Японы “AVEX” энтертаймент группийн Гадаад харилцаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн менежер Ж.Билгүүнтэй ярилцлаа.
-Та Наран улсад сурч, ажиллаж амьдраад 16 жил болж байна гэсэн. Өөрийгөө хагас япон хүн гэж тодотгох дуртай юм шиг санагддаг…?
-Тийм ээ, сурч хийж бүтээх ид үеэ энд өнгөрөөж байгаа болоод ч тэр үү, аливаа зүйлд хандах хандлага маань яг л япон хүмүүсийн хэм хэмжээг дагачихсан гэх үү дээ. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шүү дээ. Заримдаа монголчууд маань ч “Та япон хүн үү” гэж андуурах тохиолдол гарч байсан. Сүүлийн үед Монгол руугаа очих дуртай болчихоод байгаа. Өнгөрсөн жил гэхэд л дөрөв, тав яваад ирлээ. Очих бүртээ надад хийж чадах юм байна уу, өөрийнхөө бололцоогоор улс орондоо хэрэгтэй зүйлд оролцох юм сан гэж хардаг, хайдаг.
-Тухайлбал, юуг олж харсан бэ?
-Япон улсад амьдраад чамгүй олон жил болсон болохоор тодорхой хэмжээнд танилтай болж. Тэгээд энэ хүрээндээ нэг зүйлийг хийж болох юм байна гэж бодсон. Тэр нь юу вэ гэхээр Монгол, Японы хооронд жижиг, дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийг холбох, тэдэнд тулгарсан асуудал дээр нь зөвлөх, эдийн засгийн боломжуудыг гаргаж өгөх зэргээр Монгол руугаа их, бага хамаагүй хөрөнгө оруулалт татах бололцоо байна.Энэ тал дээр тусламж хэрэгтэй хүмүүс надтай холбогдож болно гэдгийг дуулгаад өгөөрэй.Одоогоор Монголоос 50 орчим байгууллага, хувь хүмүүстэй холбоо тогтоогоод байгаа. Тэднийг Японы 40 гаруй аймагтай хамтарч ажиллахад нь анхаарч байна.
-Үндсэн ажлаасаа гадуур ийм олон нийтийн ажилд анхаарахад цаг нэлээд шаарддаг байх. Яаж амжуулж байна?
-Энд байгаа монголчууд маань хэсэг бүлгээрээ нэгдээд ийм ажлуудыг хийж л байдаг. Ерөнхийдөө хувь хувьдаа бодож хийж яваа тэр олон санаа, боломжийг нэгтгэж төвлөрүүлэх бас нэг зорилго болохоор саадгүй хийчихдэг.
-Та Азийн хүчирхэг энтертаймент группт ажиллаж байна. Монголын уран бүтээлчдийн цар хүрээ тийм ч айхтар тэлэгдэхгүй байна. Азидаа яригддаг уран бүтээлч гаргах тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Бидэнд амжилт гаргах бүрэн боломж, авьяас, өвөрмөц соёл байна. Гэвч, зөвхөн авьяас, соёл нь байна гээд шоу бизнест үсрээд гарчихдаггүй. Дорвитой менежмент хэрэгтэй. Эдийн засгийн нөхцөл бас нэг түлхэц болдог. Энтертаймент, шоу бизнес бол нийгмийнхээ ард явдаг. Эхлээд манай нийгэм, эдийн засгийн байдал сайжирчихвал түүний дараа ийм асуудлыг ярьж болно. Миний бодлоор эхлээд програмчлагдсан уран бүтээлч бэлдэх сургалт, тусгай арга барилтай дугуйлан, клубүүд нээгдэх хэрэгтэй. Энтертаймент компаниудын хэтийн төлөв, гаднын зах зээлд хандуулан хийж байгаа маркетинг судалгааг анзаарах ёстой болов уу. Тэгээд түүнд тулгуурлаж уран бүтээлчдээ бэлтгэвэл магадгүй яваандаа Ази болон Европ, АНУ-д гарах эхний асуудал мөн байх.
-Өмнөд Монголоор дамжуулан Монголынхоо уран бүтээлчдийг Хятадын зах зээлд гаргах талаар бодсон санасан юм бий гэсэн. Энэ тухайгаа тодруулж яриач?
-Элэг нэгт ахан дүүстэйгээ бид урлаг соёлоороо нягт байж, зах зээлийг нь зөв харах хэрэгтэй гэж би боддог. Одоо урд таван сая орчим монголчууд байдаг. Цаашлаад Монгол Улсын эргэн тойронд нийлээд 10 сая орчим монгол гаралтай хүмүүс байна. Тэгэхээр энэ 10 сая хүнд зориулаад уран бүтээл туурвиж болно. Урлаг соёл хил хязгааргүй орон зай шүү дээ. Би өөрийн компаниар дамжуулан Өмнөд Монголд концерт хийж болох уу гэдгийг нэг, хоёр жил судлан компанийнхаа төлөвлөгөөнд оруулах тал дээр хичээж байгаа. Үүндээ монгол хамтлаг, дуучдаа хамруулах санаатай.
-Танай компанийн сүүлийн үед хийж буй гол ажил юу байна вэ?
-Манай компани 30-аад жилийн түүхтэй. Одоо 1700 орчим ажилтантай болоод байгаа. Манайх есөн давхар байраа 19 давхар болгохоор газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын ажил хийж байна. Манай ажлын газар “Токио-2020” олимпийн наадам болох төв цэнгэлдэхтэй ойрхон байдаг юм. Тиймээс өнгө үзэмждээ анхаарч байгаа хэрэг. Саяхан АНУ-д хоёр охин компаниа байгуулсан. Одоо Хятадад салбараа нээж байна. Миний харьяалагддаг хэлтэс Бээжин, Шанхай хот руу хандсан судалгаа хийж байна.
-“AVEX” групп гаргаж ирж буй одууддаа ямар шаардлага тавьдаг вэ?
-Энэ ч мэдээж маш олон шалгуур байгаа. Бас нөгөө талаас компанийн нууц байдаг учир үнэхээр сонсох гэсэн хүн надад хандаасай гэж хүсч байна.
-Та фэйсбүүк, инстаграмм гээд сошиал хуудсаа идэвхтэй хөтөлдөг. Ямар үр дүн мэдрэгддэг вэ?
-Сошиал медиа бидэнд өдөр тутам хэрэгцээтэй байна. Энэ бол сонирхолтой ертөнц. Миний хувьд ажилдаа хэрэгтэй аппликейшнуудыг хэрэглэдэг. Мэдээж, фэйсбүүкээ хөтөлнө. Гэхдээ нээгээд л “Би ингэмээр байна, тэгмээр байна” гэж элдэв үг урсгахыг хүсдэггүй. Явсан газрынхаа зургийг оруулдаг. Тухайн өдөр ямар ажил хийсэн бэ гэдгээ харуулж, жаахан ч болов эерэгээр хөтлөхийг чармайдаг. Холбоотой найзуудаасаа суралцах гэх мэтээр тэндээс авахыг нь авна.
-Цахим орчинд шүүмжлэл, талархал, баяр гомдол гээд бүхий л зан төлөв ил харагдаж байдаг. Та хэр шүүмжлэгч вэ?
-Юманд залуу хүний эрч хүчээр хандаж, шинэ соргог байх юмсан гэж хичээдэг. Би өөрийн мэдэх зүйлдээ бол шүүмжлэлтэй хандана шүү. Тухайлбал, урлаг надад илүү ойр учраас Монголынхоо урлагийн салбарт юу болж, юу болохгүй байгааг танил дотно хүмүүстэйгээ ярилцаж, заримдаа хатуухан үг хэлчихдэг.
-Ирээдүйн төлөвлөгөөгөө яаж тодорхойлсон бэ?
-Монголдоо удахгүй очиж эх орондоо хийж бүтээе, суралцъя гэж бодож байгаа. Хэрвээ надтай ижил сонирхолтой хүмүүс байвал хамтрах, шинэ монгол залуусын хүрэх ёстой түвшинд очихыг ихэд зорьж өөрийгөө бэлдэж байна. Амьдрал суралцсаар явдаг учраас баян шүү дээ.
-Гадаадад амжилттай яваа залуус Монголдоо ирэх сонирхол тун бага байдаг. Яагаад гэдгийг та өөрийнхөөрөө хариулаач?
-Үгүй ээ, эсрэгээрээ. Тэд очих цагаа л хүлээж буй юм. Тэрнээс биш айгаагүй, зугтаагүй. Хүн эх орондоо байх хамгийн сайхан. Алс хол хэцүү нөхцөлд өөрийгөө сорьж буй шинэ залуусаа ирээрэй гэж дуудаасай л гэж хүсдэг. Өөрийгөө бэлдсэн хугацаа нь л хүн хүнд өөр гэхээс нутагтаа очих хүсэлгүй монгол гэж байхгүй.
-Таны аав Сорогдогийн Жаргалсайханыг нэртэй зохиолч гэдгийг уншигчид мэднэ. Харин аавын хувьд танд аминчлан юуг захидаг байв?
-Аав минь бүтээж туурвиж, нийгэмдээ үнэт зүйл үлдээхийг хүссэн хүн. Шекспир 52-тойдоо бурхан болсон ч 30-аад жүжиг бичиж амжсан. Миний аав 51-тэйдээ бурхан болсон. Надад гэхээсээ илүү өөрийнхөө бүтээлд их зүйлийг үлдээсэн гэж боддог. “Хаан түүх”, “Тэмүжин”, “Жамух” жүжиг, “Илүү сартай зун”, “Үхэж үл болно, Чингис хаан” кино энэ бүгд л тухайн нийгэмдээ хэлсэн магтаал зэмлэл, харуусал гомдол, атаа жөтөө урвалт бүгд туссан байдаг. Энэ нь аавын надад бас өгсөн хамгаалан хайрлаж явах ухаан биз ээ. Уншиж үзэж эдгээрээс би ухаарал авдаг. Миний аав үргэлж “Хүн шиг л байх хэрэгтэй. Чи хүний хэлснээр тийм болчихгүй. Зэмлэл, магтаал хоёрыг сайтар ухаж тунгаан, эцэст нь хүнээс хараат бус өөрөө өөрийгөө авч явах нийгэмшсэн хүн л бол” гэж надад захидаг байсан. Одоо би заримдаа яахаа мэдэхгүй үед өөрөөсөө асууна. Тэгээд “Чингис хааны нууц түүх” номноос нь аавынхаа үгийг уншина. Сэтгэл онгойж, хийх ёстой зүйлс урд минь байна гэж мэдэрдэг.
-Аав тань хүүгээ их эрхлүүлдэг байсан уу?
-Би айлын бага болохоор эрх танхи, тэр болгон хүнээс хатуу хөтүү үг сонсоогүй өсч дээ. Намайг арван сартайд өвөө, эмээд үзүүлнэ гээд Хөвсгөл рүү өвөртлөөд явчихсан гэсэн. Аавынхаа энгэрт багтдаг өөдөсхөн юм байж. Гуравтайд аав “Илүү сартай зун” киноныхоо натурт дагуулж явсан юм. Тэрнээс хойш бүх л уран бүтээл дээр нь дагаж явж байв. Аав тэр болгон бодсон санаснаа ил гаргадаггүй хүн байсан.
-Ингэхэд өөрөө хүүхэд байхдаа “Еэ еэ Шар Буд аа” киноны Буд хүүгийн дүрд тоглож байсан?
-Өмнө нь “Найрын ширээний ууц”, “Би гэртээ харимаар байна” кинон дээр зурганд орж үзсэн. Яг гол дүрийг “Еэ еэ шар Буд аа” кинонд бүтээсэн. Аав нэг өдөр Кино үйлдвэр дээр дагуулж очоод пробанд оруулсан юм. Цэцгээ найруулагч, оператор Маш ах нар шалгаад тоглуулсан.Дэлдэн шар хүү “Эмээ та чинь яасан үгэнд дуртай хүн бэ”, “Та яагаад одоо энэ чоныг дандаа зодоод байдаг юм бэ” гээд зарим монологийг өөрийнхөөрөө гаргасан байдаг. Хурц өнцгийг хүүхдийн нүдээр олж харж, тухайн нийгмийг шүүмжилсэн тийм кино.
Ц.БАЯРЖАРГАЛ