Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН шинэчлэгдвэл бид бүгдээрээ хожно

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

МАН шаардлага хүргүүллээ. Тэнд өгүүлэхдээ улс орны эдийн засаг хямралын байдалд орсныг онцлоод валютын нөөц эрс хомсдон, гадаадын хөрөнгө оруулалт зогсож, экспорт хоёр дахин бууран төгрөгийн ханш эрс доройтсоныг тодотгоод яаралтай арга хэмжээ авахыг Засгийн газраас нэхэмжилж, энэ талаар түргэн шуурхай арга хэмжээ авахын тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг үтэр түргэн хуралдуулахыг шаарджээ.

МАН (МАХН) ийм сайхан эрүүл шаардлага тавьж ажил хэрэгч байсныг нь санахгүй байна. Эдийн засгийн шинэчлэл өөрчлөлт болгоныг үзэл суртлын нүдээр оношилж улдан чангаадаг хуучтай энэ нам үнэхээр шинэчлэгдэх замдаа оржээ. Баярлууштай, бахархууштай. Нүдний нулимс тунарах болж байна. Бямбасүрэн, Очирбат, Чимид, Гомбосүрэн гээд шинэчлэгчид энэ намаас төрсөн л дөө. Харин тэднийгээ чухам шинэчлэл хийснийх нь төлөө зүхлийн бай болгож эгнээнээсээ шахан гаргасан. Байх суух газаргүй болтол нь гутаан доромжилж тэдний эсрэг үргэлжилсэн кампани зохион байгуулж байсан. Ингээд 1992 онд УИХ-д үнэмлэхүй олонх болуутаа бүхий л реформыг таг зогсоочиж билээ. Үнэхээр харамсалтай алдагдсан дөрвөн жил. Дараа нь Энхсайханы реформыг зүхэн гутаах кампанит ажил нь эхэлсэн. Ер нь чаддаг ажил нь кампанит ажил зохиох л доо.

Авилгатай тэмцээд эхэлсэн Ерөнхий сайд Элбэгдоржийг 2006 онд нийлж байгаад хөнтрөх мэхээр унаган зайлуулж байсан. Хөөрхийдөө, тэр үед улсын нийт хөрөнгө бага байсан болохоор авилга нийтийг хамарсан байсан ч хумсалсан юм нь их байгаагүй байх. МАН ч авилгатай тэмцэх нь буруу гэж үзээгүй, зүгээр л сурсан зангаараа өөрчлөнө шинэчлэнэ, ахина дэвшинэ гэхээр улдан чангаадаг амьтны зөнгөөрөө л гөжсөн болов уу. Монгол орон эгшин зуур баяжин хулгайлах юм ихтэй, идээ будааны элбэгийг нь яана болоод ирэхээр хумсалж биш шуудайгаар нь хусах болжээ. Иймээс л өнөөдөр “хэлмэгдүүлэлд МАН дангаараа өртөх болов” гэж шаагиж гарлаа. АН хулгайчгүй биш л дээ, гэхдээ сая дөнгөж их хөрөнгөн дээр гудамжнаас орж ирсэн болохоор арай амжаагүй яваа. Тэртэй тэргүй араас нь очино. Тэвчээртэй “суугаад” хүлээж байхад цаадуулыг чинь чихдээд аваад ирнэ. Нэг их удаан хүлээлгэхгүй биз. Хэдэн тэрбумын хэрэггүй дугуй Таван толгойд шахсан хэргээр нэгэн сүгсэлзүүр гишүүн удахгүй чихдүүлэх байх. Юутай ч гэм болгон зэмтэй байдаг учиртай.

Дээрх шаардах хуудаснаас үзэхүл ямартай ч гэсэн МАН улдан чангаахаа болин шинэчлэгдэж, уухайлан ташуурдаж урагшлуулан давирдаг сайн сөрөг хүчин болжээ. Тэдний шинэчлэлд иргэний хувьд баяр хүргэх нь зүйтэй гэж бодож байна (удтал алга нижигнүүлэн ташив!). Тэд гадаадын хөрөнгө оруулалт багассан, экспортын хэмжээ эрс буурсан, төгрөгийн ханш унасан, бондын мөнгө хэрхсэн гэсэн үндсэн дөрвөн асуудалд маш их санаа зовж байгаа юм байна. Хямрал наашилж буй энэ үед чухам энэ дөрвөн сэдэв тэднийг төдийгүй бүгдийн санааг зовоож байгаа билээ. Нэг үеэ бодвол монголчууд нэлээд олон тэрбум долларын хадгаламжтай болсон учир ханшны уналт хүн болгонд мэдрэгдэж байгаа. Бараг хүн болгон эрвийх дэрвийхээрээ хувиараа аж ахуй эрхэлж бизнис хийж буй учир эдийн засгийн хямрал хүн бүрийг дайрна гэдгийг төсөөлж байгаа. Хямрал ажлын байрыг нь ч булааж авна гэдгийг барагцаалж байгаа. Ингэхээр МАН үнэхээр тулгамдсан асуудлыг барьж авч байна. Тэдэнд дахин баяр хүргэе. (алга нижигнүүлээрэй!)

Харин нэг яльгүй алдаа гаргалаа. Эхлээд намаа төлөөлж Занданшатар хэвлэлийн бага хурал зарлан энэ асуудлыг анхлан хөндсөн юм. Дараа нь намын дэд дарга Бямбацогт энэ талаар албан ёсоор мэдэгдэв. УИХ-ын даргад намын бүлгийн дарга Нямаагийн Энхболд өөрийн гарын үсэгтэй шаардах бичгийг гардуулав. Гэтэл өнөөгийн хямралыг урин дуудсан хуулийг чухам энэ гурван хүн өнгөрсөн жилийн тавдугаар сард боловсруулан бэлтгээд УИХ-д албадан оруулж хуульчлан дэгэлсэн билээ. 2008 оны хямралыг бэлдсэн алдарт “68 хувийн ашгийн татвар” гэгчтэй эн зэрэгцэх, аягүй бол даван гарах “Монголын эдийн засгийг багалзуурдан дарах хууль” чухам эдний тархиар боловсрогдож гараар хийгдсэн билээ. Уг хуулиар гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж (үнэндээ тас хориглож) орж ирэхээр санаархагчдыг айлган хөөж, нэгэнт ороод ирснийг нь хөөн туусан юм. Ганц уул уурхай төдийгүй хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, боловсрол, банк санхүү гэх мэт салбарыг хамаарч цагаан хэрмэрхүү хаалт босгожээ. 100 сая доллараас дээш хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй бол энэ хэдэн нөхрөөс асууж байж зөвшөөрөл авахаар тусгажээ. Хагасыг нь хахуульд өгч байж л бүтэж магадгүй хувилбар шүү дээ. Уул уурхайн хөрөнгө оруулалт юун 100 сая, тэрбумаар ярьдаг бизнес. Ингэхээр нэг үгэндээ Монголоос шалавхан зайл гэсэн үг. Хуулийг санаачлагч нь Занданшатар, Бямбацогт нар, ажлын хэсгийн ахлагч нь Н.Энхболд, найруулагч нь “68-ын аав” портуун гэгч солиот. Сайхан хамаанд байгаа биз? Өдгөө МАН-ын шинэчлэлийг зарлаад яваа энэ хэд уг нь ноднин хууль гаргахдаа портууныг л ганцааранг нь урдаа түлхчих байсан юм. Өөрийгөө хариуцах чадваргүй хүн нийгмийн болон хуулийн өмнө хариуцлага хүлээдэггүй болохоор цаадах нь цагаадаад гарна, харин мань хэдийг араас нь шордсоныг хэн ч мэдэхгүй өнгөрөх байлаа. Тэгсэн бол мөнөөх шинэчлэлээ өнөөдөр нүүр бардам тунхаглаж байхгүй юу!

“68” гэдэг хууль батлагдсаны дараа (Японд сумогийн 68 дахь их аварга монгол хүн болсныг бэлгэдэж яг 68 хувийн татвар тогтоосон гэх. 108 дахь ёкозуна төрсөн бол яана!?) гадаадын хөрөнгө оруулагчид бөөнөөр гарч явсны нэгэн адил мань дөрвийн хуулийн дараа орж ирэхээр бэлдсэн ба дөнгөж орж ирсэн хөрөнгө оруулагчид дайжин алга боллоо. Нэгэнт хөрөнгө оруулсан хэсэг нь парламентийн сонгуулийг ажиглахаар үйл ажиллагаагаа царцаан хүлээгээд хэвтчихэв. Сонгуулийн дүн гарлаа. Хөрөнгө оруулагчидтай олон жил дайтсан эрэлхэг эх орончид гудамжнаас бөөнөөрөө хууль тогтоогч болон ороод ирэх нь тэр. Эднийг хөрөнгө оруулагчид эх орончид гэхээсээ шантаажчид, рэкэтчид гэдгээр нь сайн мэднэ. Баахан шантаажилж байгаад биеэр ирж найрамдал санал болгон оронд нь мөнгө нэхдэг юм чинь. Засгийн газар байгуулагдлаа. Хамгийн аймаар шантаажчид, мэдрэлийн өвчтэй хэсэг нь санхүү хөрөнгө оруулалт, уул уурхайг хариуцдаг байх шүү. Хамтарсан үйлдвэрлэлийн Монголын талын дарга өөрийн хариуцаж буй компанийн эсрэг “ясаа цайтал үзэж тарна” гэж мэдэгдлээ. Гишүүн болсон нэгэн өвчит “хөрөнгө оруулагчдын эсрэг монголчууд цөмөөрөө нэг талдаа гараад хамтраад байлдая” гэж уриаллаа. Дэлхий нийтээр цацагддаг “Блүмбэрг” телевизээр Чингис бондын “эзэн” ярилцлага өгөхдөө “Бид одоо үндэстэн дамнасан корпороциудын эрхшээлээс нэг мөсөн гарч, Японоос хязгааргүй их зээл аван түүгээрээ монгол эсгийг брэнд болгож барилгын дулаалгад ашиглах болно” гэж хөөрхлөө. Ерөнхийлөгчийн сонгууль боллоо, МАН-ын нэр дэвшигч хөрөнгө оруулагчдыг хөөж туугчдын тод магнай. Ингээд л хөрөнгө оруулагчдад бүх зүйл ойлгомжтой болох нь тэр. Монголчууд нэг мөсөн морио эмээллэчихжээ. Ямар ч найдвар алга. Гадаадын хөрөнгө оруулагч гэдэг нь найдвартай газар мөнгөө оруулж бизнис хийн эзэнтэй нь хувааж аль аль талдаа ашиг олох сонирхолтон болохоос буян үйлдэж юм тарааж байдаг сүм хийд, лам хувраг биш. Гүүд бай!

Монгол улс “хэт хөгжөөд” ноолуур, мах, аялал жуулчлал, арьс ширэн дээр амьдрахаа нэгэнт больсон. Арван хэдэн жилийн өмнө ганц тэрбум долларын үндэсний үйлдвэрлэлтэй байхдаа л “малын буян” хардаг байлаа. Одоо нэгэнт арван тэрбумын эдийн засагтай болсон энэ орон байгалийн түүхий эдийн экспорт, гадаадын хөрөнгө оруулалт хоёрт тулгуурлах болсон. Тэр нь алга болчихоор малын буян дээрээ л эргэж очно доо. Эдийн засгийг солонгоруулах тухай их яринаа. Салбар болгоныг жигд хөгжүүлэх гэнэ. Тэгэхийн тулд мөнгө хэрэгтэй. Тэр мөнгө эсгий таавчиг, арьс шир, ноолуураас гарахгүй ээ. Эхлээд мөнгөтэй болж аваад дараа нь Солонгоог мөрөөддөг байхгүй юу даа! Солонгоо чинь нөхөртэй, тэгээд ч зуны амралтаараа ирж зусчихаад намар нутаг руугаа буцаад явчихдаг биз дээ, Монголын уран зохиолд?

Занданшатар ярилцлага өгчээ. 2009 онд хасахтай байсан эдийн засгийг нэмэх 17 хувь болгосон гэнэ. Үнэндээ 68-ийн эффект Лэмэн Бразэртай нийлээд хасах болгочихсон юм шүү дээ. Нэмэх 17 нь МАН сайн ажиллаж мань эр гүрийтлээ зүтгэсэнийх биш, Австралийн нүүрсний орд усанд автсанаас болсон. Одоо эргээд хямрал нүүрлэж буй нь мань эр сонгогдож чадаагүйгээс болсон юм биш, нэг талаас мөнөөх усанд автсан орд хатсан, нөгөө талаас гэнэт олдсон фортуна (“гэнэтийн олз ашиг” гэсэн латин үг) архины мөнгө болж нийтэд тараагдсанаар зоорилсон хөрөнгөгүйгээс болж төгрөг унаад байгаа юм. Тэгээд ч цаашдын явах замыг нь Занданшатарын санаачилсан гадаадын хөрөнгийг хязгаарлан хянан боох 1912 оны тавдугаар сарын хууль хаагаад байгаа хэрэг. Цаашилбал Ерөнхий сайд Батболд сонгуульд амжилттай оролцохын тулд Тавантолгойн нүүрс болон Эрдэнэтийн зэсийг урьдчилж зараад мөнгийг нь хайрт ард түмэндээ тараачихсан тул бид яг одоо 800 сая долларын өртэй болсон, өрөө төлөхийн тулд ашигт малтмалаа зүгээр гаргаж байгаа. Зандкаа ярилцлагадаа өнгөрсөн жилийн өөрийнх нь нэрэмжит хорлонт хуулийн тухай нь асуухад “Одоо цөмөөрөө өнгөрснөө биш ирээдүйгээ харцгаая” гэсэн маш сайхан хариулт өгчээ. Зөвөө зөв, үүнийг л шинэчлэл гэхгүй юм бол өөр юуг шинэчлэл гэх вэ, таминь ээ! Хэдийгээр өөрөө шав тавигчдын нэг боловч Нямдорж өнөөдөр “Засгаас энэ мэдрэлийн өвчтэй, галзуу солиотнуудаа гарга” гэж уриалж байна. МАН шинэчлэгдэж байна, үнэхээр.

Саяхан сэтгүүлч Б.Цэнддоогийн “Намаа нам болгоно уу, “нам” болгоно уу, тэдний сонголт” гэсэн өгүүлэлд: …“Асуудлыг ингэж тавьдагт л энэ намын хамаг зовлон байгаа юм. Энэ зовлон их эртээс угшилтай. Хамаг бурууг “алдагдсан эрх мэдлээ санагалзагч феодал анги”, “империализмын тагнуул”, “хятадын гар бологч” гэхчлэнгийн бэлэн зэхээний хоосон дайсан руу чихдэг 70 жилийн уламжлалаа гээхгүй байгаа юм. “Нам угаасаа алдах нигуургүй бүтээгдсэн ба намын удирдагч ч мөнхийн зөв үйлдэл хийхээр програмчлагдсан” гэж итгэсээр ирсэн. Харин намд шургалсан баруунтан зүүнтэн нар намыг нь хорлон алдаад илэрсэн тухай түг түмэн жишээ МАХН-ын түүхнээ буй… Яг нарийндаа манай ууган намын хамаг алдаа, зовлонгийн эх чухам энэ “дайсан” эрдэг уламжлалд л байдаг. Өөрсдийгөө хэзээ ч алдаа гаргадаггүй, харин үе үе хорлогдож болдог организм мэтээр төсөөлдөгт байгаа. Хальтирч уналаа гэхэд хойшдоо сэрэмжтэй гишгихийн оронд хальтруулсан дайсныг олж тодруулан устгаад байвал ертөнц өөрөө халтиргаагүй болох аятай мэтээр боддогт л байгаа юм”… гэжээ.

Мөн Д.Батбаярын бичсэн “МАН мандтугай!” өгүүлэлд: …“2004 онд “Хүүхдийн 10 000” ярьж эхэлсэн АН түүнээс хойш МАН-ыг үргэлж “зүүн талаар” нь гүйцэж түрүүлэх гэсээр өдий хүрлээ. МАН ч зай тавьж өгөхгүй зүтгэсээр энэ боллоо. Улс төрийн нам гэдэг тодорхой зүйл рүү нийгмээ дагуулан чирж явдаг. Харин нийгмийн мэдээлэл багатай хэсгээс гарч байгаа үзэл санааг хэрэгжүүлээд эхэлбэл тэдэнтэйгээ хамт намагт суудгийн үлгэрийг одоо бид амсаж сууна. Гадаадын шулаачдыг зөрүүлээд өөрсдийг нь шулаад өгье, тэгээд хувааж идье гэдэг санаа манай өнөөгийн нийгэмд хавтгай бий. Яг үүгээр явбал улс төрийн намын хэрэг ч алга. Сонгогчидтойгоо жилийн хэд уулзахдаа мөнөөх зэрлэг популизмаар сонгогчдоосоо илүү цэнэглэгдэж ирээд төрийн бодлого тодорхойлж байна. Нэг үгэндээ том намууд улс төрийн хордлого авчихжээ. Харин улс төрийн лидерүүд нийгэм хаа хүрэхийг тодорхойлох учиртай. МАН-ын шинэчлэл ум сайн амгалан болтугай. Товчхондоо бол МАН мандтугай! Жич: АН-ын гадаад харилцаандаа ашигладаг нэрийг товчилбоос МАН болно”… гэсэн байна. Надад л лав нэмж хэлэх үг алга.

2013.8.16

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *