“Монголын медиа” корпорациас санаачлан зохион байгуулж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян орон даяар үргэлжилж байна. Энэхүү аянаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн ажлын тайланг иргэдээр үнэлүүлж байгаа. Гуравдугаар сарын 6-нд болсон анхны зөвлөлдөх хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлуудад иргэд дүн тавьсан бол энэ удаа “Монгол хэмээх нэгэн нэр…” гэсэн ерөнхий сэдвийн дор Ерөнхийлөгчийн “Монгол хэл, бичиг”, “Монгол өв уламжлал”, “Монголын түүх”, “Монгол судлалыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх”, “Монгол хүнээ дээдлэх, дэмжих” чиглэлээр хийсэн ажлуудыг олон нийт багцлан үнэлгээ өгөх юм байна.