Categories
мэдээ цаг-үе

Ирээдүйн инженер, математикчид оюун ухаан, ур чадвараараа өрсөлдөж байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарын дунд жил бүр зохион байгуулагддаг бүх төрлийн олимпиадын хоёрын даваа өчигдөр эхэллээ. Тухайлбал, Монгол Улсын гавьяат багш С.Цагааны нэрэмжит нийслэлийн шилдэг математикч багш, сурагчдыг шалгаруулах олимпиад Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургууль дээр зохион байгуулагдсан юм. Олимпиад хоёр өдөр үргэлжилж өнөөдөр дүнгээ гаргах бөгөөд нийслэлийн 50 гаруй сургуулийн 700 шахам сурагч, 100 гаруй багш оролцож байна. Энэ жилийн хувьд Монголын математикийн олимпиадын хорооноос бодлогыг боловсруулж, засалт, дүгнэлтийг хариуцан ажиллаж байгаа ажээ. Өчигдөр V-XII ангийн сурагчид, бага, дунд ангийн багш нар эхний өдрийн бодолтоо хийсэн юм.

О.Наранчимэг: ЭНГИЙНЭЭС НАРИЙН РУУ ГЭСЭН ЗАРЧМААР МАТЕМАТИКИЙГ ОЙЛГУУЛДАГ

Энэ үеэр улсын математикийн багш нарын олимпиадын хоёр удаагийн аварга, “Орчлон” сургуулийн багш О.Наранчимэгтэй цөөн хором хөөрөлдлөө. Тэрбээр, “Улсын олимпиадад анх 2004 онд оролцож байлаа. Тухайн үед юу ч мэдэхгүй ороод шууд хүрэл медаль авч байсан. Түүнээс хойш есөн жил медальгүй, тусгай байр эзэлж байгаад 2012 онд алт, 2013 онд мөнгө, 2014 онд алтан медаль хүртэж байлаа. Энэ жил гурван бодлого ирснээс сая хоёрыг нь л бодлоо. Өнөөдрийн дүнгээ харж байгаад маргааш хэдэн бодлого бүтэн бодож, хэдэн бодлого хагас бодох вэ гэдэг тактикаа боловсруулна” гэсэн юм. Түүнээс математикийн хичээлийн сайхан нь юундаа байдаг вэ гэхэд “Математик бол өнгөрснөө үгүйсгэдэггүй, харьцангуй тогтвортой шинжлэх ухаан гэдгээрээ давуу талтай. Миний хувьд бага ангийн багш болохоор математикийг аль болох амархан, гоё хичээл гэж сурагчдад ойлгуулахыг хичээдэг. Заримдаа тоглоомын аргаар заадаг. Бодлогоо таних аргад сургачихсан байхад хүүхэд аяндаа математикт дуртай болдог. Дунд ангийн сурагчдад бол энгийнээс нарийн руу гэсэн зарчмаар явдаг. Амархан бодлого өгч бодуулсаар, өөртөө итгэлтэй болоод ирэхээр нь арай хүнд бодлого өгдөг. Нэг төрлийн бодлогыг олон дахин бодуулахаар би чадаж байна гэж боддог. Тэгэхээр нь жаахан өөрчлөөд өгөх жишээтэй. Ингэж явсаар байгаад сурагчид нэг мэдэхэд хүнд бодлогыг ч боддог болчихдог” гэж ярилаа.

Эхний өдөр дунд ангийн сурагчид дөрвөн бодлогыг 150-180 минутад боддог бол ахлах ангийн сурагчид, багш нар хоёр өдөр тус бүр 270 минутад гурван бодлого бодож эцсийн дүнгээ сонсдог байна. Ингээд өнгөрсөн жилийн математикийн улсын олимпиадад анги дэвшин оролцож аварга болсон нэгдүгээр сургуулийн есдүгээр ангийн сурагч Б.Батмэндээс өнөөдрийн сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

Б.Батмэнд: МАТЕМАТИКИЙГ БОДОЖ БАЙГАА АРГА НЬ УРАН НАРИЙН БАЙХ ТУСАМ ИЛҮҮ ИХ ТААШААЛ АВДАГ

Тэрбээр “Би математикийн олимпиадад хоёрдугаар ангиасаа оролцож эхэлсэн. Намайг жаахан байхад ах маань математикийн олимпиадын аварга болж байсан. Ахаараа бахархаж, хичээгээд байвал медаль авдаг юм байна гэж бодож эхэлсэн. Ах минь одоо Америкт Google компанид программ хангамжийн инженерээр ажилладаг. Тийм болохоор би ирээдүйд сайхан амьдрахын тулд өдөрт тогтмол зургаан цаг математикаа давтдаг” гэсэн юм. Түүнээс математикаар хичээллэхийн юу нь сайхан бэ гэхэд “Математикийг бодож байгаа арга нь хэр уран гоё байна гэдгээс хамаараад маш их таашаал авдаг. Бага ангидаа нийслэлээс гурван удаа мөнгөн медаль авч байсан. Монголын математикч бүхэн олон улсын IMO олимпиадад амжилттай оролцохыг хүсдэг. Би ч мөн адил тэр олимпиадаас алтан медаль авахын тулд мэрийж байгаа” гэж ярилаа.

Дашрамд сонирхуулахад, энэ жилийн математикийн улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт доктор Д.Шагдар багшийн нэрэмжит болж зохион байгуулагдах ажээ.

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ОЛИМПИАДЫН ХОЁРЫН ДАВААНД 560 ГАРУЙ БАГШ, СУРАГЧ ОРОЛЦОЖ БАЙНА

Мөн энэ өдөр Монгол Улсын гавьяат багш М.Цэрэнхандын анх санаачлан зохион байгуулсан техник технологийн олимпиадын хоёрын даваа 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилээс тус олимпиадыг МУ-ын гавьяат багш М.Цэрэнханд, Н.Лхагва, Н.Бавуужав, Н.Батбаяр нарын нэрэмжит болгож буйгаараа онцлогтой юм. Техник технологийн олимпиадад дүүрэг бүрээс шалгарсан 560 гаруй багш, сурагчид техник спорт, зураг урлал, дизайн гэсэн гурван төрлөөр ур ухаанаа уралдууллаа.

О.Батжаргал: СУРАГЧИД ЯМАР БҮТЭЭЛ ХИЙЖ, ЯАЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ, ТЭВЧЭЭР ГАРГАЖ БАЙГААГ АНХААРЧ, ДЭМЖЭЭСЭЙ ГЭЖ БОДДОГ

Энэ удаагийн олимпиадад усан техник загварын төрлөөр хоёр сурагч, авто загвараар нэг хүүхэд бэлтгэн оруулж буй Ган зам хорьдугаар сургуулийн багш О.Батжаргалтай цөөн хором ярилцлаа. Тэрбээр, “Миний хувьд 2004 онд их сургууль төгсөөд энэ сургуульд багшилж эхэлсэн. 2005 оноос олимпиадад оролцож байна. Бэлдсэн шавь нар маань чамгүй амжилт гаргаж байгаа. Усан техник загварыг сонирхож, тэр чиглэлээр хүүхдүүд бэлтгэдэг. Техник спортын чиглэлээр хүүхдүүд бэлтгэнэ гэдэг бол улс оронд маш том хөрөнгө оруулалт оруулж байна гэж боддог. Энэ жил нэгдүгээр шатанд дөрвөн төрлөөр таван хүүхэд оролцож, тавуулаа хоёрдугаар шатанд оролцох эрх авсан. Гэвч өнөөдөр хувийн шалтгааны улмаас хоёр хүүхэд орж чадахааргүй болчихоод байна. Хүүхдүүдийн бүтээлүүдийг харж байхад деталь эд ангиуддаа их анхаарсан, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж чаджээ. Миний хувьд техник технологийн олимпиадын улсын аваргад нэг удаа тусгай байр, нэг удаа есдүгээр байр эзэлж байсан. Шавь нараа бэлтгээд өөрөө оролцоход хүндрэлтэй байдаг. Улс орны ирээдүй болсон инженер техникийн боловсрол эзэмшиж байгаа сурагчид ямар бүтээл хийж, юу хүсч мөрөөдөж, яаж хөдөлмөрлөж, тэвчээр гаргаж байгааг холбогдох албаны хүмүүс анхаарч, дэмжээсэй гэж боддог” гэв. Түүнээс энэ жилийн олимпиадад өгөгдсөн даалгавар урьд жилүүдийнхтэй харьцуулахад ямар байсан талаар тодруулахад “Усан загварын хувьд 1945 оны дайнд оролцож явсан ЗХУ-аас 500 ширхэг үйлдвэрлэгдэж Герман улс руу шилжсэн торпет Г-5 байлдааны сөнөөгч онгоцны загварыг хийж байна. Ер нь бол их хүнд загвар. Автомашин дээр бартаат замын хаан гэгддэг ГАЗ-66 машин өгөгдсөн. Тэмцээний үеэр техникийн саатал, хүүхдийн өөрийн ур чадвараас шалтгаалаад алдаа дутагдал гардаг. Гэхдээ сурагчдын ур чадвар жилээс жилд сайжирч байна” гэлээ.

Мянганбаяр: УРАН НИСЛЭГ БУЮУ F2B ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨЖ БАЙГАА ТУЛ НИСГЭГЧИЙН УР ЧАДВАРААС ИХ ЗҮЙЛ ШАЛТГААЛНА

Усан загварын ангилалд онгоцоо шалгуулаад гарч ирсэн Сонгинохайрхан дүүргийн XII сургуулийн есдүгээр ангийн сурагч Даваасүрэнгээс сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр “Техник технологийн олимпиадад усан загварын төрөлд зургадугаар ангиасаа хойш орсон. Энэ жилийн шалгаруулалтын онцлог нь ганцаарчилж дүнг нь хэлж өгч байна. Зураг, их бие дээр бага оноо авч, гүйцэтгэл дээр 70 хувийн оноо авлаа. Усан онгоцоо бэлэн болгох гэж хоёр, гурав хоног нойргүй хоносон. Мотор их биетэйгээ нийлээд 400-500 мянган төгрөгийн зардал гарсан” гэв. Түүний дараа өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн XI ангийн сурагч Мянганбаяр онгоцоо цэцэрлэгт хүрээлэнд хөөргөхөөр явж байхтай таарлаа. Тэрбээр энэ спортоор гурав дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн жил нийслэлд гуравдугаар байр эзэлжээ. Түүнээс энэ жилийн даалгаврын талаар тодруулахад “Уран нислэг буюу F2B төрлөөр өрсөлдөж байна. Тийм болохоор нисгэгчийн ур чадвараас их зүйл шалтгаална. Онгоцоо зохион бүтээх гэж гурван сар хөдөлмөрлөсөн. Ингэж их хөдөлмөрлөсөн ч зарим хүүхдүүд онгоцоо нисгэх үедээ алдаа гаргаж чанга унагах тохиолдол байдаг. Чанга унагах юм бол мотор нь эвдэрч их хохирол амсдаг” гэж ярьсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *