Тэснэ, тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэхэв. Иргэд тэсрэхэд бэлэн болчихлоо. Магадгүй 1990-ээд онд Европт эхэлсэн өөрчлөлт, хувьслын шуурга манайд болох гээд байна.

-Хууль санаачлаад явж байгаа. Баталчихаар хэрэгжих байлгүй дээ?

-Хуультай болно гэж аль эртнээс л ярьсан шүү дээ. С.Баярцогтын оффшортой холбогдсон тухай асуудал яригдаж байхад л хууль батална гэж байсан. Тэр нь одоо хүртэл байхгүй. Гэхдээ аргагүй шүү дээ. Энэ парламентын гишүүдийн 95 хувь нь том, жижиг бизнес эрхлэгчид. Уул уурхайн олигархиуд дотор нь байгаа. Бүгд жижиг тойрог дээр мөнгө тараагаад гараад ирсэн. Ингэх суурийг нь МАНАН тавьж, Үндсэн хуулийн Цэц хэрэгжүүлсэн. Сонгуулийн үеэр хөдөө орон нутгийн иргэд ойр хавийнхаа дэлгүүрт ямар ч өргүй болж байлаа. Ингэж л мөнгөтэй хүмүүс төрийн эрхийг гартаа авч байна. Уг нь Монголын баялаг ард түмний мэдэлд байх ёстой шүү дээ. Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгч байхдаа Оюу толгой, Таван толгойн 51 хувиас доошгүй нь ард түмний мэдэлд байх ёстой гэдэг байсан. Ард түмний хяналтад байж гэмээнэ үр өгөөжөө хүртээнэ. Саяхан бас “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал сөхөгдлөө. Монголын талын эзэмшилд бүрэн оруулсан нь амжилт. Гэхдээ асуудлыг УИХ хэлэлцэх ёстой байсан шүү дээ. Гэтэл ерөөсөө л бие биенийгээ нухчин дарах гэж оролдож байна. Цөөхөн монголчууд бид хоорондоо өрсөлдөөд ялалт байгуулахгүй. Бид зөвшилцлийн замаар явах ёстой. Хамтарч ажиллах хэрэгтэй байна. Элдэв хэрэгтэй, хэрэггүй асуудлаар нэгийгээ гэмтэн болгодог тогтолцоотой болчихож. Тэрийгээ хэрэгжүүлэхдээ төрийн цагдааг зэвсэг болгон ашиглаж байна. 2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд юу боллоо доо. Дөрөв, таван зуун цагдаагаар бүслүүлж байгаад Н.Энхбаяр даргыг баривчлаад явсан. Үндсэндээ тэнд цагдаагийн хэрэг юу байсан юм бэ. Ингэж хагаралдуулж байгаа байхгүй юу. Баянзүрх дүүрэг дээр гэхэд тэр контор руу орохын тулд яах гэж цагдаагийн хүчийг ашиглаад байгаа юм бэ. Иргэдийг иргэдийнх нь өөдөөс тавиад байна. Ер нь улс төрийн намуудаас болж иргэд хоорондоо талцаад байдаг. Би ТББ-уудтай хамтарч судалгаа хийлээ. 22235 төрийн албан хаагчийг 2016 оны сонгуулиас хойш ажлын байрнаас нь халж, чөлөөлсөн байна. Талцаж, улстөржсөнөөс болж байгаа шүү дээ. Гэхдээ 2012 онд АН олуулаа болоод халж, сэлгэсэн нь үнэн. Энэ удаад МАН-ынхны ээлж ирж. Ингэж монгол төрийн залгамж чанарыг үгүй хийгээд байна. Нэгийгээ албан тушаалаас нь унагаж өшөөгөө авлаа гэж хүртэл ярьж байна шүү дээ.

-Яг ийм байдлаас буюу манай нам, танай нам гэдгээс болж Завханы Идэр суманд ажлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө шатаан амь насаа алдчихлаа. Төрийн ажил ингэж явж болдог юм уу?

-22 мянган албан хаагчийн ихэнх нь нам дагаж явсныхаа төлөө албан тушаалд очсон хүмүүс. Ажлын туршлагатай хүнийг өөрчлөөд оронд нь МСҮТ төгссөн нэг залууг аваачиж тавьчихаад байна. Ийм байдлыг ажлаа хийж явсан хүмүүс яаж тэвчих юм бэ. Тэсэхгүй болоод эрдэнэт хүний амь эрсэдлээ шүү дээ. Маш харамсалтай үйл явдал. Ийм асуудлыг нэн даруй таслан зогсоох ёстой. Энэ асуудлаар Монголын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллага Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад мэдэгдэл хүргүүлж байгаа. Хэрэглэгчийн, монгол хүний эрхийг ингэж зөрчиж байхад бид хөгжлийн тухай яриад ч хэрэггүй. МАХН-ын гишүүн байсан хүн над дээр ирээд уулзаж байна. Намын ялгаварлан гадуурхалтаас болж Монголд амьдрах аргагүй боллоо гээд хүний эрхийн байгууллагын тодорхойлолт авсан. Ийм байдлаар эх орондоо тайван амьдрах боломжийг өгөхгүй байна.

-Та түрүүн зөвшилцөл хэрэгтэй гэлээ. Хэдэн жилийн өмнө МАН, МАХН хоёр нэгдэх тухай асуудал яригдаж байгаад чимээгүй болчихлоо. Одоо уг асуудал сөхөгдөж байгаа юу?

-Сая ийм санал ирж байна лээ.

-МАН-аас уу?

-Тийм. Ард түмэн, олон нийтийн хүсэлт байгаа тул хамтран ажиллая гэсэн.

-Ямар хариу өгөв?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө юм уу, эдийн засаг хүндэрсэн байгаа үед ийм санал ирж болно л доо. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, монгол хүн эх орондоо жаргалтай сайхан нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хамтарч ажиллаж болно. Үндсэндээ МАН, АН-д үзэл бодлын том ялгаа байхгүй.

-МАН-ын тавьсан саналын дагуу танай нам хамтарч ажиллах уу?

-Би шууд хэлчихье. Мэдээж өнөөгийн нөхцөлд энэ боломжгүй зүйл. Яагаад гээч. Өнөөдөр олигархиуд, луйварчид, эх орноо худалдсан нөхдүүдээс салаагүй байхад ард түмний эрх ашгийг илүүтэй хамгаалж буй МАХН-ын хувьд ийм алхам хийж болохгүй. Гэхдээ энэ бол манай намын гишүүдийн ярилцаж гаргасан шийдвэр биш. Би хувь хүнийхээ хувьд ийм байр суурьтай байна. Бусад маань ч ойролцоо үзэл бодолтой байгаа байх.

-Нэгэнт МАН хамтран ажиллах санал тавьсан юм бол тэрийг нь зөвшөөрөөд Н.Энхбаяр даргыгаа сонгуульд нэр дэвшүүлэхээр тохиролцож болохгүй юу?

-Н.Энхбаяр дарга яагаад тохиролцож байж нэр дэвших ёстой гэж. Тэр хүн хэнээс, ямар авлига авсан юм бэ. Тийм зүйл байгаа юм уу. Ах дүү нар нь “Өргөө” зочид буудалд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тэр нь одоо орон нутгийн өмч хэвээрээ байгаа. Талбайн хажуу талын газар ч ялгаагүй Улаанбаатар хотын өмчид бүртгэлтэй. Гэмт хэрэг байхгүй. Монгол Улсын эрүүгийн хуульд байхгүй зүйл. Тийм болохоор цагаатах болно.

-Хэзээ цагаатна гэж?

-Цаг хугацааны л асуудал. Тэртээ тэргүй цагаатгах өдөр бий болно. Ял аваад, ялаа эдлээд, уучлагдаад дууссан. Ялтайд тооцох хугацаа гэж зүйл яриад байдаг. Тэр асуудлыг хуулиар шийдээд дуусчихсан.

-Танай намынхан ялтайд тооцох хугацаа дууссан гэдэг ч хуулийн байгууллага болоогүй гэж шийдээд өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй биз дээ?

-Хууль бус үйл ажиллагаа байхгүй юу. Эрх мэдэлтэй улс төрийн хүчнийхэн эрх мэдэлгүй байгаа өрсөлдөгчөөсөө айсандаа хийж буй ажил шүү дээ. Дахиад ийм үйлдэл хийж магадгүй. Х.Тэмүүжин гишүүн нэг удаа хэлсэн биз дээ. Н.Энхбаяр төрийн алба хашихад саад байхгүй гэж. Гэтэл цаанаас нь шахалт үзүүлээд дахиж тийм зүйл ярих хэрэггүй гэсэн байх. Хүний эрхийн үндэсний комиссын дүгнэлт гарсан шүү дээ. Саяхан бас Улсын Дээд шүүхээр орж “Ялтайд тооцох хугацаа дуусаагүй” гэх цагдаагийн бичгээр сонгуульд оролцуулаагүй нь буруу байна гэдгийг тогтоосон шийдвэр гарлаа. Ерөөсөө тодорхой шүү дээ. Чамайг харсаар байтал эмэгтэй хүн байхад чинь эрэгтэй гэж ярьж, хэлсээр байгаад эмэгтэй хүн биш гэсэн бичиг хийгээд байвал яах вэ. Тэрэн шиг гэмт хэргийн тухай асуудал огт байхгүй. Яахав Н.Энхбаяр даргыг гэмт хэрэгт холбогдуулаад улс төрөөс ангид байлгах сонирхол бүлэглэлд бий. Гэхдээ энэ бол гарц биш. Монголын ард түмний таван хүн тутмын гурав нь, гурван хүний хоёр нь Н.Энхбаярыг хүсэж байгаа.

-Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

-Дэвшиж л таараа шүү дээ. Нэр дэвшихэд ямар нэгэн хаалт байхгүй. Хэрэв ямар нэгэн хаалт гаргаж тавьбал Монголын ард түмэн эсэргүүцнэ.

-Тэгвэл МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр нэр дэвших нь гэж ойлгож болох нь ээ?

-Дэвшинэ. Манай намд нэр дэвших өөр хүмүүс хангалттай бий.

-Гэхдээ л сонгуулийн өмнө нэр дэвшинэ гэж байгаад сонгууль дөхөхөөр болиулчихдаг биз дээ?

-Тэгж хэлмэгдүүлдгээ болих хэрэгтэй байхгүй юу. Айж суухаа болиод өрсөлдөх хэрэгтэй. Зөвшилцөөд ажиллах хэрэгтэй. Зөвшилцөл гэдэг бол хэлмэгдүүлсэн нь уучлал гуйгаад, хэлмэгдсэн нь гоморхолгүй ажиллах ёстой. Түүнээс өөр гарц Монгол Улсад байхгүй.

-Эдийн засаг хүнд байна. УИХ-ын дарга Япон улсад айлчлах үеэрээ 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохирч байх шиг байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын өмнө ингэж өр нэмэгдүүлж байгааг хэрхэн харж байна вэ?

-Чингис бонд, Самурай бондын зээл оруулж ирэх үед би УИХ-ын гадна байсан. Тэр үед бондын мөнгийг хэн авсан гэж. МАН, АН-ын хэдэн олигархи хуваагаад авсан биз дээ. Одоо өрөө төлөх үед ганц Н.Батбаярыгаа бариад яадаг юм. Бүгдээрээ төлөх хэрэгтэй. Шоронд суулгаад ч яахав дээ. Мөнгө идсэн нь үнэн бол төлүүлнэ биз. Тэгэхгүйгээр та нарын цалингийн татварыг нэмэгдүүлж өр барагдуулна гээд ОУВС-гийн өмнө сууж байгаа нь ичгэвэртэй. Ард түмэн ч зөвшөөрөхгүй. Одоо харин улс орны хөгжлийн бодлогод чиглэсэн зээл авч болно.

-ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд татвар нэмэх хэрэгтэй болж байна. Ингэж ард түмний нуруун дээр ачаалал үүрүүлэхээс өөр арга алга уу?

-Боломжоо сайн судлах хэрэгтэй. Бизнесийн орчин, аж ахуй эрхлэх орчинг сайжруулж өгөх зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр хоёр улсын хил дээр байгаа чөлөөт бүсийг ашиглахгүй байгаа. Үүнийгээ сэргээгээд монгол үйлдвэрлэлээ дэмжиж болно. Дээрээс нь төрийн албаны бүтэц данхар хэвээрээ л байна. Тэр дэд сайдуудаар яах гээд байгаа юм бэ. Би хоёр ч давхар дээлтэй ажиллаж болоод л байсан. Хоногт 20 цаг ажиллахдаа эрүүл мэндийн салбарыг давхар хариуцаад явсан. Засгийн газрын ордны хашааг хар л даа. Дүүрэн “Ланд круйзер”, “Лексус” машин зогсож байна. Улаанбаатар хотод ийм өндөр үнэтэй, шатахуун их иддэг унаагаар яах гээд байгаа юм бэ.

-МАХН-ын зүгээс Үндсэн хуулийг шинээр боловсруулж УИХ-ын даргад өргөн барьсан гэсэн. Хэрхэн шинэчилсэн юм бэ?

-Ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, монгол хүн төвтэй шинэ Үндсэн хууль боловсруулж өргөн барьсан. Монголын том хуульчид, эдийн засагчид, төр засгийн мэргэжилтнүүд, төр засгийн ахмад зүтгэлтнүүд хамтран ажилласан. Гол үзэл санаа нь монгол хүнийг төрийн төв болгосон. Мал биш, монгол хүнээ төрийн хамгаалалтад авмаар байна. Ажил, бизнес эрхлэхэд нь аливаа нэгэн байдлаар хязгаарлалт тавихгүй.

-УИХ-аас байгуулагдсан Үндсэн хуулийг шинэчлэх ажлын хэсэгтэй хамтраад явсан нь дээргүй юү?

-Хамтраад явж болно. Хүн төвтэй монгол төрийн концепцтэй болох Үндсэн хуулийн шинэчлэл боловсруулсан газар алга. Одоо бол хамтарч ажиллана. Энэ тал дээр хамтрах саналаа бүгдэд нь тавьсан. Өнөөдрийн байдлаар шинэ Үндсэн хуулийн талаар ард түмнийхээ саналыг аваад эхэлчихсэн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *